Халх голын ахмад дайчин Смирновтой ярилцав
Халх голын дайны ялалт нь Дэлхийн хоёрдугаар дайны хувь заяанд голлох нөлөө үзүүлсэн гэж түүхчид үздэг. Одоогоос 76 жилийн Монголын зүүн хязгаарт байлдаж явсан Зөвлөлтийн цэргүүдийн нэг болох энэ хүнтэй сэтгүүлч миний бие 5 жилийн өмнө Москва хотноо оюутан ахуйдаа уулзаж ярилцаж байсан юм. Уншигч та бүхэндээ түүнтэй хийсэн ярилцлагыг сонирхуулъя.
Аугаа Эх Орны Дайны ялалтын баярын 65 жилийн ойг тохиолдуулаад блогтоо нэгэн хүндтэй зочныг урин ярилцлаа. Энэ хүн Халх голын дайн, эх орны дайны хүнд жилүүдийг эр зоригтойгоор тулалдаж өнгөрөөсөн юм. Чөлөөнд гарсан хурандаа Владимир Васильевич Смирнов нь Москвад амьдарч буй Халх голчуудын хамгийн ахмад нь юм. Тэрээр одоо 96 настай бөгөөд ер бусын эрүүл чийрэг биетэй, хурц ухаантай. Ухаант буурал бодохгүйгээр шууд л, Халх голд мөр зэрэгцэн тулалдаж байсан дайчин нөхдийнхөө нэр ус, анги нэгтгэлийн дугаарыг цээжээр хэлж байлаа.
- Сайн байна уу! Владимир Васильевич. Аугаа ялалтын 65 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Сайн. Сайн байна уу! Баярлалаа.
- Халх голын дайнд явахын өмнөх үеийн түүхээсээ хуучлаач.
Халх гол руу явахад би 25 настай байсан юм. Харин үүнээс өмнө би багшаар ажиллаж байсан. Гэтэл намайг улаан армид дууддаг юм байна. Зүгээр ч нэг дуудсангүй, надад 5 сурагч надад даалгаж өгсөн. Тэдний нэг нь надтай хамт Ленинградын цэрэг инженерийн сургуульд суралцах ёстой байлаа. Багш байсан учраас хоёрыг нь их бууны сургуульд, нэгийг нь нисэх хүчний, нөгөөг нь явган цэргийн сургуульд авьяас чадварыг нь харгалзан тодорхойлж өглөө. Тэгээд шалгалт өглөө. Үнэндээ би энэ сургуульд элсэхийг хүсээгүй. Учир нь математик гэх мэтийн шинжлэх ухаанд дургүй байсан юм. Гэтэл тэнцэж орхив. Бид бүхнээс бүхэл бүтэн батольон бүрдүүлэх тушаал байв. Ингээд л тангараг өргөн цэргийн сургуулийн сонсогч боллоо.
Харин дөнгөж сургуулиа төгсөөд дэслэгч цолтойгоор Халхын гол явсан юм.
- Халх голын дайны явцад та ямар анги нэгтгэлд алба хааж байв?
Намайг 57-р тусгай буудлагын корпусын 252-р инженер-саперын батальоны салаан даргаар томилсон. Эхний ээлжинд манай салаа Халх гол дээгүүр түр гүүр тавьж Монгол, Зөвлөлтийн цэргийг цаад эрэгт гаргах гарам бэлдэж байлаа. Халх гол тийм өргөн биш, 60-90 метр орчим. Хамгийн гол нь нэг ч гүүр байгаагүй болохоор хүндрэлтэй байсан юм.
Дараа нь Георгий Жуковын командлаж байсан 57-р буудлагын корпусын командын байрыг өнгөлөн далдлах ажил хийдэг байв. Харин 1939 оны 9-р сард Халх голын гол тулалдаан болсон Баян-цагааны өндөрлөгийн төлөө байлдаанд японы цэргийг бут цохиход оролцсон бөгөөд дээд командлалын тушаалаар дайсныг төөрөгдүүлэхийн тулд өвлийн нөхцөлд байлдах бэлтгэл хийж байгаа мэт байдал үзүүлсэн. Цэргүүд барилгын материал зөөж, бэхэлгээ барьж, нуувч ухаж байлаа. Дайснууд үүнийг зөвлөлт монголын цэргүүд бэхлэлт хийж байна гэж ойлгосон. удалгүй халх голын дайн дуусч билээ.
- Танай салааг үүрэг гүйцэтгэж байхад тохиосон хамгийн хүнд мөчийг санаж байгаа биз дээ?
1939 оны 6-р сарын 27-ны өдрийг маш тод санаж байна. Би салааныхаа хамт Халх гол дээгүүр цэргүүдийг саадгүй гаргах ажлыг хариуцаж байлаа. Японы онгоцууд бидний барьсан гүүрийг гурван удаа дэлбэлж орхидог юм байна. Аргаа барахдаа ямартаа ч ахин нэг удаа оролдоод үзэхээр шийдлээ. Түр гүүрээ бариад дуусаж байтал зүүн зүгээс японы онгоцууд гараад ирлээ. Миний тушаалын дагуу манай салаа урьд нь бэлтгэсэн нуувчиндаа нуугдсан. Харин японы онгоцнууд хажуугаар нисэж өнгөрсөн. Гэнэт 3-н онгоц чиглэлээ өөрчлөн доошилсоор биднийг чиглээд ирэх нь тэр. Энэ үед ус руу үсрэхээс өөр аргагүй боллоо. Тэд хэд хэдэн бөмбөг хаясан боловч гарамыг их аюултай эвдэж чадсангүй. Гэтэл нэг бөмбөг гарамын ойролцоо тусч, би дэлбэрэлтийн долгионд цохиулан эсрэг талын эрэг дээр шидэгдэв. Хэсэг хугацаанд юу ч харахгүй, сонсохгүй болсон, гэнэт цэргүүдийнхээ дууг сонсож, тэд маань намайг уснаас гаргаж авсан юм.
Япончуудын гол зорилго нь Халх голын наад эрэгт гарах байлаа. Япон нисгэгчид бидэнд мөн ч их төвөг удсан даа.
- Дайсантай нүүр тулахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
Өглөө биднийг босмогц японы нэгэн тагнуулын онгоц бидний дээгүүр эргэлдэн нисдэг байлаа. Бид түүнийг “Ажилгүй Иван” гэж хочлов. Биднийг онгоцоо хөөргөх тэр мөчид өөрийнхөө бааз руу яваад өгдөг байв. Бид дээд командлалын тушаалаар нөгөө эрэг рүү гарах эрхгүй. Хэрэв хэн нэгэн тушаалгүй гарвал цэргийн хээрийн шүүхээр шүүнэ. “Ажилгүй Иванаас” бид бүхэн залхаж бааз руугаа хүнс зөөж, өөрсдийн техникүүдээ далдалж эхэлсэн юм.
Япончуудын гол зорилго нь Халх голын наад эрэгт гарах байлаа. Япон нисгэгчид бидэнд мөн ч их төвөг удсан даа. Тэдэнд хүчирхэг нисэх хүчин байсан. Тэд их зальтай бөгөөд тактик нь нарийн. Галлаж байгаад ямар ч чимээгүй болсноо хэсэг хугацааны дараа ахиад л галлаж эхэлнэ. Заримдаа японы талыг тагнах тушаал ирж, эсрэг талаас ганц нэг амьд хэл олзолно. Япончууд цаанаа л нэг тааламжгүй харагддаг байсан. Би хоёр удаагийн тааламжгүй тохиолдлыг санаж байна. Бусдын гарт орохоо мэдэнгүүт япон цэрэг түрийнээсээ хутга гаргаж ирэн, муухай орилоод шууд гэдсээ хүүлчихнэ. Энэ үед миний дотор их аягүй болж байсан санагддаг юм. Эсвэл, “Би өөрийнхөө хүнийг та нарт авчирлаа. Тэр одоо та нарын хүү болно” гэх мэтчилэнгийн юм ярина.
В.В.Смирнов: Өнөөгийн энх тайван цаг ямар үнээр олдсоныг залуу үе мартаж болохгүй.
- Дайны төгсгөл хэсгийн мөчүүдийг дурьдвал?
Зөвлөлт-монголын тал япончуудтай харьцуулахад хүн, техникээр дутуу байсан. Япончуудад америк үйлдвэрийн сайн чанарын техникүүд байснаас гадна тэдний хүмүүс нь сайн бэлтгэлтэй. Биднийхээс хамаагүй том гүүрийг нэг шөнийн дотор барьчихна. Морин цэргийн хороо нь ч гэсэн муугүй. Гэхдээ Жуков армийг зөв командалж чадсан юм. Бид маш сайн их буучидтай байлаа. Баян цагааны төлөөх тулаанд их буучид японы олон машиныг устгасан. Дайн дууссаны дараа олон япончуудыг олзолсон. Дайны дүр зургийг нь дурсахад ч аймшигтай. Халуун нар, чих дөжрөм дуу чимээг тэсвэрлэхийн аргагүй. Тулааны явцад нөхдийнхөө амь үрэгдэхийг харахад хэцүү шүү дээ. Тэр жилдээ би шууд гэртээ ирж билээ. Дараа нь Эх орны агуу их дайн эхэлж эхнээс нь эцсий нь хүртэл явсан даа. 1945 оны 6-р сарын 24-ны ялалтын парадад оролцсон.
Таны залуу үедээ хандаж хэлэх үг?
Ахмад дайчдын тоо жил ирэх тусам цөөрсөөр байна. Халх голын дайнд оролцогчдоос одоо 11 хүн Москвад амьдарч байгаа. Өнөөгийн энх тайван цаг ямар үнээр олдсоныг залуу үе мартаж болохгүй.
Владимир Васильевич! Бидэнд ирээдүйг бэлэглэсэн та бүгдийн гавьяаг монголын үр хойч мартахгүй. Миний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд таньд их баярлалаа. Таньд сайн сайхныг хүсье.
Өвгөн дайчинтай удаан ярилцахыг зорьсонгүй. Дайны дараа тэрээр багшийнхаа мэргэжлээр ажилласаар тэтгэвэрт гарчээ. Энэ хугацаанд монголд хэдэнтээ очиж, цэрэг инженерийн төсөл удирдан ажиллаж байсан байна. Энгэр дүүрэн одон дотор нь монголын «Улаан тугын» одон, «Цэргийн гавьяаны» одон, «Алтан гадас» одон харагдана. 2009 оны 8 сард монгол руу ахин явж Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд оролцжээ.
Ярианы дараа өвгөн хурандаа маань ОХУ-дахь Монголын Элчин Сайдын яаман дээр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүлээн авалтанд оролцохоор гарлаа. Тэрээр залуу хүний нэгэн адил явганаар хэдэн буудал газар алхахыг нь харахад 96 настай гэхэд итгэмээргүй санагдаж байлаа.
Ярилцсан Г.Даваадорж. Москва хот 2010 оны 5 дугаар сарынй 9