МАН-ын бүлэг өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжжээ
Өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа болсон МАН-ын бүлгийн хуралд бүлгийн 21 гишүүн оролцсон байна.
Тэд Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүлгийн хурлаар 100 хувийн саналаар дэмжсэн гэдгээ хэллээ.
Бүлгийн гишүүд "Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй. Намрын чуулган руу хойшлуулах шаардлагагүй. Учир нь Өршөөлийн хуулийг санамсар болгоомжгүйгээс анх удаа шийтгүүлсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмадууд хүлээж байна. Энэ хүмүүсээ Монголын төр өршөөж, хүнлэг энэрэнгүй хандах нь зөв. Өршөөлд зайлшгүй хамрагдах ёстой хүмүүсийг хамруулъя гэсэн байр суурьтай байна" гэв.
Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлын хувьд бусад бүлгүүдийн байр суурийг харгалзана гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ давхар дээлтэй буюу УИХ гишүүн Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэсэн байр сууриа бид баримтална гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Түүнчлэн ээлжит бус чуулганыг зарласнаар хууль зөрчсөн эсэх асуудал үүсч байна. Үндсэн хуулийн 27-р зүйлд УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүдийн шаардсанаар эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно гэж заасан. Гэтэл УИХ-ын дэд дарга чуулган хуралдуулах захирамж гаргаж, чуулганыг нээж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй. Гэхдээ бид хуралд оролцсон. Цаашдаа ийм жишиг тогтох вий гэж болгоомжилж байна гэв.
Өршөөлийн хуулийг сүүлийн үед улс төрийн өнцгөөс тайлбарлах гэж оролдож байна. Гэвч Өршөөлийн хуулийг ямар нэг улс төрийн хүчинд, хэн нэгэнд зориулж гардаггүй гэдгийг ч онцлов.