Байнгын хорооны дарга Д.Ганбат Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Төв азийн парламентын бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.07.09/ хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга Д.Ганбат уулзалтын эхэнд ноён Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улсын хууль тогтоох үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр манай байнгын хороонд 19 гишүүн харьяалагддаг. Өнгөрсөн хугацаанд томоохон хуулиудыг батлан гаргалаа. Тухайлбал Шүүхийн багц хуулиуд, Захиргааны ерөнхий хуулийг нэрлэж болно. Яг одоо УИХ дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 2015 оны намрын ээлжит чуулганаар батлан гаргана. Мөн бүх намууд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиуд дээр ажиллаж байгаа гэлээ.
Ноён Манфред Грунд УИХ-ын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, дагалдан яваа төлөөлөгчдөө танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал Өргөдлийн байнгын хороог байгуулан ажиллуулж байгаа нь маш зөв. Өргөдлийн байнгын хороо бол ард түмний байнгын хороо юм гэлээ. Мөн тэрээр УИХ дээр хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар саналаа хэлсэн юм.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгийн гишүүн Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор нар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.