Хоёр намыг өнөөдрийн дотор асуудлаа шийд гэв
2012.04.19

Хоёр намыг өнөөдрийн дотор асуудлаа шийд гэв

УИХ-ын чуулганы 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн /Пүрэв гараг/ нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан 10 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Ингээд санал хураалтын дүнтэй холбодуулан гарах УИХ-ын тогтоолыг 74,5 хувийн саналаар гишүүд дэмжив.Үүний дараа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан боловч уг асуудлаар АН-ын бүлэг албан ёсны завсарлага авч байгааг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдэгдэв.

Тэрбээр тайлбартаа, одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар уншигдах гэж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүгд хууль зөрчигдөж хийгдсэн зүйл. Уржигдар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авсан байхад МАН-ын гишүүд үлдэж хуралдаад гаргасан зарчмын зөрүүтэй саналаар одоо энэ асуудал яригдах гэж байна. Асуудал чуулган дээр мухардалд ороод байгаа учраас асуудлыг цааш нь явуулахын тулд АН-ын бүлэг буулт хийсэн албан бичгийг МАН-ын бүлэгт албан ёсоор өгсөн.

Үүний дагуу МАН-ын бүлэг хуралдаж энэ асуудлаар албан ёсоор байр сууриа илэрхийлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Гэвч одоо хүртэл манай намын бүлэгт хариу ирүүлээгүй байна. Иймд бид МАН-ын албан ёсны байр суурийг авсны дараа дахиад яах вэ гэдгээ чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч бүлгүүдийн хооронд ч ярьж хэлэлцэх шаардлага байгаа. Нөгөөтэйгүүр энэ хуулийг хурдан хэлэлцэж гаргах цаг хугацааны болон зохион байгуулалтын бодит шаардлага байгаа. Яагаад гэвэл удахгүй хэдхэн хоногийн дараа УИХ-ын сонгуулийн товийг зарлана. Иймд Их Хурал дээрээ энэ хуулийг хэлэлцэж чадахгүй, эцэслэн шийдвэрлэж чадахгүй байдалтай байж болохгүй гэдгийг хаана хаанаа ойлгож байгаа байх. Хэрвээ үүнийг шийдэж чадахгүй бол одоо хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа дагуу явахаас өөр аргагүй болно гэлээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин хэлэхдээ, АН-ын бүлгээс дөрөвдүгээр сарын 16-ны өдөр манай бүлэгт бичиг өгсөн. Тэр нь аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт 6 дугаар сард явуулах, дараа нь сум, дүүргийн хурлын сонгуулийг намар явуулья гэсэн санал тавьсан байсан. Үүний хариуг 4 дүгээр сарын 20-ны дотор ирүүл гэсэн. Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлыг өмнө нь нэг бус удаа ярьсан.

Тухайлбал 3 дугаар сарын 6-нд ярихдаа ингэж нэг хэсгийг нь УИХ-ын сонгуультай хамт, нөгөөгий нь намар гэж салгах боломж байхгүй. Үндсэн хуулийн 59-ийн 3-р зүйл заалтыг зөрчинө. Энэ бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгууль болох гэж байна. Ингэхээр аймаг, нийслэлийнхэн том учраас ч гэдэг юмуу сум дүүргийнх нь бага учраас намар гэж хандах гээд байгаа юм шиг байдал олон нийтэд ойлгогдоно. Эсвэл ач холбогдлоор нь эрэмбэлэх гээд байгаа юм шиг ташаа ойлголт бий болно. Ерөөсөө зарчимтэй нийцэхгүй.

Тийм учраас хүлээж авах боломжгүй. Салгаж явуулахаас өөр зам харагдахгүй байна. Тэгэхдээ салгаж явуулна гээд хаяхгүй. Үндсэн хуулийн 4-р бүлэгт байгаа орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай холбоотой зарим асуудлаар 6-р сард УИХ-ын сонгуультай хамтаар ард нийтийн асуулгыг явуулья. Тэгээд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулья. Цогцоор нь шийдье гэсэн асуудлыг бүлгийн хурлаар өчигдөр гаргаж тавьсан. Үүнийг мэдэгдэж байна. АН-ын бүлэгт энэ тухай албан бичгээр өгнө гэв.УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, бидэнд асуудлыг ухрааж хойш тавих цаг байхгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид энэ асуудлаар маргалдаж маш их цагийг өнгөрөөлөө. Үүнд УИХ-ын гишүүд цөмөөрөө тал талаас нь дүгнэлт хийх хэрэгтэй. Иймд хоёр намын бүлэгт маргаад байгаа асуудлаа өнөөдрийн дотор шийдэх хугацаа байна. Хоёр нам энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бол УИХ-д бас хууль бий.

УИХ-ын гишүүд өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд аль ч намуудын эрх ашгийг биш өөр өөрийнхөө саналаар саналаа хураалгаад явуулж бай гэсэн ард түмний мандат, ард түмнээс өгсөн тэр эрхээ ашиглаад асуудлыг шийдэхэд хууль зөрчсөнд орохгүй. Иймд бид энэ хуулийн маргааны асуудлыг шийдэхийн тулд хоёр намын бүлэгт сүүлчийн ярилцах боломжийг олгож байна. Үүнээс өөр ухрах хойш тавих цаг байхгүй. Сонгууль явагдах тодорхой хугацаатай. Иймд одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж асуудлыг ярилцах хэрэгтэй гэснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.