Өндөр гэгээнтнийг монголчууд эргэн дурслаа
2015.07.28

Өндөр гэгээнтнийг монголчууд эргэн дурслаа

Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ онд тохиож буй.

Одоогоос 20-н жилийн өмнө буюу 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарч, 10-н жил тутам тус түүхэн ойг тэмдэглэхээр болсон байдаг.

Засгийн газрын энэхүү тогтоолыг үндэслэн хамгийн анх 1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт даншиг наадам зохион байгуулж, гэгээнтэний түүхэн ойг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Дараа нь 2005 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд, түүний мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ уламжлалын дагуу 10-н жилийн дараа дахинХархорин сумын Харганатын хөндийд эрийн гурван даншиг наадмыг долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж, Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг хүндэтгэн дурслаа.

Энэ удаагийн Бат-Оршил өргөх даншиг наадамд нийт 256 бөх зодоглож, улсын арслан Д.Ганхуяг түрүүллээ. Харин хурдан морьдын уралдаанд нийт Монгол, эрлийз гэсэн хоёр ангилалаар есөн насны морьд тоосоо өргөлөө. Харин наадмын нээлтийг тоглолтын ерөнхий зөвлөхөөр төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ерөнхий найруулагчаар МУГЖ Ш.Даваахүү ажилласан юм. “Алтан соёмбо дуулал” нэртэй баяр наадмын нээлтэнд өндөр гэгээнЗанабазарыг төрсөнөөс эхлээд анхдугаар богд хүртэлх түүхэн үеийг харуулахыг зорьжээ. Мөн наадмын төв талбайд Өндөр Гэгээний сэрэг дүрийг ёслол төгөлдөр залсан юм.

 Өндөр гэгээн Занабазар гэж хэн байв?  

17 дугаар зууны сүүлийн хагас  18 дугаар зууны эхэн үеийг дамнан амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. 

Г.Занабазар хутагт нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны долоо дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн есдүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар ( Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум )  мэндэлжээ.

Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд таван настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилсөн түүхтэй. Үүнээс гадна Өндөр гэгээн Г.Занабазар нь  монголын шарын тэргүүн төдийгүй  уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, урлагийн том зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хүн байсан тухай эрдэмтэн судлаачид онцлон ярьдаг. 

Өндөр гэгээн, бараг ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Өндөр богдын шарилыг эх нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршуулсан гэдэг.

 380 жилийн ойг 500 сая төгрөгөөр тэмдэглэж байна

Засгийн газраас 500 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойг тэмдэглэж байна. Тухайлбал Өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод Өндөр гэгээний хийж бүтээсэн түүхэн үйл хэргийн сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан юм.

Энэ үеэр Унгар улсын иргэн, өмнө нь Монгол улсад Унгар улсыг төлөөлөн элчин сайдаар ажиллаж байх үедээ Монголоос худалдан авсан Өндөр гэгээн Занабазарын урласан "Аюуш" бурханыг Монголчуудад буцаан өгөх хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлтийг Монгол улс хүлээн авч, "Аюуш" бурханыг нутагтаа авчрах, тээвэрлэх асуудлыг холбогдох олон улсын байгууллагуудад тавьж, шийдвэрлэн гэгээнтэний урласан бүтээлийг өнгөрсөн тавдугаар сард, эх орондоо авчиран залсан тухай тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комиссын гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар ярьлаа. Одоо тус бүтээлийн бүртгэлийг Монголынх болгон өөрчлөх хүсэлтээ Олон улсын бүртгэлийн байгууллагад манай талаас гаргаад байна. 

Ингээд удахгүй "Аюуш" бурханыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах юм. Мөн өнгөрсөн хугацаанд Өндөр гэгээнтэний тухай түүх бодит үнэнээс зөрүүтэй, алдаатай байсан тул олон нийтэд Г.Занабазар гэж яг хэн байв, Монгол Улсын тусгаар тогтнол, бурхан шашинд ямар нөлөө үзүүлсэн бэ? гэдэгт хариулт өгөхөөр Г.Занабазарын тухай судалгааг хийж, түүхэн баримтат киног 380 жилийн ойд нь зориулан бүтээжээ.

Харин Өндөр гэгээнтэний талаарх хийж буй судалгааны ажил бүрэн дуусаагүй гэв. Учир нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Өндөр гэгээний 30 гаруй жил шавилан сууж байсан номын хүрдэн хийд буюу Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрлах Сарьдагийн хийдэд хийж буй малтлага, урлагийн нэрт мастер төдийгүй төр нийгмийн зүтгэлтний хувьд нь судалгааны шинэ чиглэл гаргах ажил үргэлжилж буй аж. Үүнээс гадна төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгож, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах ажлыг хийжээ. Мөн Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлан, бүтээлийн музей байгуулах ажил үргэлжилж байна.  Харин ойн хүрээнд хийгдэх ажлын хамгийн том нь Лениний музейг Өндөр гэгээний бүтээлийн музей болгох.