Аж Үйлдвэр, Технологийн Холбоог байгууллаа
2015.07.22

Аж Үйлдвэр, Технологийн Холбоог байгууллаа

Аж Үйлдвэр, Технологийн Холбооны Гүйцэтгэх захирал С.Мандахсүрэнтэй ярилцлаа.

Аж үйлдвэр технологийн холбоог байгуулсан гэж сонслоо. Холбоог яагаад байгуулах болов?

-Өмнө нь би Төмөрлөг, Машин Үйлдвэрлэлийн Үндэсний Холбоонд ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. Тус холбоо нь Япон улсын Нийгата мужийн “Гадаадтай Технологийн талаар Хамтран Ажиллах Нийгэмлэг”-тэй сүүлийн гурван жил хамтран ажиллаж байгаа. Тэдний урилгаар манай Төмөрлөг, Машин Үйлдвэрлэлийн Үндэсний Холбооныхон өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улсад сургалтаар 7 хоног яваад ирсэн.

Төмөрлөг, ноос ноолуур гээд нэлээд хэдэн үйлдвэрүүдтэй танилцаж явахдаа энэ өндөр хөгжилтэй улсаас сурах юм их байна,  боломж байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа.Эндээс л ерөнхийдөө арай өргөн цар хүрээ хамрагдсан   Аж Үйлдвэр, Технологийн Холбоог байгуулах нь зүйтэй юм байна гэдгийг олж харсан.  Энэ маань харин их хурдан биелэлээ олж, холбоогоо байгуулсандаа баяртай байна.

- Холбоог ямар зорилготой байгуулсан вэ?

Холбоо маань байгуулагдаад нэг их удаагүй байна. Тус холбоо нь салбар харгалзахгүй Аж Үйлдвэр, Технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, технологийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологид түшиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, сурталчлах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах зорилготойгоор байгуулагдсан.

-Холбооны удирдах зөвлөлд ямар хүмүүс байгаа вэ? Танилцуулаач.

 Удирдах зөвлөл маань одоогоор таван гишүүнтэй. Холбооны ерөнхийлөгч болон ТУЗ-ын дарга Монгол Улсын Зөвлөх Инженер, Доктор М.Баянмөнх  ажиллаж байна. Тэрээр урьд нь ҮХААЯ-нд хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан.

ХБНГУ-д боловсрол эзэмшсэн инженер мэргэжилтэй. Мөн ТУЗ-ын гишүүнээр “Төмөрт Трансс” компанийн захирал Ч.Нэргүй, “Хангай Кашмер” компанийн захирал Л.Адъяасүрэн, “АУДИТЫН” компанийн эдийн засагч Д.Одонгэрэл, Гадаад худалдаа дипломат албанд олон жил ажиллаж байсан Б.Цогбадрах нар ажиллаж байсан. Миний бие С.Мандахсүрэн тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

-Холбоо цаашид хэрхэн ажиллах вэ?

-Холбооны үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. Цаашид бид жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг  Япон, Герман зэрэг Ази Европын орнуудын зах зээлд сурталчилан таниулах, экспортлоход нь туслах чиглэлтэй ажиллана.

Энэ хүрээндээ сургалт, үзэсгэлэн зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна. Мөн тэдгээр орны техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтран ажиллахад зуулчилж ажиллана.

- Холбооны анхны арга хэмжээ Японд амжилттай зохион байгуулагдсан гэсэн байхаа?

-Тиймээ манай холбооны хамгийн анхны арга хэмжээ гэж болох юм. Япон улсын Нийгата хотод Монголоо сурталчилсан “Made in Mongolia” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Нийгата дахь Монголчуудын Холбоо” буюу НИМО-той хамтарч  амжилттай зохион байгуулалаа.

Үүнийг ажил хэрэг болгоход Нийгата хот дахь Монголчуудын Холбооны тэргүүн Ш.Энхбаяр эгч маань Япон тал дахь бүх ажлыг зохион байгуулсан.Энэ үзэсгэлэн худалдааны зорилго нь  ЖДҮ-чдийг дэмжих, Япон улсад бүтээгдэхүүнийг нь экспортлох боломжийг нээх, хамтарч ажиллах, Монголоо сурталчилах ажил байлаа.

Үзэсгэлэнг маань Нийгата муж, Нийгата хотын захиргаа,  Нийгата дахь Гадаадтай Технологийн талаар Хамтран Ажиллах Нийгэмлэг, Япон улсад суугаа Элчин Сайдын Яам, мөн Монгол улсын өргөмжлөлт Консулын газар мөн Зүүн Хойд Азийн Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн(Еrina) гэсэн байгууллагууд ивээн тэтгэсэн. Үзэсгэлэнгийн нээлтийг Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамны нарийн бичгийн дарга Э.Сарантогос Нийгатагийн олон улсын хамтын ажиллагааны тэргүүн Монгол улсын өргөмжит консул Накаяама Теруяа нар нээж үг хэлсэн.

Манай хэдэн компани оролцсон вэ?

- Манай улсаас найман компани оролцсон.

-Ямар ямар компаниуд оролцсон вэ?

- Гутал үйлдвэрлэдэг “Best Shoes” ХХК, “Хас гутал” ХХК, ноос ноолуурын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Цаст Согоот” ХХК, чацарганаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “SeaberryFarm”, арьсан эдлэлийн “S and S”ХХК, “Мэргэн тур” ХХК, мөн аялал жуулчлалын “New Connection”ХХК, “Хэв Хашимал Хуванцар” ХХК зэрэг 8-н компани оролцсон.

-Арга хэмжээний үр дүнг юу  байв?

-Цаашид энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэнгээс Япончууд маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Манайхан ч гэсэн олон зүйлийг харж, бараа бүтээгдэхүүн, менежементээ хэрхэн сайжруулах вэ гэдгийг ойлгосон байгаа. Дараа жил үзэсгэлэнд ирэхдээ ямар бүтээгдэхүүнтэй ирэх вэ? Япончууд юуг, ямар загварыг илүү сонирхож байна, бүтээгдэхүүнээр хэрхэн сайжруулах вэ гэх мэт олон зүйлсийг үзэсгэлэнгээс ойлгож авсан байх.

Мөн Зүүн Хойд Азийн Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн рүү үзэсгэлэнд оролцсон компаниуд анкетаа бөглөж явуулсан. Нийгата хотыг тойроод асар олон үйлдвэрлэлүүд байдаг. Энэ анкетыг бөглөснөөрөө тэдгээр японы аж ахуй нэгжүүдтэй холбогдох боломж, давуу тал нээгдэж байгаа юм.