Ахмадын орон сууцны өргөдлийг харьяа дүүрэг нь хариуцна
“Ахмадын хотхон-1”
2015.06.08

Ахмадын орон сууцны өргөдлийг харьяа дүүрэг нь хариуцна

Нийслэлийн ИТХ –ын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг баталсан.

Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/720 дугаар захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталж, “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс журмын дагуу шаардлага хангасан иргэдийн асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэн эхний ээлжинд нийт 300 иргэдийг түрээсийн орон сууцанд оруулж “Орон сууц хөлслөх эрхийн бичиг” гардуулсан бөгөөд эдгээр иргэн “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын захиргаатай гэрээ байгуулан нүүж орсон.

Энэхүү сонгон шалгаруулалтаар эхний ээлжинд 1995-2012 оны хооронд өргөдлөө ирүүлсэн иргэдийг хамруулах бодлого баримталж ажилласан. Одоогоор “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд байрны асуудалтай холбоотой гомдол, хүсэлтийг шуурхай барагдуулан ажиллаж байна.

Ахмадуудаа оруулж буй энэ байрны хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том өрөө нь 37,3 метр квадрат хэмжээтэй. 1 метр квадрат талбайн түрээсийн төлбөр 3000 төг бөгөөд уг байрыг ахмадууд сард 77.4-111.9 мянган төгрөгөөр түрээслэн ашиглалтын зардлаа нэмж төлөн амьдрах юм.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн 2-р дугаар ээлжийн 396 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд 2015 оны 3 дугаар улирлын сүүлчээр эхний ээлжийн 132 айлын орон сууц ашиглалтанд орно.

2013 оны 05 дугаар сараас эхлэн “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг нийслэлийн ЗДТГ-ын Иргэд хүлээн авах төвөөр уламжлан авч эхэлсэн бөгөөд нийт 4694 иргэний өргөдлийг шинээр хүлээн аваад байна.