Сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр давуу эрхтэй, төлбөрөө төлдөггүй
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.05.01

Сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр давуу эрхтэй, төлбөрөө төлдөггүй

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганаар Худалдааны тухай хууль болон Засгийн газрын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Худалдааны хуулийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав. 

Тэрээр сүүлийн таван жил экспорт 75 хувь, импорт 25 хувь өссөн. Үндэсний эдийн засагт аюулгүй байдлыг бий болгох зорилгоор, мөн гадаад худалдааны таатай орчинг бий болгох үүднээс, гадаад орнуудтай харилцан ашигтай ажиллахад төрийн бодлого, зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна гэв. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ " Сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр давуу эрхтэй байна. Бараа бүтээгдэхүүн авчихаад хадгалах зоорь лангуу муугаас тухайн бүтээгдэхүүнийг муутгачихаад үйлдвэрлэгчид болоод импортлогчиддоо буцаагаад өгчихдөг.  Мөнгөө төлдөггүй гэх зөрчил ихтэй байна. Энэ асуудалд хариуцлага тооцдог арга байна уу" гэв. Мөн тэрээр жижиглэн, гудамжны худалдааг хааж боох ямар хэрэг байна. Гадны орнуудад энэ худалдааг хүлээн зөвшөөрөөд худалдаа явагдаж л байна шүү дээ" гэв. 

Дашрамд дуулгахад, үдээс хойшхи чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрхзүйн орчин, Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар энэ асуудлаар мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалгаанаар тэрээр чуулганд ирж чадаагүй юм.