Мега төсөл vs Өрийн босго
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан
2015.04.23

Мега төсөл vs Өрийн босго

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар батлан даалт гарган зээл босгож дотоодын Төмөр зам, Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах аж. Одоогийн байдлаар гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 58.3 хүрсэн гэдгийг цагаан сарын өмнөхөн л Сангийн яамныхан мэдэгдэж байсан. Тиймээс хууль өөрчлөгдсөн тохиолдолд өрийн тааз нэмэгдэнэ гэдгийг олонхи гишүүд хэлсэн.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Эрчим хүч, Төмөр замын салбарт авч байгаа зээлийг зээлэнд тооцохгүй гэж хэлж байна. Ер нь эрчим хүчний салбар хэдий хэмжээний өртэй вэ. Миний санахад сүүлийн 25 жилд бүх л том зээлүүдийг энэ салбар аваад, үргэлж алдагдалд хүлээдэг. Одоо гэнэтхэн өрийн хязгаарыг давах болохоор эрчим хүчний салбар ашигтай болчихоод олсон орлогоор нь өрөө төлөх зүйл яриад байхын. Өөр нэг зүйл нь өнгөрсөн 25 жилд Улаанбаатар төмөр зам хэдэн төгрөгийн ноогдол ашиг Монголд хувиарлаж, хэдэн төгрөгийн татвар төлсөн гэдгийг хэлээд өгөөч......” хэмээн өөрийн байр сууриа ширүүхэн илэрхийлсэн. 

Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Хуулийн өөрчлөлт шууд өр тавих асуудал биш. Зөвхөн УИХ-аас эдийн засагт үр өгөөжтэй шаардлагатай төсөл гэж үзсэн тохиолдолд л хэрэгжих өөрчлөлт. Тэгээд тавдугаар цахилгаан станцаа барихдаа хүрвэл Засгийн газар нь баталгаа гаргаад өгчих гэсэн шийдвэрийг УИХ гаргах л тухай зүйл” гэсэн юм. 

Намрын чуулганаар батлагдсан Өрийн удирдлагын тухай хуулиар “Улсын болон Засгийн газрын өрийг” салган тооцох эрх зүйн орчин бүрдүүлчихсэн учраас тухайн зайндаа засаг өр тавиад томоохон хоёр салбартаа хөрөнгө оруулчих санаа ерөнхийд нь цухуйлгаад байгаа юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлж буйгаар “Хэрвээ энэ хоёр салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл байгаа бол түүнийхээ ТЭЗҮ-г нь УИХ-аар хэлэлцүүлнэ. Хэрвээ хуулийн өөрчлөлт батлагдвал Засгийн газар дураараа өр тавиад тоглох нөцөл байдал үүсэхгүй. Эгийн голын цахилгаан станц, тийшээ чиглэсэн төмөр зам зэрэгт хэрхэн хөрөнгө оруулах, өрийн тааз яаж нэмэгдэх үү, эргээд авсан зээлээ төлөх эсэхийг нь тухайн үедээ шийднэ” гэлээ.

Өрийн удирдлагын тухай хуулийн 7.1.5 УИХ  Засгийн газрын гадаад зээллэгийн гэрээг соёрхон батлана гэсэн заалт байгаа бий. Тиймээс тухай төсөл, хөтөлбөрийг соёрхон батлаагүй тохиолдолд цаашид хэрэгжих боломжгүйгээр эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

Тиймээс Засгийн газрын зүгээс хуулинд өөрчлөлт оруулахыг УИХ-аас хүсч байгаа аж. Хэрвээ батлагдвал хөрөнгө оруулах салбар нь Эрчим хүч болон Төмөр зам. Монгол улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа. Манай улс нийт эрчим хүчнийхээ 20 хувийг импортоор авдаг.Цахилгаан хэрэглээний өсөлт 2011 онд 12 хувьтай байсан бол одоо 6-8 хувь болж буурсан гэдгийг яамны мэргэжилтнүүд хэлсэн.

Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн хуучин станцууд ТЭЦ 3 болон 4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь ойрын 2-3 жилийн өсөлтийг л хангах боломжтой.

Хэрвээ төслийн шатанд байгаа ТЭЦ 5 болон Эгийн голын усан цахилгаан станцийн бүтээн байгуулалтыг яаралтай дуусгахгүй бол импортын цахилгааны хувь хэмжээ нэмэгдэх боломжтойг ажлын хэсгийнхэн онцолсон.

Гэвч хуралдаанд оролцсон МАН-ынхан бүлгээрээ шахуу хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал “Хэвээ засгийн газар баталгаа гаргавал марафон явагдана. Таны яриад байгаа Тавантолгой чинь зогсоно.

Төмөр замыг нь бид барина гээд хэдэн хүмүүс гүйгээд эхэлнэ. Эрчим хүчинд нь ч гэсэн хэдэн бизнесийн нөхдүүд ороод ирнэ. Тиймээс үүнийгээ татаж авчихаад хөрөнгө оруулалтаа дэмжсэн шиг дэмж. Бидэнд зээл хэрэггүй, хөрөнгө оруулагчид хэрэгтэй” гэж УИХ-ынЧ.Хүрэлбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж ширүүхэн хэлсэн. Харин Ерөнхий сайд хариуд нь “Шидэт тооны” тухай үлгэрийг ярьсан. 

Ямартай Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж холбогдох байнгын хороонд нь шилжүүлсэн.

Ингээд чуулганы үеэр хэлсэн зарим гишүүдийн байр суурийг бичлэгээр хүргэж байна.