Хэтэвч зузаалах үхлийн айдас
Дэндүү сүйхээтэй хүмүүсийн хувьд айдас ч бас ашигтай бизнес байдаг
2015.07.03

Хэтэвч зузаалах үхлийн айдас

Орчин үеийн хүнд ертөнцийн төгсгөл, алан хядах ажиллагаа, хөгшрөлт, тэр байтугай зомби нарын дайралт гээд үхлийн айдас олон бий. “Учирч болзошгүй” үхлийн аюулаас сэргийлэхийн тулд харамгүй мөнгө зарцуулах хүмүүс энэ дэлхийд цөөнгүй. 

Зомбийн дайралтын үед амьд үлдэх сургуулилалт

“Хэрэв тань руу зомби дайрвал яах вэ?” гэдэг асуулт багаар бодоход 3 сая интернет хэрэглэгчийн санааг зовоож байна. Үүнийг ашиглаад Марк Скилз хэмээх бизнесмен 2007 онд зомби нарын дайралт болж ертөнцийн төгсгөл болоход хэрхэн амьд гарах тухай төлбөртэй сургуулилт явуулах болсон нь орлогын муугүй эх үүсвэр болжээ. 

Марк анхны сургуулилтын лагераа Нью-Жерси мужийн агнуурын районд нээв. Эдүгээ ийм лагерь бараг Америкийн хот болгонд бий. Уг сургуулилтад хамрагдсанаар зомбийн эсрэг хэрэглэх галт болон бусад төрлийн зэвсэгтэй харьцах, ганцхан хутгатай ойд амь зуух зэрэг зомбийн дайралтын үеийн бусад аюултай нөхцөлд амьдрахад суралцдаг.

Маркийн хичээлүүд олонд танигдаж, түүгээр барахгүй Мичиганы их сургуулийн багш нар “нийгмийн ажилтан” гэсэн хичээлийнхээ хүрээнд Маркийн сэдвүүдийг заадаг болжээ.

Хувийн хоргодох байр

«Спецгеопроект» компаний захирал Данила Андреев төмөр бетоноор хувийн хоргодох байр барьдаг, түрээслүүлдэг.  Хэдийгээр пуужингийн шууд довтолгооноос хамгаалж чадахгүй ч террорист халдлага, байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн зэргээс найдвартай хамгаалах аж.

Хоргодох байр нь шумбагч онгоц, сансрын хөлгийн адил агаар үйлдвэрлэх, шүүх системтэй. Аюулгүй цагт сейф, хэлэлцээрийн өрөө, дарсны агуулах, номын сан, тэр байтугай сонирхлын клубын байр болгон ашиглаж болно. Андреевын хэлснээр 2010 онд нэгэн үйлчлүүлэгч ойн түймрийн утаанаас хоргодож үйлчилгээнд сэтгэл хангалуун үлдсэн гэнэ. 

Компаний сайт дээрх “үйлчилгээний үнэ” гэсэн хэсэгт ямар нэгэн цифр байхгүй ч учирч болох аюулын тухай дэлгэрэнгүй бичжээ. Бизнесмений хэлснээр 2010 он гэхэд 4,54 сая рублийг уг төсөлд зарцуулж хэдэн арван хоргодох байр барьсан байна.

Оросуудын дунд энэ төрлийн хоргодох байр эрэлттэй.  2007 онд Петр Авен хэмээх тэрбумтан Лондон дахь байшингийнхаа гадаа сарын хугацаанд хүрэлцэх агаар, ус, хүнс бүхий дэлбэрэлтээс хоргодох байр бариулжээ.

Терроризмтай тэмцэх тухай зөвлөгөө

Майкл Хайден, Майкл Чертофф хоёр нь америкчуудын таашаадаггүй хүмүүс юм.  Үндэсний аюулгүй байдлын албаны дарга асан, Тагнуулын төв газрын экс дарга Хайден нь 2005 онд Бушийн утасны яриаг сонссон дуулиант хэрэгтэй холбоотой хүн. Харин Чертофф бол АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд асан, хууль бус цагаачдын эсрэг харгис гэмээр арга хэмжээ авч байсан, 9 сарын 11-ний дэлбэрэлтийн дараа терроризмтай тэмцэх ажлыг хариуцаж явсан нэгэн юм. 

2009 онд тэд  Chertoff Group хэмээх зөвлөгөөний компани байгуулж терроризмын айдас дээр мөнгө хийдэг болжээ. Бусад компани тэднээс терроризмтай тэмцэх тал дээр зөвлөгөө авдаг байна. 

2009 онд Нигерт нэгэн террорист дотуур хувцсандаа бөмбөг нуун онгоцонд суухыг оролдсоны дараа Чертофф хүний бүх биеийг гэрэлтүүлдэг скайнеруудыг онгоцны буудалд суурилуулахыг санал болгожээ.  Энэ үед түүний үйлчлүүлэгчдийн нэг болох Rapiscan Systems компани яг ийм скайнер үйлдвэрлэж байв. Аюулгүйн алба 300 скайнер захиалжээ. Тус компани энэ маягаар 2009-2010 онд Засгийн газрын захиалгаас 118 сая долларын орлого олжээ. 

Хөгшрөлтийн эсрэг эм

Оросын Мимотех компани 10 гаруй жил ажиллаж хөгшрөлтийн эсрэг эм бүтээсэн ч тэр нь одоохондоо зөвхөн нүд хуурайших өвчнөөс хамгаалж байна.  Гэвч хөрөнгө оруулагчид компаний ирээдүйд итгэсээр. Тухайлбал тэрбумтан Олег Дерипаска хөгшрөлтийн шалтгааныг олох лабораторийн судалгааг анх удаа санхүүжүүлжээ.  2005-2008 онд тэр 15 сая рублийн хөрөнгө оруулалт хийсэн ч аажмаар сонирхол нь буурчээ. 

2008 онд РАО ЕЭС компаний топ менежер Александр Чикунов хэмээгч нөхөр төслийг гартаа авч 2 жилийн турш 10 сая рубль зарцуулав. Дараа нь Чикуновын найз Анатолий Чубайс төслийг үргэлжлүүлж Мимотех компанийг Роснано хэмээх төсөлт компани болгожээ. 

Ертөнцийн төгсгөл ирэхэд хоргодох байр

2012 оны 12 сард Майягийн индианчуудын амласан ертөнцийн төгсгөл ойртох үед АНУ-ын иргэн Рон Хаббардын тухай дэлхийн олон хэвлэлүүд шуугиж байв.  Тэрээр ертөнцийн төгсгөлийг далимдуулж мөнгө олохоор шийдэж 100 000 долларын үнэтэй газар доорхи хоргодох байр барих үйлчилгээг бий болгов.  Хоргодох байр нь 6 метрийн  гүнд 90 өдрийн турш хүн амьдрах боломжтой.  Хаббардын утас тэр үед ээлж дараагүй дуугарч ертөнцийн төгсгөлөөс айсан хүмүүс түүнд хандаж байсан талаар хожим ярьжээ.

Хэдийгээр ертөнцийн төгсгөл болоогүй ч Хаббардын бизнес үргэлжилсээр байгаа. Эдүгээ түүний компани Техас мужид 600 акр талбайд хоргодох байрын бүхэл бүтэн цогцолбор барьж байна. 

Тэнгэрт залартлаа хөлдүү хэвтэж байя  

Есүс Христос шиг тэнгэрт залрах технологи бий болтол үйлчлүүлэгчдийнхээ биеийг шингэн азотод хадгалж байх үйлчилгээ ОХУ-д 2006 онд бий болжээ. «КриоРус» хэмээх энэ компаний анхны үйлчлүүлэгч нь 81 настай Лидии Федеронко болж тархиа хөлдөөж хадгалахыг хүсчээ. Дараагийн үйлчлүүлэгч нь хорт хавдраар нас барсан Москвагийн нэгэн оршин суугч байв.  Хадгалах зоорь Москвагийн ойролцоох Алубашева сууринд байдаг. 

«КриоРус» компаний захирал Данил Медведевийн ярьснаар хүн эд эрхтнээ хөлдөөлгөж хадгалуулах хэрэгцээ аль дээр бий болжээ.  Тэрээр тусгай агуулах барихаасаа өмнө нас барсан хүмүүсийн тархийг шингэн азотод хийж, хамаатнуудынхаа гэрт хуурай мөстэй контейнерт хадгалдаг байв. 

Харин барууны орнуудад энэ моод нэлээд дээр дэлгэрсэн.  Анх 1967 онд сэтгэл зүйч Джеймс Бедфорд өөрийгөө хөлдөөв. Түүний биеийг хөлдөөсөн компани ижил төстэй бусад компаний адил 80-аад онд бүрэн дампуурсан ч Бедфордын бие одоо болтол хөлдүү хэвээр байгаа аж.  Түүнээс бусад үйлчлүүлэгчдийг оршуулжээ. 

Ертөнцийн төгсгөлд зориулсан аврах капсул

Хятадын бизнесмен Янг Зонфу Atlantis хэмээх аврах капсул бүтээснээрээ алдаршжээ. Тэрээр хүн төрөлхтөн сүйрсний дараах Хятад оронд амьдрах төхөөрөмж бүтээхийн тулд хоёр жил, 235 600 долларыг зарцуулсан байна. Түүнд энэ санаа интернэтээс болзошгүй аюулын тухай уншсаны дараа төржээ. 4 метрийн диаметртай, 300 пружинтай, 75 аюулгүйн дэртэй түүний капсул 2012 онд бэлэн болов.  Цацраг, галын аюул, хэт өндөр температураас хамгаалах зориулалттай уг төхөөрөмж 3 хүний багтаамжтай.

Ертөнцийн төгсгөлийг хүлээх зуураа Янг Зонфу өөрийн төхөөрөмжийг 2012 оны 8 дугаар сард туршихаар капсул дотроо сууж уул, толгод, жижиг нуур зэрэг саадтай 50 метрийн өргөнтэй өндөрлөгөөс буужээ. Капсул нууранд унасны дараа Янг Зонфу эрүүндээ халцархайтай хуурай гарч иржээ.  Галын тэсвэрийг шалгахын тулд капсулын багасгасан хувилбарт мөхөөлдөс хийж галд хийсэн ч хайлаагүй байна. 

Тэр үед China Daily-д бичсэнээр Шаньси мужийн нэг хүн 15 тийм капсул худалдаж авахаар төлөвлөжээ. Харин 2012 оноос хойш капсулын тухай мэдээ хэвлэлд дахиж гарсангүй.