“Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төслийн үр дүнг хэлэлцэв
Гэр хороолол
2015.06.15

“Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төслийн үр дүнг хэлэлцэв

Азийн хөгжлийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт өнгөрсөн баасан гарагт Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо. 

Төслийн хугацаанд хамтран ажилласан байгууллагууд, иргэд оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцож, төслийн үр дүнгийн талаар хэлэлцэхээс гадна өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг, мэдээллээ солилцсон юм. 

Энэхүү төсөл нь гэр хороололын иргэдэд нийтийн үйлчилгээний хүртээмжийг хүргэх үйл ажиллагааг дээшлүүлж, боловсронгуй хэлбэрээр хэрэгжүүлэх зорилготой байсан аж. 

Төслийн хүрээнд зургаан загвар хороог байгуулж, загвар хороод дээр жижиг ажлыг туршиж үзээд бодлогын төвшинд нэвтрүүлжээ. Үүний үр дүнд өнгөрсөн тавдугаар сарын 18-нд НИТХ-аар “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам” баталжээ. 

Энэ журмын хүрээнд  хог хаягдлын менежментийг цогцоор нь шийдэхийг зорьжээ. Иргэдийн оролцоотой олон ажлууд хийгдсэний нэг нь газрын зураглал аж. Энэ зураглалыг Улаанбаатар хотын таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргахад ашиглажээ. 

НЗДТГ-аас өөрийн гэсэн дүрэмтэй хот Багануур, Налайх дүүргүүдэд эл төслийг хэрэгжүүлж эхэлсэнд төслийнхний зүгээс дэмжлэг үзүүлжээ. Хотын дүрэм бий болсоноор иргэдийн оролцоо идэвх цаашлаад хариуцлага нэмэгдэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төслийн зөвлөхүүд онцолж байлаа.