УИХ-ын гишүүн Н.Энхболд
2012.08.31
Н.Энхболд: ”Ардын намыг бүлгээр ажиллахыг хааж байна”
УИХ-ын гишүүн Н.Энхболдоос дараах тодруулгыг хийлээ.
-МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд МАН-ыг бүлэгтэй болгох хуулийн төслийг багтаана” гэж УИХ-ын дарга хэлсэн атлаа дараа нь буцчихлаа гэх маягтай үгийг өнөөдрийн /өчигдөр/чуулганы хуралдаанд хэллээ. Яагаад УИХ-ын дарга хэлснээсээ буцсан юм бол... Мөн чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа, хууль батлагдсанаар танай гишүүд хугацаагүй завсарлага авах боломжгүй болно. Энэ бүхэн нь хоорондоо уялдаатай үйл явдал гэж үзэж болох уу?
-Болж буй үйл явцыг ажиглахаар хоорондоо уялдаатай л болж харагдаад байгаа яалт ч үгүй. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон МАН-ын гишүүд бүлгээ байгуулж албан ёсоор байр сууриа илэрхийлж, сонгогчдынхоо нэрийн өмнөөс УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх, боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг тусгая гэхээр тэр бүх боломжуудыг зориуд хааж байна. Ээлжит бус чуулганыг нээхийн өмнөх өдөр Ө.Энхтүвшин дарга УИХ-ын даргатай уулзахад “Бүлэг байгуулах хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын дотор оруулж өгнө” гэж хэлсэн байдаг. Энэ асуудлыг Ө.Энхтүвшин дарга эргээд бүлэгт мэдээлэх гээд явж байх хооронд “УИХ-ын Даргын зөвлөл олонхиороо ингэж шийдлээ” гээд хасчихаж байгаа нь олонхийг бүрдүүлж байгаа хэсэгт сөрөг хүчингүй байх өөрөөр хэлбэл манай намыг бүлэггүй байлгах сонирхол байна гэж давхар харж байна.
Одоо Цэц асуудалд улс төржихгүйгээр хуулийн дагуу шийднэ гэдэгт итгэхээс өөр аргагүй.
Хуулиараа бол чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал, дараалал, цаг хугацаа, ялангуяа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга гаргах хуулийн заалттай, тиймээс энэ бол хүсэл эрмэлзлийн л асуудал. Даргын дэргэдэх зөвлөл бол УИХ-ын даргад зөвлөх л үүрэгтэй, юуг нь авч, юуг нь оруулах вэ гэдэг нь УИХ-ын даргын эрхийн асуудал. Тэгэхээр Ардын намыг албан ёсоор бүлгийн байр сууринаас ажиллах боломжийг нь хааж байгаад завсарлагатай холбоотой хуулийн заалт, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, өөрийнхөө ажлыг зохион байгуулдаг дэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөвхөн Ардчилсан намд ашигтай болгож байгаад цааш үргэлжлүүлээд явах санаархал байна гэж одоо харж байна. Ийм ч учраас намын дарга бүлэг байгуулах асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Одоо Цэц асуудалд улс төржихгүйгээр хуулийн дагуу шийднэ гэдэгт итгэхээс өөр аргагүй.
-Бүлэг байгуулах асуудал хүндрэх төлөвтэй боллоо. Өнөөдөр /өчигдөр/ л гэхэд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар дээрх асуудлаас болж барилцаж авлаа. Г.Баярсайхан гишүүний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан гэдэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандана” гэдгээ мэдэгдсэн. Гол буруутай хүн нь хэн гэж та бодож байгаа вэ?
-У.Хүрэлсүх гишүүний хоолой улайчихсан, цамцных нь товч уначихсан явж байна лээ. Болсон процесс гэвэл У.Хүрэлсүх гишүүнийг УИХ-ын даргад хандан үг хэлж байхад Ардчилсан намын зарим гишүүд хажуунаас орж ирж, үг хэлээр доромжилсон. Би санаж байна, чуулганы хуралдаан дээр Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүхэд хандан “Чи шоронд сууж байх ёстой хүн, энд юу хийгээд явж байгаа юм” гэж хашгирсан. Ингэж бие биедээ хандаж болохгүй, хэрвээ надад хандаж ийм үг хэлбэл миний ч уур хүрнэ. Бичлэг үзэхэд Г.Баярсайхан гишүүн эхэлж заамдаж аваад чирсэн, хоолойг нь боосон байна лээ. Уг нь эр хүмүүс учир зүйгээ олъё гэж чуулганы танхимаас гарсан байх.-УИХ-ын гишүүний баримтлах ёс зүй гэж байна биз?
-Байлгүй яах вэ, сая болсон зүйл нь УИХ-ын гишүүдийн өөрийнх нь биеэ авч яваа байдалтай л холбоотой асуудал. УИХ-ын дэгийн тухай хуульд бие биедээ хүндэтгэлтэй хандах, үг хэлээр доромжлохгүй байх, нэр хүндэд нь халдахгүй байх гээд хүлээх үүрэг бий л дээ.-Танай нам нэгд УИХ-ын даргын томилгоо хууль зөрчсөн, хоёрт нь бүлэгтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байна. Цаашид цэцийн шийдвэрийг хараад суух уу, эсвэл бүлэгтэй болохын тулд өөр арга зам хайх уу?
-Хуулийн дагуу л ажиллах шаардлага тавина, өөр яах билээ. Хурлынхаа ажиллагаанд ордгоороо ороод оролцоод явна, саналаа өгдөг газраа өгнө. Төрийн ажил саатах ёс байхгүй гэж бодож байна. Цэцийн хувьд эхэлж өгсөн асуудлыг одоо болтол шийдээгүй байна, магадгүй Цэц ажлаа хийж байна уу үгүй юу гэдэг асуудлыг эргэж тавих ч юм билүү. Ингэж удаад байвал, улайм цайм хууль зөрчсөн үйлдэл болоод байхад огт болоогүй юм шиг хандах нь зохисгүй шүү дээ. Нийт сонгогчдын 40 гаруй хувийн төлөөллийг МАН-ын гишүүд төлөөлж байгаа гэдгийг олонхийн бүлэг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Парламент ёсны хамгийн сонгодог хэлбэр бол олонхи цөөнхөө хүндэтгэх явдал юм.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.