Цагаачдаас залхсан Европ
Африкийн цагаачид манай гаригийн хамгийн аюултай усан зам гэгддэг Газар дундын тэнгисээр дамжин амиараа дэнчин тавин Европод хүрдэг.
2015.04.24

Цагаачдаас залхсан Европ

Европын холбоо цагаачдыг яах тухайгаа шийдэхээр боллоо. Одоогоор Европын холбооны ээлжит бус хурал Брюссельд болж байна. Хэлэлцэх гол асуудал нь Африк, Ойрхи Дорнодоос Европод ирсэн хэдэн арван мянган хууль бус цагаачид. Хэвлэлийнхний олж мэдсэнээр Европын холбоо хууль бус цагаачдын 90 хувийг нутаг буцаах аж.

Guardian сонины сэтгүүлчдийн ярьснаар тэд Европын холбооны хурлын тогтоолыг харсан аж. Ямартаа ч Европын орнууд хууль бус цагаачидтай хатуу үзэхээр шийджээ. Зөвхөн 5000 цагаачдыг Европод үлдээх аж.  Багаар бодоход 150 000 хүнийг нутаг буцаана. 

Хууль бус цагаачдын давалгаанд хамгийн их өртдөг Итали улс энэхүү ээлжит бус хуралдааныг санаачлан эхлүүлжээ. 2015 оны 3 сар хагасын дотор Европын холбооны Frontex хилийн агентлагийн мэдээлснээр Итали, Мальти, Грек зэрэг улсад 36 000 цагаач Газар дундын тэнгисээр дамжин иржээ. Манай гаригийн хамгийн аюултай усан зам гэж тооцогддог Газар дундын тэнгист 2015 он гарснаас хойш 1700 хүн амь насаа алджээ.

Олон хүн Еврокомиссыг хүний амийг хамгаалах гэхээсээ хил хязгаартаа илүү анхаарал тавьдаг гэж шүүмжилдэг.  Гэвч Frontex хилийн агентлагийн зохион байгуулдаг байсан осолдсон цагаачдыг эрэн хайх, аврах “Тритон” ажиллагаа эргэн сэргэнэ гэдэг найдлага тун бага байна. Европын холбооны гадаад хэргийн болон дотоод хэргийн сайд нарын санал болгосон “Тритон”-ы санхүүжилтийг хоёр дахин нэмэх тухай санаа зөвхөн цаасан дээр үлдэх бололтой.  Түүгээр зогсохгүй одоогоор Итали, Мальтын эрэг дагуу хийдэг 50 км-ийн бүсийн аврах ажиллагааг өргөжүүлэхгүй орхихыг ч үгүйсгэхгүй.

Африкийн цагаачдын маршрут

Хурлын өмнөхөн Европын холбооны хилийн агентлагийн захирал Фабрис Леггери хилийн алба болон Тритоны гол зорилго нь тэнгист осолдсон хууль бус цагаачдыг аврах явдал биш гэж нэг бус удаа хэлсэн.  Хэрэв энэ удаагийн хурлаар дорвитой шийдвэр гарахгүй бол цагаачид амиа алдсан хэвээр байна. Нөгөө талаас дайн дажинаас дүрвэж аюулгүй, чинээлэг Европод амьдрах гэсэндээ амиараа дэнчин тавьж Газар дундын тэнгисийг гатлах явцдаа живэгсдийн тоо буурахгүй байна. 

Энэ удаа Европын холбоо хууль бус цагаачдыг зөөдөг контробандуудын завь, онгоцыг илрүүлж барих ажиллагааг эрчимжүүлэх бололтой.

Хэрвээ Европын холбоо зөвхөн 5000 цагаачийг үлдээд бусдыг нь нутаг буцаах шийдвэр гаргавал хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэх болно.

Удахгүй Европын холбооноос тусгай баг Италид очиж шинээр ирсэн цагаачдаас хурууных нь хээг авахад тусална.  Түүнчлэн Тунис, Египт, Мали, Нигер улсуудад хуурай замын хилийн хяналтыг чангатгана.  Учир нь эдгээр орноос хамгийн их цагаачид ирдэг. 

2014 оны 10 дугаар сарыг хүртэл Итали улс Газар дундын тэнгист аврах ажиллагаа явуулж байсан ч Европын холбоо санхүүжилтээ зогсоосноос хойш цагаачдын амь нас байгалийн мэдэлд оржээ.