Ажлаас үндэслэлгүй халсан гэх асуудалд тайлбар өглөө
Нээлттэй сонсгол боллоо
2015.04.30

Ажлаас үндэслэлгүй халсан гэх асуудалд тайлбар өглөө

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай асуудлаар Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд хэлэлцүүлэг өрнөлөө.

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, ШШГЕГ, Төрийн бус байгууллагууд, өргөдөл гаргагч иргэдийн төлөөллүүд оролцсон юм.

Төсөвт бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зардалд 5.3 тэрбум төгрөг тусгасан байна

Нээлттэй сонсголыг нээж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга  О.Баасанхүү “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар авах зорилгоор  УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны нээлттэй сонсгол хийж байна. 2014-2015 онд  ажлаас үндэслэлгүй халсан гэх 179 өргөдөл ирсэн.

Үүний 64 нь Хөдөлмөрийн яам болон салбарын хэмжээнд, 66 нь БОНХАЖЯ болон салбарын хэмжээнд, 11 нь  Эрүүл мэнд, спортын яам, 14 нь ХХААЯ болон салбарын хэмжээнд, тав нь Барилга, хот байгуулалтын яамны салбар, найм нь БСШУЯ-ны салбарын ажилтан ажиллагсад байсан авч үзвэл яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар үндэслэлгүйгээр албан  хаагчдыг чөлөөлөх шийдвэр гаргаж байна. Тухайн албан тушаалтны чиг үүрэг хэвээр байхад албан тушаалын нэр, газар, хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн  өөрчлөлтөд оруулж байна  гэх зэргээр өргөдөлдөө  бичсэн байна.

Төрийн 3 албаны зөвлөлийн 2014 оны тайланд тусгаснаар өнгөрсөн онд Засгийн газрын бүтцэд гурван удаа  өөрчлөлт хөдөлгөөн оржээ. Нийт төрийн байгууллагуудын хэмжээнд 1500-2000 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн мэдээ байна. Сангийн яамны мэдээгээр Монгол Улсын 2015 оны тодотгосон төсөвт бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зардалд нийт таван тэрбум 378 сая 313 мянган төгрөг тусгасан байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн мэдээгээр 2013,онд Захиргааны хэргийн шүүхэд хандан Ажилд эргүүлэн томилох төрийн албан хаагчийн нэхэмжлэл гаргасан 347, Шүүхээр ажилд нь эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн 186, Ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжилж шийдвэрлэсэн 155 хүнд нийт 739 сая 210 мянга 451 төгрөгийг олгосон байна. Харин иргэний хэргийн шүүхэд хандан Төрийн үйлчилгээний албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан 630 хэргийг шийдвэрлэж, нэг тэрбум 315 сая 809 мянга 383 төгрөгийг нөхөн олгосон.

Сүүлийн хоёр жилд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан хэмээн шүүхээр шийдүүлж, нөхөн олговорт нь улсын төсвөөс хоёр тэрбум 55 сая 019 мянга 834 төгрөгийг олгожээ. Төрийн албаны залгамж халаа, үйл ажиллагааны тогтвортой байдлыг үл харгалзан Засгийн газрын гишүүд өөрийн харьяа яам, агентлаг, газар хэлтсийн дарга нарыг халж сольсон талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг үндэслэж Хөдөлмөрийн яам, БОНХАЖЯ, ЭМСЯ-ны сайд нарыг энд урьсан. Тэд өөрсдийн тайлбараа гаргах биз” гэсэн юм.

Үүний дагуу Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Оюунхорол,   Хөдөлмөрийн сайд С. Чинзориг, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар өөрсдийн тайлбар өгсөн юм.

Н.Оюунхорол: 29 сав газрыг 26 сав газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн болохоос биш улс төрийн халаа сэлгээгээр нэг ч хүнийг солиогүй

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Оюунхорол “Миний хувьд анх удаа Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг авч ажиллаж байна. 6 жилийн хугацаанд төрийн ажлыг хурдан шуурхай явуулахын тулд чадварлаг баг хамт олныг бүрдүүлж, хуулиа дээдлэх үүднээс өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж байгаа. Нэг ч хүнийг улс төрийн халаа сэлгээгээр солиогүй. 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдөр  хүртэлх хугацаанд сайд, төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр салбарын хэмжээнд өөрийн хүсэлтээр найм, суралцахаар дөрөв, тэтгэвэрт гарсан гурав, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 29, өөр байгууллагад шилжсэн долоо, гэрээт ажилтны гэрээ нь дууссан ес, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоон дээр түр ажиллуулж байсан таван хүн чөлөөлөгдсөн.

Эдгээрийн 20 нь өмнөх удирдлагуудын үед гаргасан шийдвэрээр чөлөөлөгдсөн. 2015 оны Төсвийн тухай хуулиар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Усны сав газруудын бүтэц орон тоог 23-аар цөөрүүлж, 208 албан хаагчтай байхаар цалингийн санг баталсан. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа сэв газруудын ажлын нягтрал, ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 29 сав газрыг 26 сав газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 14 албан хаагчдаас найман хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр тухайн орон нутагт нь асуудал хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн томилж ажиллуулж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

С.Чинзориг: Хөдөлмөрийн сайдын хувьд нэг ч хүнийг Төрийн албанаас хууль бусаар ажлаас халаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Намайг Хөдөлмөрийн сайдаар томилогдон ирэхэд Хөдөлмөрийн яамны 12 газар, хэлтсийн дарга, нийслэлийн Хөдөлмөрийн газар, аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 31 дарга, зарим МСҮТ, Политехникийн коллежийн 29 захирал бүгд тү(э орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Сайдаар томилогдсоноос хойш Хөдөлмөрийн яамны бүтцийг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу 100 орон тоотой, зургаан газар, дөрвөн хэлтэстэй болгосон. Хөдөлмөрийн сайдын хувьд нэг ч хүнийг төрийн албанаас хууль бусаар ажлаас халаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Харин төрийн албаны хууль тогтоомж, Засгийн газрын холбогдох журмыг үндэслэн нийслэлийн Хөдөлмөрийн газар, аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, зарим МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Нийслэлийн Хөдөлмөрийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтыг ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд явуулна. МСҮТ, Политехникийн коллежийн захирлын сонгон шалгаруулалт ирэх сарын 9, 10-нд болно. Чөлөөлөгдсөн түр орлон гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгаа” гэлээ.

Г.Шийлэгдамба: Ажлаа аваад нэг ч эмнэлгийн даргыг өөрчлөөгүй

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “УИХ-аар батлагдсан Засгийн газрын бүтциин тухай хуулиар яамны үндсэн чиг үүрэг өргөжиж, Эрүүл мэнд спортын яам шинээр байгуулагдсан. Соёл, спорт аялал жуулчлалын яам татан буугдаж, тус яаманд бодлого зангидаж байсан нийтийн биеийн тамир, спортын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг шинээр байгуулагдсан ЭМСЯ-д шилжиж ирснээр яамны чиг үүрэг өөрчлөгдөж, бүтэц зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт орох үндэс болсон.

Бид Засгийн газрын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг байгуулсан. Өмнөх Эрүүл мэндийн яам дөрвөн газар, найман хэлтэстэй, 118 орон тоотой байсныг шинэ бүтцээр таван газар дөрвөн хэлтэстэй болгосон. Өргөдлийн байнгын хороонд ирсэн 11 өргөдөл бол төрийн албан хаагч хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоотой өргөдөл биш.

Энэ асуудал үүсгэж байгаа зүйл нь Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал. Өмнө нь хоёр Төрийн нарийн бичгийн даргатай байсан. Хатанбаатар гурван шатны шүүхээр яваад үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шийдвэртэй. Эрдэнэтуяагийн хувьд өмнө нь хашиж байгаагүй буюу ЭМСЯ- ны Төрийн нарийн бичгийн албан тушаалд эргүүлэн томилох шийдвэрийг шүүхээс гаргуулсан. Өөрөөр хэлбэл, нэг ажлын байранд хоёр хүнийг томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Одоо сонгон шалгаруулалт төлөвлөгдсөн байтал шүүхийн асуудал сөхөгдөж асуудал хойшлоод байна. Би ажлаа аваад нэг ч эмнэлгийн даргыг өөрчлөөгүй" гэсэн юм.

Ийнхүү Засгийн газрын гишүүд тайлбар хийсний дараа УИХ-ын гишүүд тэднээс асуулт асууж хариулт авсан юм. Түүнийг багцлан хүргэе.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: -Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаа халсан шалтгаанаар төр долоон найман тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон уу. Хэрвээ тийм бол энэ буцаан төлөгдөх боломжтой юу?

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төсөвт таван тэрбум орчим төгрөг тусгаад явж байгаа. Сангийн яам ямар ч асуудал дээр зөвхөн УИХ-аас батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. О.Баасанхүү гиш«үүний яриад байгаа 2.5 тэрбум төр ажлаас үндэслэлгүй халагдсан иргэдэд өгөхөөр болсон. Угаасаа хуульд ч тийм байдаг. 2012, 2013 онд гаргасан буруутай шийдвэрийн хохирол 2.5 тэрбум. Өнөөдрийн гаргаад байгаа шийдвэр биш. Цаашдаа 5.3тэрбум төгрөгийн зарлага гаргана.

-АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Д.Оюунхорол сайд Багануурт байсан усны сав газрыг шилжүүлж Хэнтий аймагт байгуулсан. Даргаар нь Жадамбаа гэдэг хүнийг томилсон байгаа. Жадамбаа гэдэг хүн өмнө нь 8-10 жил сумын Засаг дарга хийж байсан МАН-ын гишүүн. улстөрийн албан тушаал хашиж байсан. Яагаад энэ хүнийг томилсон бэ?

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: Бид хууль зөрчсөн ямар ч асуудал хийгээгүй. Хэнтий аймгийн иргэд хэрлэн голын сав газрыг аймагтаа байгуулж өгөхийг хүссэн. Өмнөх сайдын үед улс төрийн шийдвэрээр Багануур дүүрэгт байгуулагдсан юм билээ. Хэнтий аймгийн Засаг дарга АН-ын хүн. Хэрлэн голын сав газрыг орон нутагт нь байгуулж өгөх хүсэлт тавьсан. Тиймээс л энэ асуудлыг шийдсэн. Энэ ажлыг хийж чадах чадвартай гэж үзэн Багануур сумын даргыг томилсон. Үүнд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй.

-АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: С.Чинзориг сайд та гудамжнаас хүмүүс авч ирж хоёр жил ажиллуулсан гэж хэлсэн. Үүнийгээ баталж чадах уу. Мөн дараагийн түр орлон гүйцэтгэгч хууль ёсных болж чадах болов уу?

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Гишүүд асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач ээ гэдгийг хэлмээр байна. Бид асуудлаа зөв оношлох талд анхаарал хандуулах ёстой. Сая би гудамжны гэдэг үг ерөөсөө хэлээгүй. Үг мушгиж байгаа нь харамсалтай байна. Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэнийг томилж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Гэвч 2013 онд үүнийгээ эргээд хүчингүй болгосон байгаа юм. Тиймээс түр орлон гүйцэтгэгч чинь хууль бус болчихоод байгаа юм. Тэгэхээр надад ямар боломж үлдсэн гэхээр 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан.