" Ухаалаг анги" төслийн нээлт боллоо
Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр өнөөдөр "Ухаалаг анги" төслийн нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, БСШУ-ны дэд сайд Б.Тулга БНСУ-ын Гёнги аймгийн засаг дарга Нам Гён Пил нар оролцсон юм. Уг төслийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтад зориулсан смарт анги нээн тохижуулах, Солонгос хэлний сургалтын арга зүй сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарын чадваржуулах сургалт явагдах юм. БНСУ-ын Гёнги аймгаас зохион байгуулсан, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй энэхүү төсөл нь хоёр үе шаттай явагдана.
Эхний ээлжинд Буянт-Ухаа цогцолбор, Монгени цогцолбор, 23-р сургууль, 18-р сургууль, Хүрээ тулга гэсэн таван сургууль сонгогдсон байна. Энэхүү 5 сургуулийг тохижуулахад 200 сая төгрөгийн төсөв зарцуулагджээ. Төслийн хоёрдугаар ээлжийн тохижилтын ажил ирэх наймдугаар сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Цаашид "Ухаалаг анги" төсөл илүү өргөн хүрээнд хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд төсөл хэрэгжснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж байна.