Ядуусаар баян хөгжингүй орнууд
Мексикийн ядуусын ба баячуудын хороолол
2015.05.25

Ядуусаар баян хөгжингүй орнууд

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (ЭЗХАХБ) хамгийн их баян хоосны ялгаатай 10 улсын жагсаалтыг гаргажээ.  Уг жагсаалтын дөрөвдүгээрт дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ оржээ. Харин хуучин Зөвлөлтийн нөлөөнд байсан орнуудаас Эстони оров.

Жагсаалтыг гаргасан судлаачдын үзэж буйгаар баян хоосны ялгаа хэдий чинээ их байна, төдий чинээ нийгмийн хөгжлийн тогтвортой байдалд хортой аж. ЭЗХАХБ-ын гишүүн 34 орон орлогын тэгш бус байдлаас болж 1985-2005 онд эдийн засаг нь 4,7 хувиар өсөх байсан боломжийг алдсан байна. 

Хамгийн аюултай нь тэгш бус байдал буурах бус өсөх хандлагатай байна.  Орлогын ялгаатай байдал эдийн засаг өсөх үеэс гадна одоогийнх шиг хямралтай байсан ч өссөн хэвээр байдаг. Хүн амын баян хэсэг нь эдийн засгийн өсөлтийн үр шимийг дангаар хүртдэг.  Сүүлийн 20 жилийн туршид ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын хүн амын 40 хувь эдийн засгийн өсөлтөөс огт ашиг олоогүй байна. 

Үүний гол шалтгаан хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл. Дээр дурьдсан 34 оронд ажиллаж буй хүмүүсийн гуравны нэг нь бүтэн өдрөөр ажилладаггүй.

АНУ

АНУ жагсаалтын дөрөвдүгээрт орсон. Харин Америкаас илүү баян, ядуугийн ялгаатай улсаар Чили, Мексик, Турк “шалгарав”. АНУ-ын дараа Израйль, Их Британи, Грек, Эстони, Португали, Япон оржээ.

Баян, хоосны ялгаа хамгийн бага улсаар Дани, Словени, Словаки, Норвеги тодорчээ.

Хүн амын орлогын ялгааг 1980-аад онтой харьцуулахад ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад энэ ялгаа бараг хоёр дахин өсчээ. 

ЭЗХАХБ нь дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны нэгэн чухал байгууллага бөгөөд Ази, Европ, Америк, Номхон далайн бүсийн зах зээлийн хөгжингүй орнуудыг багтаадаг. Энэ байгууллагад ОХУ, Хятад, Монгол гурав байдаггүй. 

Хамгийн их баян хоосны ялгаатай улсууд:

1. Чили

2. Мексик

3. Турк

4. АНУ

5. Израиль

6. Их Британи

7. Грек

8. Эстони

9. Португали

10. Япон