“Бид хамтдаа” аян Багахангай дүүрэгт үргэлжлэв
2015.06.17

“Бид хамтдаа” аян Багахангай дүүрэгт үргэлжлэв

Аймгуудаас Архангай, нийслэлээс Чингэлтэй дүүрэгт эхэлсэн “Бид хамтдаа” аяны нээлт Багахангай дүүрэгт үргэлжилсэн юм. Манай сурвалжлах хэсэг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Энх-Амгалан, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын албаны хүмүүсийн багт нэгдэж, нийслэлийн алслагдсан дүүргийн ард иргэдийн санал бодлыг сонсохоор зорилоо. 

Багахангай дүүрэгт “Бид хамтдаа” аяны нээлтийг албан ёсоор хийж,  дүүргийн иргэд, төрийн албан хаагчид гээд уулзалт нийгмийн төрөл бүрийн салбарынхны дунд өрнөсөн юм. Уулзалтын үеэр  Монголын өнөөгийн эдийн засаг ямар байдалтай байгаа, УИХ-аар хэлэлцэгдэж буй асуудлууд, Оюутолгой, Тавантолгойн гэрээ гээд ард түмний хариулт авахыг хүсч байгаа тэрхүү асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Энх-Амгалан нар мэдээлэл өгсөн. 

Түүнчлэн, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд хийгээд тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ч санал солилцож байлаа. Үнэндээ өнөөгийн Засгийн газарт итгэх итгэлгүй болж байна гэдгээ ахмад буурлууд гишүүдэд аминчлан ярьж байсан юм. Иргэдийн зүгээс цөөнгүй асуудлыг гишүүдэд уламжилснаас тэтгэврийн тухай асуулт санал голчилж байв.Монгол Улсын хэмжээнд нийт ахмадын 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэдэг. Улмаар нэг сарынхаа тэтгэврийг тэр чигт нь зээлдээ өгч, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа нь ч нууц биш. 

Багахангай дүүргийн ахмадуудад ч эл асуудал тулгамдаж буйг тэдний зүгээс гишүүдэд сануулж байлаа. Түүнчлэн, орон сууцны зээлийн урьдчилгааг бууруулах, Оюутолгой, Тавантолгойн хэлэлцээрийг урагшлуулах саналыг гишүүдэд дайж байсан юм. 

Улс орны нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлөх өөр санал санаачилга байвал үзэл бодлоо гишүүдэд илэрхийлэн, мөрийн хөтөлбөрт тусгах боломжтой захидлыг багахангайчуудад хүргэлээ.