Монголын олон (шог найруулал)
2015.07.29

Монголын олон (шог найруулал)

Иван, Жорж, Ли хэмээх гурван найз Дорж хэмээх монгол найзындаа зочилсон тухай өгүүлье. Иван туйлын хот Мурманскт, Ли Хятадын өмнөд нутагт, харин Жорж Атлантын далайн цаад эргээр амьдардаг аж. Дорж яаж яваад тэдэнтэй танилцдаг байнаа гэж уншигч та гайхаж магад. Дорж хэдэн жилийн өмнө Facebook-тэй болсноос хойш НҮБ-ын бүх гишүүн орнуудад найзтай болох том зорилт тавьжээ. Саяхан монголчууд 3 сая дахь иргэнээ хүлээж авсан тэр өдөр Дорж 3 сая Facebook-ийн найзтай болжээ. Харин Иван, Жорж, Ли гурав бол түүний цахим ертөнцийн хагацаж салшгүй хамууд аж.

Дорж энэ жил алийн болгон дотны найзуудтайгаа дэлгэцний цаанаас харилцах вэ гэж бодоод гурван найзаа Азийн гялалзсан цагаан дагина Улаанбаатар хотдоо урихаар шийджээ. Уг нь Жорж өнгөрсөн өвөл Доржийнд зочлох гэсэн боловч нисэж ирсэн онгоц нь Монголын нийслэлийг олж чадалгүй аргагүйн эрхэнд буцсан учир зуны дэлгэр цагт ирэхээр болсон байна.

Ингээд дөрвөн найз дөрвөн өдөр дөрвөн шөнө Facebook-ээр хэлэлцсэний эцэст аяллын төлөвлөгөө боловсруулав. Дорж гурван найздаа нэг нэгэн зүйл амлав. Ли-г Монголд ирэхээр барилгын том бизнесмен болгохоор тохирч, Жоржид Таван толгой, Оюутолгойгоос хувьцаа авч өгнө хэмээн ам гарч, харин Иванд Монголын зүүн хязгаараас өвөөгийнх нь шарилыг хайж олохоор болжээ.

Иван, Ли хоёр галт тэргээр тус бүр долоон өдөр, долоон шөнө явж, Жорж долоон улсаар дамжин нисч эцэст нь Монголд газардав. Эхлээд Жорж Монголд бүх юм Чингис гэдэг нэртэй гэж бодлоо. Дорж түүнийг Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаад таксинд суулгаад явахдаа Чингисийн өргөн чөлөөнд таван цаг түгжирч байж Чингис зочид буудалд буув. Жорж чингис хивс дэвссэн тансаг өрөөнд тухлан Доржийн гаргасан чингис архийг зооглов. Орой нь хоёулаа Чингисийн талбайгаар зугаалж, Чингисийн хөшөөний өмнө дурсгалын зураг татуулав. Мөн Чингисийн цогцолбор аяллын төлөвлөгөөнд оржээ.

Буудалд ирэх замдаа Жорж бас нэг зүйл анзаарсан нь замын хөдөлгөөн байв. Яагаад ийм сонин замын хөдөлгөөнтэй байдаг тухай Доржоос асуухад нөгөөдөх нь монголчууд бол глобалчлалын нөхцөлд нүүдэлчин соёлоо маш сайн хадгалж үлдсэн үндэстэн гэдгийг онцлоод Монгол нь бэлчээрийн мал аж ахуйтай учраас соёлынхоо энэхүү үнэт зүйлийг хотынхоо зам дээр хүртэл хадгалж үлдсэн юм гэж тайлбарлав.

Маргааш нь тэд Иван, Ли хоёрыг тосохоор галт тэрэгний буудал руу явав. Галт тэрэг хүлээх зуураа бас л Чингис нэртэй кафед орж чингис шар айраг ганц бакаалыг шимэв. Жоржийн нүдэнд Монгол нь ардчилсан биш, чингисжсэн орон болох нь тодорхой болов. Ер нь улсаа Чингис гээд нэрлэчихвэл яасан юм гэж Доржид хэлэхэд цаадах нь “сайхан санаа байна” хэмээн шүүрэн авч дараагийн сонгуулиар Их хурлын гишүүн болох нагац ахаараа энэ саналаар хуулийн төсөл бичүүлнэ гэж амлав. Тэртэй тэргүй монголчууд гадныханд юу ч амласан амлалтандаа нэг ч үгийн засваргүй 100 хувь хүрдэг учраас Доржийн хэлсэн үг хууль л гэсэн үг.

Энэ зуур Иван, Ли хоёрын суусан галт тэрэгнүүд нэгэн зэрэг ирж найзууд халуун дотноор тэврэлдэн уулзав. Тулаад хартал Ли Facebook-т тавьсан зурагнаасаа илүү тарган бөгөөд намхан, Иван илүү туранхай бөгөөд өндөр ажээ.

Хэн нь хаана хоноглох тухай ярилцав. Доллар ихтэй Жорж том буудалд буусан бол Ли хятад зангаа гаргаж илүү хямдхан, болж өгвөл түр буудаллаж усанд орох буудалд очихыг хүсэв. Төөрсөөр төрөлдөө гэгчээр Ли Монголд ирсэн нь яг оножээ. Монгол шиг олон хямдхан зочид буудалтай улс дэлхийд өөр хаана ч байхгүй. Галт тэрэгний буудлаас хэдхэн алхахад зуу зуун цагийн буудал, хагас цагийн буудал, минутын буудал, тэр байтугай 30 секундын үйлчилгээ санал болгох буудлууд хүртэл “Welcome to” гээд хаалга үүдээ дэлгэж байх аж. Яагаад ийм олон түр зуурын буудал байдгийг лавлан асуувал талын Монголд “дурлахгүйгээр үнсэлцье” хэмээх өвөрмөц мэргэжилтэй хүмүүс маш олон байдаг бөгөөд тэдэнд зориулсан байр сууцны асуудлыг парламентын хэмжээнд авч үзсэний үр дүнд буудлууд барих мөнгийг 50 жилийн хугацаатай 0,01 хувийн хүүтэй ипотекийн зээлээр олгодог болсон аж. Ерөөс монгол хүүхдүүд мэдээ орсон цагаасаа буюу эр, эмийн явдлыг гадарлаж эхэлсэн үеэсээ цагийн буудал гэж юу болохыг торохгүй хэлж чадна. Энэ нь Лигийн хувьд том нээлт болж, улмаар тэр даруйдаа барилгын бизнес эхлэх бодлоо орхиж Монголын зочид буудлын салбарт хүчээ үзэхээр шийдэв.

Эцэст нь Жорж өөрийн буудал руу явж, Ли шинэ бизнесийн төлөвлөгөө бичихээр цагийн буудал авч, харин Иван Доржийн хамт гэр лүү нь явжээ. Гэтэл Иван Доржийнд ирээд гайхаж орхив. Доржийн гэрт компьютерээс өөр нүдэнд торох эд зүйл алга байв. Дорж ахиад л монголчуудын өвөрмөц амьдралын талаар тайлбарлахаас өөр аргагүй боллоо.  Баруунд хоцрогдсон гэж үздэг Монгол улсад санхүүгийн зах зээл хаана ч байхгүй өндөр түвшинд хөгжжээ. Монголын аль ч хотод мөнгөгүй хүн хоосон хононо гэж байхгүй. Мөнгөтэй болъё гэсэн хүн ээмэг бөгжнөөсөө эхлээд цоорхой оймсоо хүртэл борлуулчих газрууд захаас аваад бий. Нэг үгээр хэлбэл монголчууд өсөхөөс үхэх хүртлээ зээлээр амьдардаг. Доржоор удтал тайлбарлуулсны эцэст Иван яагаад замд тааралдсан бүх байшингууд “Ломбард” гэсэн нэртэй байсныг сая л ойлгов. Дорж өчигдөр хамгийн сүүлийн сандлаа ломбарданд тавьсан аж. Статистикийн газрын мэдээлснээр Монголд 1000 гаруй төрлийн ломбард байдаг гэнэ. Авто ломбард, үнэт эдлэлийн ломбардаас эхлээд гутлын ломбард, өмдний ломбар, халбага сэрээний ломбард хүртэл байгаа. Тэр бүү хэл орон гэргүй тэнэмэл нөхдүүдийн хог түүдэг уутаа тавьдаг ломбард ч бий.

Үдэш болоход дөрвөн найз нэг байшин тойроод дөрөв, таваараа байх монголын баарнуудын нэгэнд орж Дорж нөгөө гуравтаа Монгол гэж ямар орон болохыг ярьж өгөв. Түүний ярианаас Монгол нь маш олон зүйлээр дэлхийд хамгийн, хамгийн болох тодорхой болов. Цагийн буудал, ломбард, баар гурав бол зөвхөн наад захын жишээ. Монгол нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордгоос гадна нэг хүнд ногдох олигархын тоогоор бас толгой цохидог байна. Мөн маш олон караокетай учраас тэр хэмжээндээ таарсан маш олон соёлын тэргүүний ажилтантай.