Хэнд нь итгэх вэ ?
Нээлттэй сонсголыг Төрийн ордны нээллттэй сонсголын танхимд зохион байгууллаа.
2015.04.29

Хэнд нь итгэх вэ ?

Монгол улсад төрийн албан хаагчдын тоо 2013 онд 169448 байсан бол жилийн дараа 183601 болтлоо өссөн нь Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгын эсрэг гэлтэй.

Харин Шийдлийн засгийн газар байгуулагдсанаар зарим яам, тамгын газрын халаа сэлгээнүүд нийгэмд багагүй шуугиан тарьсан. Эдгээрийн тэргүүн эгнээнд БОНХАЖЯ болон Хөдөлмөрийн яам тэргүүлж байна. Тухайлбал С.Чинзориг сайдын яманд 64 өргөдөл, Д.Оюунхорол сайдын харьяанд байгаа яамд 66 өргөдөл ирснээр тэргүүлсэн.

Тиймээс УИХ дах Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай 179 өргөдлийн хариу болгож салбар яамдын сайд,  төрийн нарийнуудын оролцсон нээлттэй сонсголыг Төрийн ордны нээллттэй сонсголын танхимд зохион байгууллаа. Түүнчлэн УИХ дах намын бүлгүүдийн дарга, гишүүд байлцлаа.

Нээлттэй сонсголын хүрээнд ажлаас халагдсан иргэдийг төлөөлж ирсэн хүмүүс үг хэлсэн. Тухайлбал Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд сав газрын албыг хашдаг байсан иргэн Ц.Дэлгэрмаа “Биднийг  үндэслэлгүй халагдсан асуудлаа  шүүхийн байгууллагад тавихад “Намын харьяаллаар  халж байгаа бол нэмэргүй. Хичнээн заргалдаад тус болохгүй” гэж хүмүүс хэлсэн.

Байгаль орчин, ногоон  хөгжлийн яаманд  Сав газрын захиргаа УИХ-ын  254-р тогтоолоор байгуулагдсан. Гэтэл Д.Оюунхорол  сайд 17 сав газрын дарга нарыг  нэг өдөр чөлөөлсөн.   Үндэслэл нь Төрийн албаны тухай  хуулийн   27.4 буюу ажлын ур чадваргүй  учраас гэсэн. Харин  ТАЗ-өөс  биднийг ур чадваргүй болох нь тогтоогдоогүй гэж дүгнээд байгаа.  Одоо  17 сав газрын  дарга нарын асуудлаас найм нь  захиргааны хэргийн шүүх дээр,  дөрөв  нь  ажилгүй, дөрвөн хүн нь албан ёсоор ажиллаж байгаа” гэсэн юм.

Д.Оюунхорол: Бид  хууль зөрчөөгүй

Харин Д.Оюунхорол сайд “Өргөдлийн байнгын хороог төрийн албан хаагчдын тухай хуулийн хэрэгжилт, түүнтэй холбоотой асуудлаар илүү ухаалаг зүйл ярих байх гэж бодсон.  Гэтэл өнөөдрийн явж байгаа зарчим бол өөр байна. 

Улс төр хийж байна. 2012 оны сонгуулиас хойш Монголын улстөрд бий болсон шинэ үзэгдлийн талаар бид дүгнэлт хийж ярих шаардлагатай байсан байж магадгүй. 

Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын оролцоогүйгээр Монгол Улсын бүтэц, зохион байгуулалт, төрийн ажил явсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр халаа, сэлгээний асуудал биднээс эхлэлтэй биш. Бид  хууль зөрчсөн ямар ч асуудал хийгээгүй” хэмээн асуудлыг өөрөөсөө холдуулсан.

Засаг шинээр байгуулагдсанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд аялал жуулчлалын салбар харьяалагдаж төрийн албанд 15 хувийн цомхотгол хийх шийдвэрийг хэрэгжүүлж найман газар, найман хэлтэс, 118 орон тоотой ажиллахаар болж, зарим бүтцийн өөрчлөлт хийжээ.

Тодруулбал, бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдож Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 110 албан хаагч дээр нэмж Үндэсний хороодын ажлын албадын 37, Соёл, спорт аялал жуулчлалын яамны 11 нийт 48 хүн тус яаманд шилжиж ирсэн аж.

Гэвч батлагдсан орон тоо, 118 болж, дадлага туршлага, ажлын үр дүн зэргийг харгалзан үзэж, зарим албан тушаалтныг чөлөөлөхөөс аргагүй болсон гэв. Тиймээс энэ салбарын төлөө зүтгэж чадах хүмүүсээ авч үлдэн 46 хүнийг чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн иргэдийн тухайд нийт ажиллагсдын 1.61 хувь гэсэн мэдээллийг салбарын сайд Д.Оюунхорол сайд өгсөн.

Хөдөлмөрийн яам

Тус яамнаас халагдсан хүмүүсийг төлөөлж иргэн Н.Болдбаатар “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  26, Хөдөлмөрийн хэлтсийн  31  дарга нэг өдөр халагдсан. Энэ тушаалыг хууль бус гэж үзээд ТАЗ-ийн салбар зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Хөдөлмөрийн сайд энэ талаараа тайлбар хийсэн. Гудамжинд  байсан хүмүүсийг төрийн албанд оруулсан нь хууль бус гэсэн.  Ажлаасаа халагдсан 31 хэлтсийн даргаас  26 нь төрийн байгууллагад ажиллаж байсан, 18 нь  нөөцөд бүртгэгдсэн, 17 нь  тангараг өргөсөн  хүн байгаа юм. Энэ хүмүүсийг  гудамжнаас орж ирсэн гэж хэлэх үндэслэлгүй.  Тэгсэн мөртлөө  зургаан  газрын дарга, зарим хэлтсийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй шууд томилчихож байгаа юм. Ингэж  ялгаатай хандаж болохгүй” хэмээн хэлсэн.

С.Чинзориг: Түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлсөн

Харин сайд нь “Хөдөлмөрийн сайдаар томилогдсоноос хойшхи гурван сарын хугацаанд бүтэц, зохион байгуулалтын ажил хийсэн. Хөдөлмөрийн яамны бүтцийг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу 100 орон тоотой, 6 газар, 4 хэлтэстэй байхаар зохион байгуулсан.

Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Засгийн газрын 2015 оны 60 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн дарга албажиж томилогдсон. Яамны газар, хэлтсийн даргыг 100 хувь төрийн жинхэнэ албан хаагчаас сонгон шалгаруулж бүрдүүлсэн гэв.

Түүнчлэн өмнөх түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлсөн. Хөдөлмөрийн сайдын хувьд нэг ч хүнийг төрийн албанаас хууль бусаар ажлаас халаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

Тодруулбал С.Чинзоригийг албан тушаалдаа томилогдоод ирэхэд Хөдөлмөрийн яамны 12 газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газрын 31 дарга, зарим Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн дарга, Политехникийн коллежийн 29 захирал түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж.

Энэ нь өмнөх Засгийн газрын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалт зарлаж томилоогүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байсантай холбоотой аж. Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбогдож яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлаж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга сонгогдсон аж.

Тиймээс ажлаас чөлөөлөгдсөн үүрэг гүйцэтгэгч нар Төрийн албаны зөвлөлөөс зарлах сонгон шалгаруулалтад орх эрх нь нээлттэй юм байна.

Эрүүл мэнд спортын яам

Г.Шийлэгдамба: Гол асуудал нь Төрийн нарийн

Ямар ч хүн сайдаар нь томилогдсон хэл ам салдаггүй яам Эрүүл мэнд спортын яам. Тэдний гол асуудал нь Төрийн нарийн бичгийн даргаын суудал. Өмнөх Засгийн газрын үед Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан

Ж.Хатанбаатар үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн гэсэн шалтгаанаар гурван шатны шүүхэд гомдол гаргахад шийдвэр түүний талд гарчээ.

Гэтэл оронд нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байсан А.Эрдэнэтуяа мөн чөлөөлөгдөж, тэрээр шүүхэд хандсанаар “Үндэслэлгүйгээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул ажилд нь буцаан томил” гэх шийдвэр гарчээ.

Ингэснээр тус яам хоёр Төрийн нарийн бичгийн даргатай, гэтэл шинээр бүрдсэн Засгийн газраас Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарлах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргахад Эрүүл мэндийн яам маргаантай гэж үзсэнээр уг сонгон шалгаруулалт зарлагдаж чадахгүй өнөөг хүрсэн байна. Тэгэхээр яасан байх нь хоёр төрийн нарийнтай болж таарч байна.

Энэ талаар салбарын Г.Шийлэгдамба сайд “Яам одоо таван  газар, дөрвөн  хэлтэстэй  ажиллаж байгаа ч гол асуудал нь Төрийн нарийн бичгийн дарга нар. Өмнө нь хоёр Төрийн нарийн бичгийн даргатай байлаа. Ж.Хатанбаатар  гурван  шатны шүүхээр яваад үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шийдвэртэй.

Харин А.Эрдэнэтуяагийн хувьд  өмнө нь хашиж байгаагүй албан тушаалд  эргүүлэн  томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Өөрөөр хэлбэл,  нэг  ажлын байранд хоёр хүнийг томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнчлэн би ажлаа аваад  нэг ч  эмнэлгийн даргыг  өөрчлөөгүй. 

Шүүхэд хандсан нэг, хоёр хүний асуудлын хариуцагч нь Засгийн газар. Би ажлаа улстөрийн өнцгөөс биш мэргэжлийн баг, уламжлалыг хэвээр үргэлжлүүлэх, удирдах ажлын туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар энэ салбарын ажлыг авч явж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн хуралдаан гурван намын бүлгийн дарга болон бие даагчдийн зөвлөлөөс УИХ-ын гишүүд оролцсон. Тэд ч үг хэлэн холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайд нарын томилдог албан тушаал хязгаарлагдмал. Яамдын газар хэлтсийн дарга нарыг томилдог нь Төрийн нарийн бичгийн дарга. Өнөөдрийн нээлттэй сонсголоор асуудлыг хоёр талтай авч үзэх ёстой. Яамдыг сайд төлөөлдөг гээд төрийн албаны томилгоо ярих юм бол буруугаар сонсгол явна.

Хоёрт, хууль муу байгаадаа гол нь биш юм. Хууль хэрэгжүүлэхгүй байгаад л гол нь байгаа юм. Төрийн албаа намын гишүүнчлэлгүй болгоод 7 жил болж байна. Тэгэхээр улстөрчид томилдог томилгоог нэг, төрийн албаар явдаг зарчмаа нэг тусад нь болго. Холбогдох хуулиудыг шинээр өргөн барихаар зэхэж байна” хэмээн хэлсэн.

Харин Ж.Батзандан гишүүн арай өөр байр суурьтай байлаа. Тэрээ “Ажлаас халагдсан иргэдийг төлөөлөн ирсэн хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаад талархаж байна. 

Манайд байдаг нэг том асуудал бол ерөөсөө буруутан нь олдоггүй. Мөн төрийн албанд намчирхах үзэл маш их байдаг. Энэ хэлэлцүүлгийн гол учир нь намаараа талцаж, хуваагддагаа больё гэдэг л зарчим юм. С.Баярцогт хэлэхдээ сайд нар томилгоо хийдэггүй гэлээ. Бусад сайдууд ч янз бүрээр хариулж байх шиг байна. 

Гэхдээ яг үнэндээ бодит байдал дээр цэвэрлэгчээ томилохдоо хүртэл сайд нар оролцоод л явж байна. Тиймээс бодит байдлыг олж хараарай. Цаашид хэн хэн нь алдаагаа засч, шаардлагаа биелүүлээрэй” хэмээн нэлээд ширүүхэн байр сууриа илэрхийлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллээр сүүлийн хоёр жилд “Ажилд эргүүлэн томилох төрийн албан хаагчын” нэхэмжлэл 347, Шүүхээр ажилд нь эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн 186, Ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжилж шийдвэрлэсэн 155, нийт мөнгөн дүн нь 739 орчим төгрөг болжээ.

Түүнчлэн үүн дээр нэмээд Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн Албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан хэргийг шийдвэрлэсэн 630 тохиолдлын мөнгөн дүнг оруулаад нийт хоёр тэрбум 55 сая төгрөг болж байгаа аж.

Харин Сангийн яамны мэдээгээр 2015 оны тодотгосон төсөвт бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмжийн зардалд нийт таван тэрбум 378 сая 313 мянган төгрөгийг төсөвлөжээ. Ямартай ч үр дүнд нь сонсголд оролцсон олонхи Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ.