Ховдын бренд хотынхныг баярлууллаа
Хязгаар нутгийнхан хотынхонд ойртжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховдын бүтээгдэхүүнээр хотынхон “амьсгалав”.
Нэлээд хэдэн жилийн өмнө энэ нутгийнхан ихэд хол санагдаж Ховдын тарвас, шар төмсийн амт сайхныг сонсч байсан бол өнөөдөр эдгээр бүтээгдэхүүнийг шууд худалдаж авахад бэлэн болжээ. Тус аймгийнхан энэ удаа “ Ховдод үйлдвэрлэв” төвөөрөө дамжуулан үндэсний брэнд болсон бүтээгдэхүүнээ авчраад байгаа нь энэ. Улаанбаатар хотоос 1500 км-ийн зайд орших Ховд нутаг сүүлийн жилүүдэд эрс хөгжсөн гэдэг нь үндэсний үйлдвэрлэл ихээхэн өсч байгаагаас харж болно.
Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “Сүүлийн жилүүдэд манай аймагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Энэ оны байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ийм сайн үзүүлэлтгэй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, аймгийн хэмжээнд аймаг, сумын удирдлагууд аймгаа хөгжүүлэхэд олон зүйлийг санаачлан ажиллаж байгаа. Хоёрдугаарт, аймгийн иргэдийн хөдөлмөрч, хичээнгүй, аливаа бэрхшээлээс шантардаггүй, дайчин чанар нөлөөлсөн. Ялангуяа дэлхийд байхгүй өв соёл, зан заншил, нүүдэлчин түмний өвийг өдий хүртэл хадгалан үлдэж байгаа нь манай нутгийнхны үр хойч үедээ үлдээж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг зориуд онцлон хэлмээр байна.
Эдгээр хүмүүсийн урам зоригийг сэргээхийн тулд энэхүү Ховдын өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгөөр үнэлж болдог зүйл гэж байхад үнэлж болдоггүй зүйл гэж бий. Үүний нэг нь дэлхийд гайхагдах монгол өв соёл. Энэ соёлоо сурталчлах нь манай нутгийнхны үүрэг. Нөгөө талаар хөдөө орон нутагт амьдрал хүнд хэцүү гэдэг ойлголт алга болсон. Болж байна, бүтэж байна гэсэн сэтгэлгээг хөгжүүлж байгаа нь аймгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагийн жишээ.
Ховд аймгийг сурталчлах өдөрлөгийн хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олноор хүрэлцэн ирж, Ховдын брэндийг сурталчлан таниулж байгаа нь аймгийн хөгжлийн түлхүүрийг иргэд атгаж байгаагийн нэг илрэл юм” гэж байв.Тус аймгийнхан сүүлийн жилүүдэд баялаг бүтээхийг эрмэлзэж үүнийгээ дагаад иргэдийн амьдралд өөрчлөлт орж эдийн засгийн чадавх сайжирсан гэдэгтээ санал нийлж байсан юм. Энэ нь ч өдөрлөгийн үеэр ажиглагдаж байлаа.
Ховдын тарвас, шар төмс хэдхэн цагийн дотор зарагдлаа, холоос зорьж ирсэн бид олз омогтой буцах нь хэмээн хүнс үйлдвэрлэгчид ам булаалдан ярьж байлаа. Ховд өнөөдөр ямар ямар брэнд бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа талаар Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ч.Уранчимэг “Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд их нэмэгдсэн. Тухайлбал, Цэцэг сумын Сутай цай, Алтай Булган сумын зөгийн бал, Дарви, Дөргөний гурил, Дөргөний нуурын улаан давс, ОХУ-д үйлдвэрлэдэг байсан модон тавга, молоко зэргийг бид үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй хоёр хөршдөө худалдаж байна. Үүнээс гадна эсгийний сүг зургийг жуулчид ихээхэн сонирхдог.
Манай аймгийн “ Таван бадрал” компанийн захирал Б.Тогтохбаярын урласан эсгийний сүг зураг 30 сая төгрөгөөр зарагдахаар болоод байна. Энэ эсгий сүг зургийн эсгийг Ноён уулын булшнаас олсон. Цэвэр монгол эсгийгээр нөхөн сэргээж, дээсийг нь үхрийн хөөвөр, ширмэлүүдээр битүү ширж гараар оёсон. Мөн эсгийний сүг зургандаа зэс, мөнгөн эдлэл шигггэн өгсөн нь улам их үнэ цэн дагуулж дэлхийд гайхагдах ховор бүтээлийн нэг болсон. Мөн Д.Тогтохбаяр захирал хүннүгийн үеийн гэрийг урлаад байгаа” гэсэн юм.
Үүнээс гадна тус аймгийнхан нутгийнхаа онцлогийг харуулсан уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзмэрийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Иргэдийн хүсэн хүлээсэн Хөгжимт драмын театрын бүтээл “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжиг, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн Алтайн эгшиглэнт тоглолт, Ардын авъяастнуудын Цаст Алтайн домог тоглолтууд нь яах аргагүй олон угсааны өлгий нутгийн бахархал омогшлыг дагуулж байлаа. Ховд аймаг нь Монгол Улсын 21 аймгаас ялгарах өв соёл, хамгийн олон үндэстэн угсаатны түүх уламжлал, ажамьдрал, байгаль хайрхан уулс, мал аж ахуй, газар тариалан, амьтан ургамал, байгалийн үзэсгэлэнг онгоноор нь хадгалан үлдээж байгаа нь энэхүү өдөрлөгийн үеэр харагдав.