Монголын мэргэжлийн боловсролыг дэмжиж буй Энэтхэгийн Засгийн газарт талархал илэрхийллээ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Жоелыг хүлээж авч уулзлаа.
Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд Энэтхэгийн Засгийн газраас чамлахааргүй тусламж дэмжлэг үзүүлж буй бөгөөд түүний томоохон жишээ нь Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж юм.
Энэтхэгийн төр нийгмийн зүтгэлтэн Ражив Гандийн нэрэмжит тус сургуульд Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сая ам.долларын санхүүжилт бүхий хоёр үе шаттай төсөл хэрэгжиж, үр дүнд нь тус сургуулийн сургалтын материаллаг бааз, сургалтын орчин сайжирч, сүүлийн үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ лаборатори, хичээлийн танхимтай болсон.
Мөн Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Энэтхэг улсад сургалтад хамруулж буйг ноён Рави Шанкер Жоел Хөдөлмөрийн сайдад танилцууллаа. Түүнчлэн төсөл хэрэгжих хугацаанд Монголын талаас хүлээсэн үүргээ биелүүлж сургуульд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдэж өгсөнд Г.Баярсайхан сайдад талархаж буйгаа илэрхийллээ.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Энэтхэг улсын Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдын зүгээс манай улсын мэргэжлийн боловсролын салбарт анхаарал тавьж буйд талархаж “Бид БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийг сайжруулан шинэчлэх төслийн талаар байнгын мэдээлэлтэй, үйл ажиллагаанд нь сэтгэл хангалуун байгаа.
Энэ бол бидний хамтдаа туулах алс хэтийн замын дөнгөж эхлэл нь гэж би харж байна.
Энэ бол бидний хамтдаа туулах алс хэтийн замын дөнгөж эхлэл нь гэж би харж байна. Олон монгол залуусыг ур чадвартай мэргэжилтэн болгоход тусалж дэмжиж буй Энэтхэг улсын Засгийн газарт, Энэтхэгийн ард түмэнд баярласан сэтгэлээ илэрхийлье” хэмээсэн юм.
Үйлдвэрлэл, урлалын политехник коллежид БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлж буй тоног төхөөрөмжийг Монголын талд албан ёсоор хүлээлгэн өгөх ажиллагаа энэ сарын 28-нд болох бөгөөд ингэснээр төслийн шугамаар байгуулсан шинэ анги танхим, лаборатори дадлагын газрыг монгол залууст мэргэжил эзэмшүүлэхэд ашиглаж эхлэх юм байна.