Амбиц ба хөшөө дурсгал
Туркменистаны ерөнхийлөгч Гурбангула Бердымухамедовын алтадсан хөшөө
2015.05.26

Амбиц ба хөшөө дурсгал

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангула Бердымухамедов өөрийн алтадсан хөшөөний нээлтийг нийслэл Ашхабадад тавдугаар сарын 25 нд буюу Нийслэл хотын өдрөөр хийлээ.  Хүрлээр цутгаж 24 каратын алтаар бүрхсэн морин хөшөөний 15 метр өндөр суурийг гантигаар хийсэн байна. Хөшөөний нийт өндөр 21 метр.  Гэхдээ Бердымухамедов нь хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас амьд ахуйдаа хөшөөгөө босгосон цорын ганц лидер биш юм.

Амьд ахуйдаа хамгийн их хөшөөг босгуулсан хүн бол мөн л Туркменистаны ерөнхийлөгч агсан Сапармурат Ниязов юм. Тэрээр 1991-2006 онд ерөнхийлөгч байх хугацаандаа 14 000 орчим хөшөө бариулжээ. Үүн дотроос хамгийн алдартай хөшөө нь Ашхабадын Төв талбайд байдаг «Арки Нейтралитет» юм. Хөшөөний нээлтийн ажиллагаа 1998 оны 12 дугаар сард болсон. Цогцолборын оройд хийсч буй төрийн далбааны өмнө гараа алдалсан Ниязовыг дүрсэлжээ. Алтаар бүрсэн, 12 метрийн өндөртэй Ниязовын энэхүү баримал нарны дагуу суурин дээрээ эргэдэг аж.

Сапармурат Ниязовын хөшөө

2006 онд Ниязоваг нас барсны дараа түүний залгамжлагч Бердымухамедов өмнөх ерөнхийлөгчийн хөшөө дурсгалуудтай дайн зарлав. Ниязовын олон хөшөөг нурааж, эцэстээ 2010 онд Арки Нейтралитетыг буулгах шийдвэр гаргажээ. Гэхдээ бүрэн нураалгүй нэрийг нь өөрчилж, 20 метрээр өндөр болгоод 2011 онд дахин нээжээ. 

Ерөнхийлөгчийг тахин шүтэх үзэгдэл зөвхөн Туркменистанд ч байдаг зүйл биш.  Казахстаны сөрөг хүчний төлөөлөгч Сергей Дувановын хэлснээр Казахстанд энэ үзэгдэл Туркменистанд байдаг шиг тийм түвшинд хүрээгүй ч шинэ хөшөө босох бүрт үүнд ойртож байгаа аж.  2011 оны 11 дүгээр сард Алма Ата хотод “Казахстан” нэртэй хөшөөт цогцолбор нээжээ. Төвд нь өнөөгийн ерөнхийлөгч зогсож, ар талд нь Алма Ата, Астана хотуудыг бэлгэдсэн жигүүрийг дүрсэлжээ.

Энэ бол Назарбаевын цорын ганц хөшөө биш.  2009 онд Астана хотод «Казак елi»  нэртэй Назарбаевыг дүрсэлсэн архитектурын цогцолборыг нээсэн.  Парламентын Сенатын дарга Касым-Жомарт Токаев хөшөөг нээхдээ “Казахстаны ард түмний сайн сайхны төлөө агуу их ажлыг хийсэн үндэсний удирдагч Назарбаевтаа бид чин зүрхний талархал илэрхийлэх ёстой” гэж хэлжээ.  Уг хөшөө нь “Анхны ерөнхийлөгч ба ард түмэн” гэсэн нэртэй болов.  Назарбаев энд Казахстаны ард түмний өмнө зогсоод ерөнхийлөгчийн тангараг өргөж байгаагаар дүрслэгдсэн байна.

"Казах үндэстэн" цогцолбор хөшөөний хэсэг

Назарбаевын өөр нэгэн дүр “Казахстаны тусгаар тогтнолын хөшөөнд” бий. Мөн тэнд ерөнхийлөгчийн гарын хэвтэй ном байдаг. 2012 онд парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчин жагсаал хийж магадгүй гэж үзсэнээс Алма Ата хотын удирдлага хөшөөт цогцолборыг түр хугацаагаар хааж Назарбаевыг дүрийг даавуугаар бүтээжээ. 

Казахстаны ерөнхийлөгчийн гарын өөр нэгэн хэв Астана хотын «Байтерек» хөшөөт цогцолборт байдаг. Төслийн ажлыг Назарбаев өөрөө санаачилжээ. Тус цогцолбор 1997 онд нийслэлийг нүүлгэсэн түүхт үйл явдлыг, харин ерөнхийлөгчийн гарын хээ амар амгалан амьдралыг билэгддэг.

Түүнчлэн Назарбаевын хөшөө дурсгалыг гадаадад босгожээ.  Жишээ нь 2008 онд Украйны Днепродзержинск хотод түүний цээж баримлыг бүтээсэн байна.  2013 онд баримлыг танхай этгээдүүд будаж орхижээ.

2010 онд Назабаевын хөшөөг Туркийн нийслэл Анкарагийн «Генчлик парк» нэртэй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэр үеийн ерөнхийлөгч Абдулла Гюлийн санаачилгаар босгосон байна.  Мөн 2012 онд Назарбаевын цээж баримал 2012 онд Молдавийн автономит тойрог Гагаузид бий болов. 

Үхлийн дараах амьдрал

Азербайджаны ерөнхийлөгч агсан Гейдар Алиевын хөшөөг босгох асуудал түүний амьд ахуйд яригдаж байсан ч ерөнхийлөгч өөрөө үхсэний дараа босговол босго гэжээ. Харин түүнийг нас барсны хойно хөшөө дурсгал нь зөвхөн Азербайджанд биш Атлантын далайн цаана хүртэл сүндэрлэх болов. Тухайлбал 2012 онд нийслэл Баку хотын захиргаа Мексикийн Мехикод хоёр ч цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах мөнгө өгсний дараа Алиевын хөшөө Мехикогийн төвд Махатма Ганди, Авраам Линкольн болон Мексикийн үндэсний баатруудтай зэрэгцэн босов. Гэрээ ёсоор Алиевын хөшөө 99 жил тус хүрээлэнд байх ёстой байлаа. Гэвч Мексикийн идэвхтнүүд эсэргүүцэж 2013 онд буулгахаас өөр аргагүй болжээ.

Үүнтэй төстэй түүх Канадын хот Ниагара-он-зе-Лейкт болж тэнд босгосон Алиевын цээж баримлыг 2012 онд буулгасан байна. Учир нь канадчууд түүнийг дарангуйлагч хэмээн үзсэн байна.

Мехико дахь Гейдар Алиевын хөшөө

Өнөөгийн ерөнхийлөгч, Гейдар Алиевын хүү Ильхам Алиев эцгийнхээ хөшөө дурсгалыг дэлхийн өнцөг булан бүрт босгоход багагүй мөнгө зарцуулдаг. Алиевын цээж баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн Гүрж, Украйн, ОХУ,  Румыни, Серб, Турк болон бусад орнуудад бий.