Албан тушаалын төлөө бүлэг фракц болдгийг болимоор байна
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед “Шударга ёс” эвсэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, Өршөөлийн хуульд хамрагдах хүмүүсийн нэрийг зарлахыг шаардаж завсарлага авсан. Хоригийн хугацаа маргааш (өнөөдөр) дуусна. АТГ уг нэрсийг зарлах боломжтой, эсэх талаар хариу ирүүлсэн үү?
-Энэ хүмүүсийн нэрийг зарлах, зарлахгүйн тухай асуудал биш л дээ. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийг мэдээлэлтэй байлгах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж “Шударга ёс” эвсэл завсарлага авсан. Энэ шаардлагын дагуу мэдээлэл хүссэн албан бичиг АТГ руу явуулаад хариу хүлээж байна. Хариуг нь ирүүлж байгаа гэсэн. Хариу ирсний дараа хүний нэр усыг оролцуулахгүйгээр, ямар хэргээр хэчнээн хүн шалгагдаж байгаа талаар олон нийтэд мэдээлэл өгч болох байх.
-“Шударга ёс” эвслийнхэн хүмүүсийн нэрийг зарла гэсэн шаардлага тавьж байсан шүү дээ?
-Шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тоггоогоогүй байхад хэнийг ч гэм буруутан мэтээр зарлаж болохгүй л дээ. Нөгөө талаас, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хэргийг задлах хориотой.
-Ерөнхийлөгчийн хориг тавиад байгаа авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой зүйл, заалт яг хэдэн хүнд хамаатай юм бэ. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын даргын хувьд тодорхой мэдээлэл өгөөч?
-Ерөнхийлөгчийн хориг тавиад буй зүйл, заалтаар ял эдэлж байгаа 30-аад хүн, шалгагдаж байгаа 50-иад хүн бий. Шалгагдаж байгаа хүмүүсийн 36-37 нь албан тушаалын, арав гаруй нь авлигын хэрэгт холбогдсон.
УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталлаа гэх яриа гарсан. Нэр дурдагдсан хоёр гишүүн өөрсдөө Байнгын хорооны хуралд тайлбар хийсэн.
-УИХ дахь намын бүл- гүүд, гишүүдийн байр суурийг харахад Ерөнхийлөгчийн хориг дэмжигдэх шинжтэй. Хориг дэмжигдвэл хуулийн үйлчлэл зогсоно гэж тайлбарлаж байна. Гэтэл нийгэмд хүлээлт үүсчихээд байгаа?
-Өршөөлийн хууль хэрэгжээд явж байгаа. Уг хуульд 100- гаад мянган хүн хамрагдана. Монгол Улс 700 мянга гаруй өрхтэй. Тэгэхээр долоон айл тутмын нэгд нь Өршөөлийн хууль хүрч байгаа гэсэн үг. 80 гаруй мянган хүн жолооны эрхээ сэргээлгэж, 6-7 мянган хүн тэнсэн харгалзах ялаас чөлөөлөгдөж байгаа. Биеэр ял эдэлж байгаа хүмүүсийн тухайд түдгэлзсэн байдалтай байна.
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны гурван жил гаруй нь өнгөрлөө. Энэ бол мөрийн хөтөлбөрийн биелэлтээ дүгнэх, хийсэн ажилдаа үнэлэлт өгөхөд боломжийн хугацаа?
-Бүрэн эрхийн хугацааны 80 хувь нь өнгөрчихлөө. Эргээд харахад нэлээд хэдэн ажил амжуулсан байна. 2012 оны сонгуулиар баянхонгорчууд АН-ыг сонгосон. УИХ-д Х.Баттулга гишүүн бид хоёрыг дэмжиж, орон нутгийн сонгуульд АН ялсан. Бид гар, сэтгэл нийлж ажиллаж
байгаагийн ачаар олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, аймгийн өнгө төрх эрс өөрчлөгдсөнийг хол, ойрын хүмүүс хэлж байна.
Засгийн газраас гаргасан орон нутгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Шинэ сум” төслийг Баянхонгор аймагт анх хэрэгжүүлж, Бууцагаан, Баянлиг жишиг сум болсон. XXI зуун гарчихаад байхад гурван сум саяхныг хүртэл төвийн эрчим хүчинд холбогдоогүй, харанхуй байсан. Энэ талаар нэлээд хэл ам хийж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг газар дээр нь аваачиж үзүүлж, УИХ-ын чуулганы үеэр Эрчим хүчний сайдад хатуу үг хэлж, янз янзаар үзсэний хүчинд бүх сумыг гэрэл цахилгаантай болгох асуудлыг шийдсэн. Аймгийн төвийг нийслэлтэй холбох автозамын ажил бас олон жил сунжирч байсныг гүйцээлээ. Цөөнгүй цэцэрлэг, сургууль барьсан. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 50-60 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг байсан бол одоо 80 гаруй хувь нь хамрагддаг болсон гээд яриад байвал өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймаг орны амьдралд өөрчлөгдсөн зүйл их.
-Анхны чөлөөт сонгууль, байнгын ажиллагаатай пар- ламентын 25 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Үүнтэй зэрэгцээд ардчиллаас цөөхөн хэдэн хүн л хожсон гэсэн яриа гарч байна. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?
-Ардчилал гэдэг хүмүүст боломж олгодог болохоос бүх хүний амьдралыг сайхан болгож өгнө гэсэн үг биш. Бид хүрье гэсэн төвшиндөө хүрээгүй, ардчилалд суралцаж л байна. Өнөөгийн амьдралаа 25 жилийн өмнөхтэй харьцуулж харах хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ, хоёрдугаар гурил иддэг хүнгүй болж, нэгдүгээр гурил, дээд гурил идсэнээс олон хүн чихрийн шижинтэй боллоо гэж байнга ярьж байна шүү дээ. Тэр үетэй харьцуулбал нэг хүнд ногдох ДНБ 10 дахин өссөн. Гаднаа унаагүй, гадаадад явж үзээгүй хүн цөөн болсон. Гадаадад суралцаж буй оюутны тоог хүн амдаа харьцуулж үзвэл манай улс Азид дээгүүрт орно. Болж байна гэсэн нүдээр харвал ийм байна. Болохгүй, бүтэхгүйг нь харвал бас бий л дээ. Цаашид шийдэгдээд, цэгцрээд явах байх.
-Та УИХ-ын шинэ үеийн төлөөлөл. Засаж өөрчилмөөр зүйл харагдах юм уу?
-Ашиг сонирхол, албан тушаалын төлөө бүлэглэдэг, фракц болдгийг л болимоор санагдах юм. Үзэл бодлоороо нэгдэж, олон ургальч үзэл уралдуулах бол эрүүл үзэгдэл л дээ.
-Фракц гэснээс АН фракцгүй болно гэж намын дарга тань зарласан. Гэтэл фракцууд нь ил, далд хүчтэй байсаар байгааг юу гэж үзэж байна вэ?
-Нам дотор фракцаар хуваагдаж, нэгнийхээ хийх гэж байгаа ажилд намынх нь нөхөд саад хийдэг байсан. Үүнийг больё, нам нэг цул байх ёстой гэж намын дарга зарласан. Үүнтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ зүгээр нэг зарласнаар фракцгүй болчихгүй л юм шиг байна. Жишээ нь, би МоАХ- ных. МоАХ-ны үзэл баримтлал миний дотор хэзээд байна. МоАХ-ны үзэл баримтлал бол ардчиллын суурь үзэл санаа. Үүнийг тойроод АН нэг цул болох байлгүй. Аливаа асуудалд үзэл бодлоо уралдуулах бол байх ёстой эрүүл үзэгдэл гэж дээр хэлсэн. Өөр үзэл бодолтой, зөрүүтэй байр суурьтай байж болно. Тал талаас нь ярилцаад асуудлаа шийдээд явбал энэ эрүүл, зөв үзэгдэл. Харин асуудлаа гацаагаад, тал тийшээ харж суугаад байвал буруудна.