Малын сэг зэмийг устгаж дууссан байна
2009-2010 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас улсын хэмжээнд 8,1 сая мал хорогджээ. Хорогдсон малын сэг зэмийг устгаж үндсэндээ дууссан, хадваргүйтлийн ажил эхэллээ гэ ж өнөөдөр болсон Улсын онцгой комиссын хурлын үеэр мэдэгдлээ. Энэ ажилд зориулан Засгийн газраас 756,6 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн “Хөдөлбөл хөлс” хөтөлбөрийн хүрээнд Дундговь, Өвөрхангай, Ховд аймагт малын сэг зэмийг устгахад 2,1 тэрбум төгрөг зарцуулжээ.
30-60 хоногт үргэлжилсэн энэ ажилд 25673 хүн оролцсон байна.Малын сэг зэм устгал болоод ариутгал халдваргүйтлийг энэ сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болголоо. Мөн тэжээлийн ургамлын үрийн хангамжийг нэмэгдүүлэн, хадлан бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж ирэх сарын 15-наас хадлан, өвс тэжээл бэлтгэх ажлыг эхлүүлэх бэлтгэл хангахыг холбогдох албаны хүмүүст анхааруулсан юм. Мал сүргээ оторлон таргалуулах, хашаа хороо, өвөлжөө бууцыг ариутгах, мал сүргийг тарилга туулгалтад хамруулах талаар энэ хурлын үеэр мөн яригдсан юм.Малын сэг зэм устгах ажлыг Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймаг хангалтгүй зохион байгуулсан, харин Баян-Өлгий, Булган, Дорноговь, Хэнтий, Ховд, Дундговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот орон нутгийн нөөц боломжийг ашиглан сайн зохион байгуулсан гэлээ.