Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эргэн харах хэрэгтэй
УИХ дахь Бие даагчдын зөвлөл
2015.06.22

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эргэн харах хэрэгтэй

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулиудын төсөл, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээллийн эхэнд Ноён уулыг ашиглах санаархлыг УИХ хоёр дахь удаагаа буцаалаа хэмээв. Тэрбээр, “Ноён уултай холбогдуулж 17 мянган иргэний гарын үсэг бүхий өргөдөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Урьд өмнө нь нэг асуудлаар ийм олон хүний гарын үсэгтэй өргөдөл ирж байгаагүй. Энэ нь монголчууд Ноён уултай ямар нэг сэжмээр холбоотойг харууллаа” гэв. Үүний зэрэгцээ хаврын чуулганаар олон хуулийн төсөл хэлэлцэж амжихгүйд хүрч байгаагийн нэг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Дубайн гэрээг хийснээр улс орон хөгжинө гэсэн гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.долларын зээл авах тухай ярьж байна. Улс төрийн хүчнүүд засагт нэгдэхээрээ ямар нэг өр зээл хийлгүйгээр улс орноо авч явна гэдэг ч хэлсэн ярьсан шигээ биш байдгийн жишээ энэ боллоо.

Түүнчлэн энэ долоо хоногт хэлэлцэх зарим хуулиас дэмжихээр хуулиуд байна. Тухайлбал,  Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Зөрчлийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Органик хүнсний тухай зэрэг хуулиудыг дэмжих бололцоотой.

Харин Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчилж бууг хураах заалт орсон байна.Малаа хамгаалах зорилгоор буутай байгаа иргэдийн бууг хураах тухай асуудал бол өрөөсгөл юм. Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь иргэн хүнд халтай байхаар боловсруулсан байгааг эргэн харах хэрэгтэй” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд газрыг барьцаалж, гэрээний нөхцөлийг хангаагүй тохиолдолд үл маргах журмаар хураан авна гэсэн заалт орсон. Иргэн хүн гурван шатны шүүхээр орж асуудлаа шийдүүлдэг эрхтэй байх ёстой. Иргэдийн амьжиргааны түвшин нь доогуур, ажилгүйдэл ядуурал ихтэй энэ цаг үед газраараа хамаагүй оролдож болохгүй” гэв.