УИХ-ын дарга З.Энхболд БНАСАУ-ын Дээд боловсролын сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад айлчилж байгаа БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны гишүүн, Дээд боловсролын сайд Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.05/ хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНАСАУ-ын Дээд боловсролын сайд тэргүүтэй олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг ерөөв.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л талаар хөгжиж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд монголын тал харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг дурдав. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр хэмжээний харилцан айлчлалууд нэмэгдэж байгаа,тухайлахад БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок-ын 2012 онд Монгол Улсад хийсэн айлчлал, 2013 онд болсон Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, 2014 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Солонгосын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдоржийн БНАСАУ-д хийсэн айлчлалууд ач холбогдолтой болсныг онцлохын сацуу хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага болон найрамдлын бүлгүүдийн хоорондын хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Мөн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс чухал үүрэгтэй бүтэц гэж үздэгээ онцлоод өнгөрсөн хуралдаанаар тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгох, улмаар энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулах 10 дугаар хуралдааныг үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс, БНАСАУ хооронд эдийн засаг худалдаа, аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд сэргэж байгааг дурдаад цаашид бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын хууль тогтоох байгууллага, төр засгаас дэмжиж ажиллахыг санал болголоо.
Ноён Тэ Хён Чел Монгол Улсад айлчлах боломж олгож цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь Монгол Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд “Олон жилийн түүхтэй хоёр орны найрамдалт харилцааг улам хөгжүүлэх нь манай нам, Засгийн газрын байр суурь юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал, түүнчлэн парламент хоорондын айлчлал, уулзалтууд олонтаа болж байгаа нь уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэлээ. Өнгөрсөн хугацаанд бүх талаар дэмжиж ирсэнд нь Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлээд хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, хоёр орон газар зүйн байршил, байгалийн нөөц баялгийн давуу талдаа түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаа, түүнчлэн БНАСАУ-ын эдийн засгийн чөлөөт бүсэд хамтран ажиллах боломжтойг тэрбээр хэллээ.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан "Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх санаачилгын хүрээнд бүс нутагт яриа хэлцээний механизм болох “Улаанбаатарын яриа хэлэлцээ” байгуулсан. Тус яриа хэлцээ нь бүс нутгийн улс төр, эдийн засаг, байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр болно гэж үздэг. Манай саналыг БНАСАУ дэмжиж байдагт талархал илэрхийлж цаашид энэхүү яриа хэлэлцээний хүрээнд солонгосын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг хэлэв. Мөн БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок нарт Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээгуламжлахыг хүсээд ирэх онд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад найрсаг харилцаатай Солонгос улсыг дээд, өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.