Нийтийн тээвэр бэлэн бус төлбөрийн системд шилжлээ
Ухаалаг автобус
2015.04.24

Нийтийн тээвэр бэлэн бус төлбөрийн системд шилжлээ

Амжилттай боллоо…

Одоогоос жил гаруйн өмнө нийтийн тээврийн салбарт картын систем нэвтрүүлж, бэлэн бус төлбөрийн тогтолцоог нэвтрүүлнэ гэхэд “Энэ нь манай улсад тохирохгүй. Туулайчилж явах үзэгдэл хавтгайрна” зэргээр дэлхий дахины хөгжлийг хүлээн авах бэлтгэлгүй байсан Улаанбаатар хотод өчигдөр бэлэн бус төлбөрийн системтэй нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гарлаа. Хэдийгээр улс орнууд 1990-ээд оноос нийтийн тээврийн салбартаа “кондукторгүй” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн ч бид “ухаалаг” тодотголтой автобусыг үйлчилгээнд амжилттай туршсанаар нийтийн тээврийн салбартаа технологиор тэргүүлэгч олон улстай эн зэрэгцэх боломжтой болж байгаа юм. Нийтийн тээврийн хөгжил нь тухайн хотын хөгжлийг илэрхийлдгээс гадна, нийгмийн захиалгат үйлчилгээ тул алхам тутамдаа хөгжил, дэвшлийг шаардаж байдаг чухал салбар билээ.

30 автобусыг туршлаа

Ухаалаг төхөөрөмж суури­луул­сан 30 том оврын автобус үйл­чилгээнд гарлаа. Уг төхөө­рөмжийг автобусны хаалга бүрд суурилуулсан учраас зорчигч авто­бусанд суухдаа картаа ун­шуулах нь. Картыг мянгаас 100 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Мөн картаа уншуулахад таны мөнгөний үлдэгдлийн мэдээлэл гарах болно. Дээр нь та автобусанд зорчихдоо хэдэн ч хүний мөнгийг төлөх боломжтой. Тухайлбал, гурван хүний мөнгө төлье гэвэл картан дахь мөнгөнөөсөө 1500 төгрөг уншуулах юм. Ингэснээр иргэд автобусаар хэзээ зорчих вэ, төлбөр тооцоо ямар байх вэ зэрэг бүх мэдээллээ авахаас гадна халаасны хулгайчид мөнгөө алдах вий гэж эмээлгүй, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэх боломжтой болж байна. Харин төрийн автобус компаниудад өгдөг нөхөн олговроо хянах нь.

Тэгвэл та энэ картыг хаанаас захиалж авах вэ хэмээн гайхаж магадгүй. Карт цэнэглэх, худалдах төвийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүрүүд, сонин зардаг мухлаг болон бусад үйлчилгээний байгууллагууд “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” гэх мэт 500 цэгт байрлуулахаар болсон гэнэ. Цахим карт нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагч, энгийн зорчигчдод гэсэн таван төрлөөр худалдаанд гарна. Түүнчлэн картаа захиалж амжаагүй иргэдэд бэлэн мөнгөө хайрцагт хийж үйлчлүүлэх боломжийг хангаж өгчээ. Одоогоор туршилтын автобуснууд үйлчилгээнд гарч байгаа бөгөөд туршилтыг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хэрэгжүүлэх юм. Үүний  дараа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт 1200 орчим автобусанд цахим карт уншигч тоног, төхөөрөмжийг суурилуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Долдугаар сараас нийтийн тээврийн бүх автобусыг цахимжуулна 

Нийслэлчүүдийн нийтийн тээврийн хэрэгцээг бүрэн хангахад ойролцоогоор 2500 автобус хэрэгтэй гэсэн судалгаа байдаг аж.  Харин одоогийн байдлаар 1000 гаруй автобус иргэдэд тогтмол үйлчилдэг. Өнгөрсөн жил нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөгөөр 100 автобус шинээр үйлчилгээнд гаргасан бөгөөд жил бүр автобусныхаа тоог тогтмол нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг хотын удирдлагууд хэлж байв.

Нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг. Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдаж, 2015 оны эхний хагас жилд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн /BMS,BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтад оруулж байгаа нь энэ юм.

Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийтийн тээврийн хэрэгсэлд цахим систем нэвтрүүлэх шийдвэр өнгөрсөн жил гарч энэ жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн 20 автобус, 10 троллейбус үйлчилгээнд гарлаа. Нийтийн тээврийнхний орлогыг тодорхойлох боломжгүй байдаг. Энэ жилийн хувьд нийслэлээс нийтийн тээвэрт 50 гаруй тэрбум төгрөг нөхөн олговорт тавьсан. Тиймээс орлого нь тодорхой болно. Мөн зорчигчдын урсгалыг хянаснаар нийтийн тээврийн зохицуулалтыг хийхэд хялбар болно. Тавдугаар сарын 1-н гэхэд хяналтын системийг ашиглалтад оруулна. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны том илрэл болж байна” гэв.

Кондуктор хянагчийн үүрэг гүйцэтгэнэ

Нөгөө талаас цахим карт нэвтэрснээр нийтийн тээвэрт ажилладаг 3000 гаруй кондуктор ажилгүй болох нь хэмээж байсан. Тэгвэл эдгээр кондуктор зорчигчдын карт уншуулж байгаа эсэхэд хяналт тавьж, зорчигчдод заавар зөвлөгөө өгч, цахим картгүй иргэдээс төлбөрийг нь бэлнээр авна.

Нийтийн тээвэрт шинэ систем нэвтэрч байгаа нь ямар санагдаж буй талаар Автобус нэгтгэлийн нэгдүгээр баазын жолооч Н.Мөнхбаатараас тодруулахад “Би автобус баазад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Ажлын ачаалал их байдаг. Мөнгө өгөхгүй иргэн олон таардаг. Тэр бүгдийг буулгах гэж олон газар, заримдаа буудалгүй газарт хүртэл зогсох нь бий. Иймээс ухаалаг систем нэвтэрснээр жолооч болон кондукторын ажлыг нэлээд хөнгөлж өгөх нь. Гэхдээ жолооч карт уншуулж байгааг хянах үүрэгтэй юм билээ. Боловсон үйлчилгээ нэвтэрч байгаад баяртай байна. Бусад улс орон энэ системээр ажиллаад байхад манайх ч гэсэн чадна. Нийслэлчүүд маань соёлтой боловсон үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна” гэв. Мөн дамжин өнгөрсөн маршрутын хөнгөлөлтийг нэвтрүүлэхээр болж буй аж.

Энэ тухай “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор “Бусад орнуудад дамжин өнгөрсний маршрутын хөнгөлөлт гэж байдаг. Манайд бол одоо гурван автобус солиход тус бүрт нь 500 төгрөг гээд 1500 төгрөг төлж байгаа. Үүнийг нийтийн тээврийн зөвлөл дээр ярилцаад хүлээн зөвшөөрөх юм бол эхний буудал 500 төгрөг дараагийн буудал 400 төгрөг гэх хэлбэрээр хөн­гө­­лөлт эдлүүлнэ. Мөн ир­гэд автобусанд суухдаа арын хаалгаар орж картаа ун­шуулаад буухдаа урд хаалгаар уншуулж буух юм. Ингэснээр иргэд автобусанд суусан, бууснаа бүртгэлжүүлж байна гэсэн үг.” гэдгийг хэлсэн.

Автобус хэзээ ирэх вэ

Нийслэл хотод хэрэгжүүлж байгаа “Ухаалаг автобус” төсөл нь хоорондоо уялдаа холбоо бүхий BMS (Нийтийн тээврийн хяналт, удирдлагын систем), BIS (Мэдээлэх систем), AFC (Автомат төлбөр хураалтын систем) гэсэн гурван дэд төслөөс бүрдэж байгаа юм. 

1. BMS буюу нийтийн тээврийн хяналт, удирдлагын систем нь автобусны байршил болон бүх үйл хөдлөлийг тухайн цагт шууд мэдээд зогсохгүй автобусны хөдөлгөөнийг бүрэн хянаж, удирдах, хот даяар нэгдсэн удирдлагаар хангах мөн автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой төлөвлөх систем.
2.    AFC буюу автомат төлбөр хураалтын систем нь цахим картаар автобусны төлбөр хийх, тэдгээрийг хуваарилах бүртгэл хяналтыг сайжруулах систем юм. Уг системийг нэвтрүүлснээр ний­тийн тээврээр зорчигч иргэд цахим картыг автобусны урд талын орох хаалганд байрлах карт уншигч төхөөрөмжид уншуулснаар автобусны төлбөр хийгдэхээс гадна тухай зорчигчийн мэ­дээлэл, цахим картын мэдээ­лэл, төлбөрийн мэдээл­лийг бү­рэн харах боломжтой юм байна.
3. Харин BIS буюу мэдээ­лэх систем нь зорчигчдод мэ­дээллийн бүхий л хэрэгслийг ашиглан автобусны буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангах систем аж.