УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нутгийн бөхчүүдээ эргэв
Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд бэлтгэлд гараад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Тэд уламжлал ёсоороо “Сүүж”-д гарсан бөгөөд хоймор нутгаараа овоглодог 40 гаруй бөх наадмын бэлтгэлээ базааж байгаа аж. Бөхийн галыг сүүлийн 10 жил дараалан шөвгөрсөн улсын арслан Х.Мөнхбаатар ахалж байгаа бол бөхчүүдээ 90 насны босгыг давж буй хашир арслан Н.Бадамсэрээжид, харцага Г.Ганхуяг нар Х.Мөнхбаатар арслантай хамтдаа дасгалжуулж байна. Улсын харцага Ц.Содномдорж, начин А.Батмөнх гээд цолоо ахиулах магадлалтай бөхчүүдээс гадна А.Давааням, Б.Хөхчирэнгэр тэргүүтэй улсын цол горилж суугаа хэд хэдэн бөх Хөвсгөлийн бөхчүүд дунд бий.
Бэлтгэлээ ид хангаж буй энэ цаг үед Хөвсгөл аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нутгийн бөхчүүдээ эргэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Манай аймгийн хоёр сайхан арслан, харцага начингууд тэргүүлэн бэлтгэлдээ гарчээ.
Бадамсэрээжид арслан маань 90 насны босгыг давсан гэхэд ухаан санаа саруул, нуруу тэгш, алхаа хөнгөн хүүхдүүд шавь нартаа зааж зураад сайхан байна. Мөнхбаатар арслан маань 10 жил дараалан шөвгөрсөн амжилтаа ахиулахаар өнгөтэй, Содном харцага маань энэ цаг үеийн хамгийн шилдгүүдтэй тунах магадлал хамгийн ихтэй бөх. Гэхдээ хэнээс халгаж, хэнээс айна гэх вэ.
Туршлага, мэх, бяр, бэлтгэл нийлээд ирэхээр энэ жил түрүүлнэ л гэж би хувьдаа дэмжиж байгаа. За тэгээд Эрдэнэбат, Батмөнх, Баянмөнх начингууд энэ эрэмбээ дээшлүүлж сайн барилдах байх. Аймгийн арслан Ганхуяг, Даваа-Очир хоёр начинд зүтгэчихээр өнгөтэй ч байна. бэлтгэл сайтай ч байна. Ингээд нэр дурдаагүй залуус маань ч сайхан үзэх байх. Одоо чинь тэр бөх түрүүлнэ гэхэд хэцүү болсон болохоор залуучуудаас маань дээшээ гараад ирэхийг хэн байг гэх вэ. Бүх Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс нутгийнхаа бөхчүүдэд цолоо ахиулахын бэлэгтэй ерөөл өргөж амжилт хүсье” гэсэн байна.