50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг хандиваар барина
зургийг \ mongol news\
2015.07.01

50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг хандиваар барина

Чингэлтэй дүүрэг цэцэрлэгийн насны 19.500 гаруй хүүхэдтэй. Гэвч тэдний 67.2 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг. Байгаа хэдэн цэцэрлэгтээ хүүхдүүдээ “чихээд, чихээд” гарсан тоо нь энэ. Тус дүүрэгт нэгээр тогтохгүй олон цэцэрлэг ашиглалтад орж байж, хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадна.

Монголын Залуучуудын холбоо зургадугаар сарыг “Хүүхдийнх” хэмээн тодотгож, тэдэнд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн ЗДТТ, ИТХ-тай хамтран залуусын дэмжлэгээр 50 хүүхдийн  хүчин чадал бүхий цэцэрлэг барихаар болсон явдал. Дээрх байгууллагын төлөөлөл өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тус дүүргийн алслагдсан 19 дүгээр хороонд эл цэцэрлэгийг барихаар болов. Энэ хороо 2-5 насны 1000 орчим хүүхэдтэй ч 75 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэгтэй бөгөөд тэнд нь 150 хүүхэд хичээллэдэг аж.

Шинэ цэцэрлэг барихад урьдчилсан байддаар 250 сая төгрөг хэрэгтэй гэнэ.Иймээс Монголын Залуучуудын холбоо хандивын" аян өрнүүлж, сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэгээр цэцэрлэг барих юм байна. Энэхүү санаачилгыг дэмжсэн залуус эхнээсээ цемент, тоосго зэрэг барилгын материалаар туслахаа мэдэгджээ.

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир “Цэцэрлэгийг 19 дүгээр хорооны байрны дэргэд барихаар төлөвлөсөн” гэсэн бол Монголын Залуучуудын холбооны Удирддага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат “75, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих боломж бий ч газрынхаа хэмжээнд тааруулж 50 хүүхдийнхийг барьж байгаа.

Ямар технологиор барихаа зөвшилцөж байна. Залуус идэвхтэй оролцож, бидний санаачилгыг дэмжээрэй. Хандиваар цугласан мөнгийг хэрхэн, юунд зарцуулж байгаагаа тухай бүрт нь мэдээлнэ” гэлээ. Барилгын ажил энэ сарын 3-нд эхэлж, цэцэрлэг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орсон байх юм.