2009.02.06

Н.Энхболд: Түр үнэмлэх авсан хүмүүс хуралдаад шийдвэр гаргаад байдаггүй

УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын 76 дахь гишүүний асуудал шийдэгдэхгүй улам л сунжрах төлөвтэй. УИХ энэ асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?

-Энэ бол ганц нэг хүчин зүйлээс шалтгаалах асуудал биш учраас холбогдох байгууллагууд шат шатандаа идэвхийлэх, санаа тавих шаардлага байгаа. УИХ-ын хувьд сонгуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх ёс байхгүй. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс СЕХ-нд асуудлыг хурдан шийдэх, УИХ-ын бүрэлдэхүүнийг бүрэн бүтэн болгох шаардлагын талаар байр сууриа албан ёсоор илэрхийлсэн.

-С.Эрдэнэд тойргийн хорооноос түр үнэмлэх өгсөн умраас УИХ-ын гишүүний статустай гэж АН-ынхан тайлбарлаж  байгаа. Энэ талаар юу хэлэх вэ. Хууль зүйн хувьд ийм байх үндэслэлтэй юу?

-Түр үнэмлэхийг  тухайн үеийн санал тооллогоор  олонхын санал авлаа гэснийг тодорхойлсон  баримт гэж ойлгож байгаа.Түр үнэмлэх авсан хүмүүс хуралдаад, шийдвэр гаргаад байдаггүйг бид сайн мэднэ. Зөвхөн холбогдох хууль, асуудал, дунд шийдэх дарааллын дагуу эрх нь баталгаажсан гишүүдээс УИХ бүрэлдэж, үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж эхэлдэг. Энд нэг логик байгаа биз. 25 дугаар тойрогтой холбогдсон маргааны талаар СЕХ-ны шинэ удирдлага байр сууриа тодорхой илэрхийлсэн байна лээ. СЕХ хуулийн дагуу ажиллаж байгаа гэж ойлгож байна.

-С.Эрдэнийн асуудлаас болж хамтарсан Засгийн газарт сэв суух вий гэсэн болгоомжлол байгаа. АН-ын бүлгээс  С.Эрдэнэд холбогдох асуудлаар УИХ-ын удирдлагад ямар нэгэн байдлаар, албан, албан бус маягаар хандсан уу?

-Нэг хүн байтугай нэг хэсэг хүн, нэг намын эрх ашгийг хойш нь тавья, нийтлэг эрх ашиг, улс орноо бодъё гэж хамтарсан Засгийн газрыг байгуулсан юм шүү дээ. Аль аль нь энэ зарчмаа тууштай баримтлах байлгүй дээ. Учир нь энэ бол түр зуурын тохиролцоо биш, Монгол Улсын эрх ашгийн үүднээс цаашдаа ч баримтлах үзэл баримтлал гэж би боддог. Миний мэдэхээр одоогоор АН-ын бүлгээс УИХ-д хандаж тавьсан зүйл алга.

-УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын дундуур хийхээр урьдчилсан чиглэл гарсан. Бэлтгэл ажил хийгдэж байна уу?

-Одоогоор хурлын тов тогтоогүй байна. Бидний хүлээж байгаагаар Засгийн газраас Оюутолгойн гэрээний төсөл, санхүү, эдийн засгийн хямралыг давж туулах талаарх Засгийн газрын санал, амжвал 2009 оны төсвийн тодотгол хийх асуудлуудыг оруулж ирнэ. Өнөөдрийн байдлаар Засгийн газар аль алиныг нь өргөн бариагүй байна. УИХ-ын зүгээс өөрөө санаачлаад ээлжит бус чуулган хуралдуулах асуудал байхгүй, ирэх долоо хоногоос Засгийн газар асуудлаа оруулж ирнэ гэж хүлээж байна. Асуудал нэгэнт орж ирээгүй учраас тодорхой асуудал тойрсон бэлтгэл хийгдээгүй, ажлын хэсэг, байнгын хороод төлөвлөсөн ажлаа хийгээд явж байна.

-УИХ-ын гишүүд хаагуур явна вэ?

-Нэлээд хэсэг нь тойрогтоо ажиллаж байна. Зарим нь гадаадад томилолттой. Үлдсэн хэсэг нь дараагийн чуулганаар хэлэлцэх хуулиудын ажлын хэсэгт ажиллаж байна. Чуулган завсарлахаар биднийг амарсан гэж боддог. Амраагүй, ажлаа хийж байгаа. Байнгын хороод төлөвлөсний дагуу холбогдох байгууллагууд дээр хуулийн хэрэгжилт, ажлын явц, байдалтай танилцаж байна.

-УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй, хууль санаачлахгүй, нэг ёсондоо ажлаа хийхгүй байлаа ч хариуцлага тооцох механизм байдаггүй гэсэн шүүмжлэл их байдаг. УИХ-ын гишүүдийг бусдын адил ажлыг нь хийлгэдэг байлгах ямар механизмтай болмоор юм бэ?

-Тухайн улсын бүх иргэн тойрч суугаад асуудлаа шийдэх боломжгүй нь эрт, эдүгээгийн түүх, амьдралаар нотлогдсон болохоор төлөөллийн ардчиллын механизм бол хүн төрөлхтний бодож олсон хамгийн боловсронгуй тогтолцоо. Энэ талаас нь харвал УИХ-ын гишүүнийг сонгосон хойноо ажлыг нь хийлгэх тухай ярьснаас сонголтоо зөв хийхэд дутуугүй ач холбогдол өгч ярих ёстой юм. Нийгмийн амьдрал амьд харилцаа учраас нэг юмыг нөгөөгөөс нь шууд салгаж аваад шийдвэрлэх нь учир дутагдалтай. Нэгэнт сонгогдсон хойно нь бид сайндаа шаардана, ирц бүртгэнэ, сонгогчдод нь Та бүхний сонгосон энэ хүн хуралдаа тэд хоног суугаагүй байна гэх мэтээр мэдээлнэ. Жижиг : ч гэсэн энэ арга бас гишүүдэд хүрдэг юмаа. Тэдний өдөр би чөлөөтэй байсан шүү, таслаагүй ялга гишүүдэд боловсронгуй болгох замаар өөр арга механизмыг эрэлхийлж байна. Ёс зүйн асуудал ч бас тодорхой хэмжээгээр холбогдох учиртай. Олон мянган хүний итгэлийг хүлээж төрийн түшээ болчхоод ажлаа хийхгүй бол ямар нэгэн зэмлэл хүртэж л байх ёстой.

-УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Удаан ярьсан энэ төслийг ирэх хаврын чуулганаар батлах уу?

-УИХ-ын гишүүд, УИХ-аас томилогддог байгууллагуудын удирдлагын ёс зүйн дүрэм, Ёс зүйн дэд хорооны ажлын дүрмийг хамт гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна. Нийгмийн харилцаа хуулиас гадна бичигдээгүй ёс зүй, нийтээр дагаж мөрддөг, хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээгээр зохицуулагддаг.

Ёс зүй гэдэг зөв, бурууг дүгнэх хувь хүн бүрийн ойлголт, үзэл бодолтой холбоотой учраас энэ талаар хууль гарна гэсэн ойлголт бараг байдаггүй, журам, кодоор олонх оронд зохицуулдаг. УИХ-ын бүрэлдэхүүнд орсон бүх намуудын төлөөлөл, бие даагчид хамтраад энэ төслийг нэлээд чамбай боловсруулсан. Ёс зүй гэдэг энгийнээр буруу юм хийхгүй байхыг л өөрийн дотоод итгэл үнэмшилдээ байнга сахиж байх гэсэн үг. Түүнээс бус хэн нэгнийг дагаж, хянаад л ёс зүйн зөрчил гаргавал шийтгэдэг байх тухай асуудал биш.

-Ёс зүйн дэд хороо өмнө нь байсан. Журамгүй үйл ажиллагаа явуулж байсан хэрэг үү?

-Журам байсан. Гэхдээ энэ дэд хороо хуралдаж, хэн нэгний ёс зүйн асуудлыг хэлэлцэж байсангүй., Дүрэм, журмаа батлаад сайн ажиллуулах бодол бий. Гэхдээ дахин хэлэхэд хороо нь гишүүдийнхээ араас хяналт тавих асуудал биш. Юуны өмнө ёс зүйн алдаа гаргахаас нь урьдчилан сэргийлэх, зөвлөхийг чухалчилсан. Тухайн албан тушаалтан өөрөө өөртөө хяналт тавиад, эргэлзэж байгааг юм байвал хороотойгоо зөвлөх маягаар ажиллах ёстой гэсэн агуулгаар дүрэм, журмыг боловсруулах байна. Тухайн гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хороо хэлэлцэнэ. Зөвлөмж, сануулга өгнө, донгодно. Цалинг бууруулна. Үндэслэл байна гэж үзвэл огцруулах асуудлыг оруулна. Гэхдээ энэ бол зөвхөн төсөлд тусгасан саналууд, УИХ эцэслэн шийднэ.

-Хямралыг хохирол багатай гэтлэн давах хариуцлагын ачаа мэдээж Засгийн газар бууна. Таны бодлоор УИХ үүнд ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой  вэ?

-Ийм үед гол ачаа мэдээж Засгийн газрын нуруун дээр буудаг. Юуны өмнө үүрэг, хариуцлага ялгаа зааг их тодорхой байх ёстой. УИХ, Засгийн газар юу хийхийг их тодорхой болгоод түүнд бодитой хяналт тавьж, Засгийн газрын өдөр тутмын ажилд нь хутгалдахгүй, бололцоо хэрээр дэмжиж ажиллах нь Их хурлын гол үүр байх болов уу. Тэгэхгүй бол алдаа, оноо, амжиж гарвал эзэн нь тодорхой биш болчихдог практик бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.