МАН ахмад дайчдыг хүлээн авч уулзлаа
Ахмад дайчдын хамт
2015.05.06

МАН ахмад дайчдыг хүлээн авч уулзлаа

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн, хүлээн авч уулзлаа.  Мөн тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан дайчдад МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одон гардуулан өгсөн юм. 

Шагналыг 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудад олгосон юм. Тодруулбал, 1939 оны Халх голын дайнд 31 дүгээр отръяадын байлдагчаар оролцсон С.Сумъяа, 1945 оны чөлөөлөх дайнд тулалдаж явсан Я.Дэмбэрэл, Т.Бат-Очир, С.Гомбосүрэн, Д.Жанцандорж, Ш.Цагаан, С.Ванчигдоо, Д.Ёндонжамц, Ц.Даш, Д.Магсаржав, Н.Шаравцамц, Д.Цэндмаа, Д.Цэнд-Аюуш нарын 13 ахмад дайчин багтаж байгаа аж.  Нэгэн цагт эх орноо харийн түрэмгийллээс хамгаалсан ахмад дайчдын дотор хуягт батальонд салаан дарга, их бууны тагнуулч гэх мэт түүхийн амьд гэрч олон бий.  Тиймээс ч МАН ахмад дайчдынхаа эх орон, тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ийнхүү хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ аж. 

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Эх орны ялалтын 70 жилийн ой тохиож байна.  Энэхүү дайнд гар бие оролцсон та бүхэндээ ялалтын 70 жилийн ойн баярын мэндийг хүргье. Дэлхийн II дайн бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гарз учруулсан дайн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дэлхийн улс орнуудын 60 гаруй улс орон энэхүү дайнд ямар нэгэн байдлаар оролцсон байдаг.  Нийтдээ 60 сая хүний амь насыг авч одсон түүхтэй. Энэхүү дайнд Зөвлөлтийн улаан арми хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн монголын ард түмэн Дэлхийн II дайнд ихээхэн анхаарал хандуулсны зэрэгцээ улс орон даяар оролцсон. 

Бид тухайн үед эдийн засгийн хувьд хүчирхэг гүрэн байгаагүй ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бүгдийг нь фронтод зориулж байсан.  Ингэж дайнд оролцож буй хүмүүсийнхээ урам зоригийг сэргээж байсан. Энэ бүгдийг Оросын ард түмэн үнэлж, дурсан ярьдаг. Дэлхийн II дайны төсгөлд японы түрэмгийлэгчид хятадын хойд бүс нутгийг эзлэн түрэмгийлж, монголын нутагт цөмрөн орж ирэхэд Монголын зэвсэгт хүчин Зөвлөлийн улаан армитай хамтран тулалдаж, ялалт байгуулсан түүхтэй.  Үүгээр дэлхийн II дайн өндөрлөсөн.  Үүний дараа манай улсын тусгаар тогтнолыг их гүрнүүд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Түүнчлэн монголд зохион байгуулагдаж байсан бүх үйл ажиллагааг МАН удирдаж байсан гэдгийг онцолж хэлмээр байна” гэлээ. 

 Шагнал гардуулах үер ахмад дайчид маань дайны он жилүүдийн түүхээс бидэнтэй хуваалцсан юм. 

С.Ванчигдоо

-Би баруун хязгаар нутагт Хилийн 5 дугаар отръядад алба хааж явсан.  Дайны үед тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж явлаа.  Баруун хязгаар, Алтай нутгаар тусгай үүрэгтэй явдаг байсан. Бид маш хүнд нөхцөлд байсан юм шүү дээ. 1947 онд нүдээ алдсан. Тэр үед их л хүнд байсан даа. 

Н.Шаравжамц

1945 оны чөлөөлөх дайнд наймдугаар сарын 10-нд орсон.  Бид эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа хайрлалгүй зүтгэж явсан.  Бидний туулж өнгөрүүлсэн зам хойч үед минь түүх болон үлджээ.  Би дайны галын шугамд ороогүй.  Гэхдээ ард талд нь тагнуулын үүрэг гүйцэтгэж явлаа.  Өөрөөр хэлбэл, нутгийн ард түмэнд аман ухуулга хийх, хурал хийдэг байсан.  Мөн баригдсан японуудыг манадаг байв.  Би японы нэг тагнуулыг барьж өгсөн.  Мөн Ням гэдэг хүнтэй Х.Цэдэнбалын онгоцыг манаж байсан. Тухайн үед 17 настай л хүүхэд явсан даа. Байнга байлдааны сургалт хийнэ.  

Д.Санжаа

Улсынхаа хилийг хамгаалах үүргийг таван жил гүйцэтгэсэн.  Эцэст нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож ялалт байгуулсан.  Би дайнд орохдоо Хурандаа Нянтайсүрэнгийн ангид дайнд оролцож явсан. Японы цэргүүдийг буулган авч зэвсэг техникийг нь хурааж явсан. Дайн бол маш хүнд нөхцөлтэй.  Ялангуяа Жанжхүүгийн давааны чиглэлд японы хориглолтын том анги байсан учраас тэнд гурван шөнө, гурван өдөр тулалдсан.  Манай цэргүүд ялалт байгуулж, олон баатар төрсөн.  Энэ бол эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амжилттай үүргээ гүйцэтгэсэн явдал юм шүү дээ.  Дайнд оролцож буй бидний хувьд хамгийн хэцүү нь морь буудах байсан.  Бид японы цэргүүдийг явган, унаагүй болгохын тулд морийг нь бууддаг байсан.  Энэ бол зөвхөн надад төдийгүй, монголын бүх цэрэгт хамгийн хэцүү зүйл байсан болов уу.