Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо
Нийслэлийн ИТХ
2015.07.04

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлыг хэлэлцэн баталлаа.

Үүнд:

  •  Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Хөрөнгө шилжүүлж авах тухай
  • Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах
  • Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Тусгай замын автобус буюу BRT / төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус батлах тухай
  • Ойгоос энэ онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай
  •  Хөршийн хяналтын хөтөлбөр, хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам батлах тухай

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн туслах 5 барилгыг акталлаа
 

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг шинээр барихтай холбогдуулан тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн балансад бүртгэлтэй нийт 718 сая 307 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 5 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасав. Мөн шинээр цэцэрлэгийн барилга барихтай холбогдуулан Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй нийт 378 сая 72 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээг акталлаа.
Улс төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан  3 тэрбум 93 сая төгрөгийн өртөг бүхий Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Авто замын газар, Тээврийн газар, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгт тус тус даалгав.
Оршин суугч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлсэн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийт 7 тэрбум 761 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа.

 

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг баталлаа
 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийг үүсгэн байгуулсан. Үүний дагуу нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг баталлаа. Энэхүү журмын зорилго нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, түүний бүрэлдэхүүн, гишүүдэд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, шалгаруулах, сонгох, хугацаанаас өмнө чөлөөлөх үйл ажиллагааны журам, дарга, гишүүд, нарийн бичгийн даргын эрх үүрэг, хариуцлага, ТУЗ-ийн хороодын чиг үүрэг, ТУЗ-ийн хуралд бэлдэх, зарлах, хуралдуулах, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх  зэрэг харилцааг зохицуулахад оршино.
 
 

Тусгай замын автобус буюу BRT төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрмийг баталлаа
 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын  баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой бөгөөд нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Уг ажлын хүрээнд  нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Тусгай замын автобус буюу BRT / төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.
 

Энэ онд нийслэлийн ногоон бүсийн ойн нийт 244 га газраас мод бэлтгэнэ
 

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-382 дугаар тушаалаар баталсан 2015 онд нийслэлийн ногоон бүсийн ойн нийт 244 га газраас мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоосон. Ингэхдээ Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээ гэсэн 2 төрлөөр мод бэлтгэх юм.

  • Цэвэрлэгээний огтлолтыг унанги болон босоо, хуурай /үхсэн/ модыг ойн хөнөөлт шавж, өвчний голомт үүсэх, бүрдэх нөхцлийг бууруулах, шатах материалын хуримтлалыг багасгах, модлогийн чанарыг муудахаас өмнө авч ашиглах зорилгоор хийж гүйцэтгэнэ.
  • Ойн цэвэрлэгээг ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, цасанд өртөн үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэж  гүйцэтгэнэ.

Цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч  түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцлөөс урьдчилан сэргийлэгдэнэ.Цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү  мөчир түүлгэх замаар   5100 м3 , нийт 6100 шоо метр  модыг бэлтгэн иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангана. Ойн цэвэрлэгээний огтлолт  болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд  гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн  төсөвт 36.3 сая төгрөг  оруулах юм.


Хөршийн хяналт хөтөлбөрийг баталлаа
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачилгад тулгуурлан амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөршийн хяналт хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталлаа. Хөтөлбөрт тусгасны дагуу иргэд, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, зэргэлдээ айл хөрш, орчныхоо аюулгүй байдалд санаа тавих, иргэд бие биедээ зүй ёсны шаардлага тавих юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоодын хүч дэмжлэгийг авах, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг улам бүр нэмэгдүүлэх, гэр, орон сууцанд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчид Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвийн нэрийг Нийгмийн хамгааллын тусгай төв болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Мөн Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэх зөвшөөрөл олголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.