УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.04.21

100 Асуулт & 100 Хариулт - УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг.

Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягын  “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт  оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүл дөрвүүлээ. Эхнэр, хүү, охинтой. Хүү маань хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна. “Every day” хүнсний худалдааны сүлжээ дэлгүүр ажиллуулж байна.

-Хүн бүрт хэлэх дуртай үг гэж байдаг. Таны хувьд ямар үг хэлэх дуртай вэ?

-Бидний ажил олон зүйл бодож боловсруулж байх үүрэгтэй. Тэр утгаараа өдөр бүр шинэ зүйлтэй учирна. Тийм учраас тохиолдол бүрт зөв хариулт, зөв мэдрэмж байх шаардлагатай байдаг. Ер нь бол аль болох бусдад садаа болохгүй байх, эерэг энерги бий болгох талаас нь хүнтэй сайхан мэндчилгээ хийнэ.

-Таны сонирхол болон хобби?

-Монгол Улсын Ерөнхийлөгч хобби гэдэг үгийг Ин гэж хэлж, ярьж байхыг  уриалсан. Бид ч гэсэн ордонд хоббиг Ин гэж хэлж байна. Ер нь бол бид сайхан нутаг ус байгальтай хүмүүс. Болж өгвөл амралтаараа хотоос гадагш явах сонирхолтой. Жаахан үр дүнтэй аялахын тулд спортоор хичээллэнэ. Цаг зав байвал шинэ мэдээлэл, номтой нөхөрлөдөг хүн дээ.

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил?

-Үзэл суртлын үед хүүхэд насаа өнгөрүүлсэн. Тухайн үед цалин өндөртэй ажил гэхээр эмч, офицер байсан. Тэгээд эр хүн болсон хойно мундаг цэргийн офицер болох юмсан гэж бодож байсан. 10 дугаар ангиа төгсөөд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад цэргийн сургуульд явахаар ирсэн ч карентин дээр барилдаж байгаад бэртээд явж чадаагүй. 10 жилд  байхдаа математик, физик, хими байгалын ухааны хичээлүүдэд дуртай, гайгүй сайн байсан учраас энэ дагуугаа Багшийн дээдийн физикийн ангид орсон доо.

-Энэ мэргэжлээ сонгоход аав ээж гэр бүлийнхэн хэр нөлөөлсөн бэ. Таны шийдвэр байсан уу?
-Би малчин удамтай. Гэр бүлийнхэн маань айхтар шахаж шаардаад байсан зүйлгүй.

-Та бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?

-Стрессийг хоёр байдлаар ойлгодог. Биеийн хүчний хувьд ядрах болон сэтгэхүйн хувьд жаахан уцаарлах асуудал байна. Хүн бүр л өөр өөрийн байдлаар стрессээ тайлдаг байх. Миний хувьд голдуу спортоор хичээллэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг залуутай ширээний теннис тоглож байгаа.

-Согтууруулах ундаа таны бодлоор?

-Байх ёстой зүйл болоод байгаа гэж боддог. Аливаа зүйлийн зохистой хэрэглээ чухал.

-Таны хамгийн үнэт зүйл юу юм бол?

-Хүн бүхэнд л үнэт зүйл байгаа. Харин миний хувьд хүн чанар юм болов уу. Хүний ач тусыг мартахгүй, итгэлийг нь алдахгүй байх гэх мэт.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их итгэлтэй байдаг вэ?

-Нэг ажлыг бариад авбал  тухайн ажлыг хэнээс ч дутахгүй хийнэ гэж боддог. Эхлүүлсэн ажлынхаа ард гарахад сэтгэл сайхан болдог юм.

-Худалч хүн гэж таныхаар?

-Ер нь хүнийг хохироохгүй байна гэдэг бас нэг том хэмжүүр байх ёстой.

-Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэлд дуртай хүн цөөхөн байх. Харин миний одоогийн хийж байгаа ажил шүүмжлүүлэх ёстой албан тушаал гэж  ойлгодог. Гэхдээ шүүмжлэлийг тэр чигээр нь хүлээж авна гэж байхгүй. Шүүмжлэл бол гарцаагүй хэрэгцээтэй зүйл. Харин тэрийг олж засч залруулах нь чухал.

-Хүн ямар явах нь хэрхэн юунаас шалтгаалж байна вэ?

-Өөрт оногдсон ажлаа сайн чанартай үр өгөөжтэй хийх. Сайн явах санааных гэдэг шиг аливаа асуудлыг эерэг талаас нь давуу талыг нь олж хараад байвал хүнд жаргал нэмэгддэг гэдэг. Миний хувьд ч гэсэн энэ зарчмыг баримтлан яваа хүн дээ.

-Таны хамгийн жаргалтай үе?

-Монголын зун сайхан шүү дээ. Наадмын дараа нутаг руугаа явдаг. Өндөр настай ээж маань нутагтаа очиж ах дүүгээ цуглуулж, Тэрхийн голын хөвөөнд дураараа сайхан амрах аз жаргалтай байдаг юм.

-Та нэг сард зөвхөн өөртөө зориулж хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна вэ?

-Миний зарчим бол олохоосоо илүү ухаалах зарцуулалт чухал гэдгийг баримталж явдаг. Яг хэдий хэрийн мөнгө зарцуулдаг талаар тооцоо хийж үзээгүй юм байна. Ойролцоогоор сая төгрөгийн хооронд багтдаг болов уу.

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Ерөнхийдөө ямар ч хүнтэй нүүр нүүрээ харж, нүд нүдээ харж мэндчилэхэд хамгийн анхны сэтгэгдэл чухал. Ингээд бодохоор нүүр, нүд лүү нь л харна. Гэхдээ хүнд дүгнэлт хийх дуртай биш.

ganhuyag1
-Та юугаараа бусдыг өөртөө татдаг гэж боддог вэ?

-Байгаараа л байдаг. Жишээ нь нэг ийм үг байдаг. Компанийн нүүр царай нь захирал, тухайн гэр бүлийн нүүр царай аав  гэдэг. Одоогийн хийж байгаа ажил маань хариуцлагатай, үлгэр дууриалч, хөдөлмөрч байх, томоор сэтгэх үүрэгтэй. Тиймээс үүнийхээ төлөө боломжтой бүхнээ зарцуулж байгаа нэгэн.

-Та хэр эртэч хүн бэ?

-Ер нь бол жаахан орой сууна. Гэхдээ мэдээж ажилдаа цагтаа очно.

-Та нэг өдрийн төлөвлөсөн бүх ажлаа дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Ер нь бол өөрөө өөртөө их ажил тарина. Миний ажилд хязгаар байхгүй. Төлөвлөсөн ажлаа амжуулахын дээр төлөвлөөгүйг нэмэх асуудал байна. Гэхдээ сарын ажлаа аль болох ач холбогдлоор нь эрэмблэх дуртай.

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Сайхан инээдэг байх.

-Хайртай хүндээ хэлэхийг хүсдэг  ч хэлж чаддаггүй тэр үг?

-Хүний анхан шатны үүрэг бол гэр бүлээ сайхан авч явах асуудал. Гэр бүл хоёр баганатай. Би ханьдаа  маш их баярлаж явдаг юм. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваагаас гадна улс төрд олон хүний төлөө ажиллаж байхад ар гэрийг минь сайхан авч явдаг ханьдаа үргэлж баярлаж явдаг. Үүнийгээ ч хэлэх нь хэлнэ. Гэхдээ тийм ч олон биш.

-Та залуу насандаа дурлалдаа шаналж байв уу?

-Шаналж байсан үе бий. Би Багшийн их сургуульд байхдаа Японд очиж сурсан.  Энэ үед эхнэртэйгээ үерхэж байсан болохоор хурдхан уулзах юмсан гэж бодох үе зөндөө байсан.

-Таньд таагүй хүн хэр олон байдаг вэ?

-Хүнтэй харьцахдаа тэр хүнд болон өөртөө зовлон нэмэхгүйн тулд зөвхөн сайн талтай нь харьцах тэр зарчмыг баримталдаг.

-Таны анхны цалин хэдэн төгрөг байв?

-1982 он. Багшийн их сургуульд оюутан байхдаа намрын ургац хураалтын ажилд явж,  сайн ажилласан гэж 700 орчим төгрөг авсан. Тэгээд үүнийхээ талыг хадгалж байгаад аав ээждээ аваачиж өгч байлаа. Тэр л миний анхны цалин байсан.

-Улстөрч ямар байх ёстой вэ?

-Тухайн нийгмээсээ хамаараад шаардлага, үүрэг, хариуцлага нь өөр өөр байдаг байх. Өнөөдрийн Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал бол улс төрийн аливаа шийдвэрийг судалгаанд үндэслэж гарах нь маш учир дутагдалтай байгаа. Бүх улстөрчид, улс орон судалгаанд үндэслэж байж тогтвортой хөгжих үндэс бүрдэнэ гэж боддог.

-Ижил хүйстний талаарх таны бодол?

-Хорвоо дээр байгаа л зүйл.

-Хүн бүрийг бурхан бүтээхдээ нэг зүйлд зориулж бүтээсэн байдаг юм байна. Тэгвэл таныг юунд зориулж бүтээсэн юм бол?

-Зураг төөрөг гэж байдаг. Энэ дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүнд нэг нийтлэг зүйл байгаа болов уу. Тэр нь хүний хувьд ухамсартай амьтны хувьд бусдад садаа болохгүй, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй байх гэх ч юм уу. Бурууг бусдаас бус өөрөөсөө эхэлж хайдаг. Хамгийн гол нь бусад хүмүүстэй хамтарч ажиллах.  Хамтын ажиллагааны хамгийн сайн хэлбэр нь дэмжих. Ном харж байхад иймэрхүү зүйл байдаг.

-Та сургуульд суралцаж байх хугацаандаа яг ямар арга барилаар хичээллэдэг байсан бэ?

-Монгол болон гадаадад суралцаж байсан үе өөр. Би монголд суралцаж байхдаа дотуур байранд амьдардаг байсан. Тэр үед бусадтай хамтарч амьдрах гэдэг хүүхэд насны төлөвшилд маш чухал.

-Таны үг хэр хүчтэй вэ?

-Миний хэлж байгаа зөв шүү гэсэн зүйлээ аль болох судалгаатай, хүнд хүрэхээр бусдад хэрэг болохоор хэлэхийг хичээдэг.

-Та өөрийгөө би гэдэг би хүнээ хэзээ мэдэрч эхэлсэн бэ?

-Тухайн мөчлөгүүд дээр мэдэрч байсан юм шиг санагддаг. Бие хүн гэдэг нь бие дааж амьдрах эсвэл бие дааж зорилго, зорилт мөрөөдөлтэй болох үеүүдийг хэлэх байх. Жишээ нь 4-5 дугаар анги,  8, 10 дугаар анги төгсөх үе. За тэгээд гэр бүлтэй болох, анх хүүхэдтэй болох үед хүний зорилго зорилт өөрчлөгдөөд явдаг. Нэг зорилт тавьсан бол хүрэхийг хичээдэг.

-Амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?

-Ичих тохиолдол байна. Яг тулахаар санаанд орохгүй байна.

-Та хэр цаг барьдаг хүн бэ?

-Барихыг хичээдэг. Хүн болгон санадаггүй болохоос биш цаг шиг үнэтэй зүйл байхгүй. Өнөөдөр дэлхий даяар цагийг үр дүнтэй өнгөрүүлснээрээ өрсөлдөж байна. Тиймээс монгол хүн бүр нэгж хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал.

-Таныхаар амжилт гэж юу вэ. Та хэр амжилттай яваа хүн бэ?

-Амжилт өөрөө  бодоход нэг өөр, өрөөлөөс харахад нэг өөр байдаг байх. Миний хувьд боломжийн амжилттай яваа гэж боддог шүү.
 
-Та амласандаа хүрдэг үү?

-Хичээдэг.

-Та нэг үгээр өөрийгөө тодорхойлвол?

-Хэн юу гэж харах нь хамаагүй. Өөрийнхөөрөө, байгаараа байхыг хичээдэг. Албан тушаал мөнгө хөрөнгөнд өөрчлөгдөхгүй байх зарчмыг баримталдаг.

-Та хэр сайн ярилцагч вэ?

-Тийм сайн биш байх аа. Хүнтэй ярилцахдаа ихэвчлэн сонсох дуртай.

-Таны уулзаж байсан хамгийн алдартай хүн?

-Аав, ээж.

-Та хүний нууцыг хэр хадгалдаг хүн бэ?

ganhuyag2

-Хичээдэг.

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгийн хэлэхэд хамгийн хэцүү үг нь?

-Уучлаарай гэдэг үгийг байнга хэлж байх учиртай. Алдаа гаргасан гомдоосон хүн л салъя гэдэг үгийг хэлэх байх. Тиймээс алдаа гаргахгүйн тулд хичээх ёстой.

-Та энэ гэм нүгэлтнүүдийг яаж шийтгээсэй гэж боддог вэ?

-Бид хуультай нийгэмд амьдарч байгаа учраас аливаа гэм нүглийн асуудалд  хуулийн хүрээнд шийдэгддэг байх учиртай.

-Таны хамгийн чухал баяр?

-Наадам, цагаан сар байна.

-Аав ээжийн тань сайхан сургаалиас таны зүрхэнд гүн туссан үг?

-Аав маань ямар ч тохиолдолд олон түмнээ түшч, тэдэндээ тус дэм болж яваарай гэж захидаг байсан. Энэ бол мундаг сургааль. “Төрийн минь сүлд, түмний минь аврал” гэж бидний аав ээж хэлдэг үгийг амьдралдаа мөрдөж явах алтан зарчим гэж  ойлгодог.

-Та аав ээжийнхээ ачийг хэр хариулсан хүү вэ?

-Үүнийг ээж аав маань л мэдэх байх. Гэхдээ аав, ээжийн ачийг хариулж дуусна гэж байхгүй.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл?

-Ном уншихдаа гайгүй байх. Номыг хурдан уншина.

-Бурхан гэж байдаг уу?

-Байна. Та ч бурхан. Би ч бурхан.

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар?

-Сайнаар төсөөлвөл сайн л байна. Тухайн улс орны нийгэмд  итгэлцэл, харилцааны соёл тогтохоор улс орон өөрийн эрхгүй хөгждөг гэдэг. Бидний хамгийн хайртай хүн бол хүүхэд. Тиймээс хүүхдээ сайн хүмүүжүүлж, давуу талыг нь хөгжүүлдэгтэй адил бид аливаа асуудалд ямраар хандана, тэр хэмжээгээр хөгжлийн төвшин тодорхойлогдоно.

-Таны уурлахдаа гаргадаг зан чанар?

-Ер нь уурлах, баярлах, сэтгэл хөдлөл нь харьцангүй тогтвортой хүн болов уу гэж боддог. Хэрвээ үнэхээр уурламаар санагдвал зүгээр босоод л явчихна.

-Таны хамгийн дургүй үг?

-Хараалын үг.

-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?

-Япон, англи хэлийг гадарлана.

-Та хэдэн хүний хамгийн сайн найз вэ?

-Би олон хүмүүстэй өдөр бүр учир зүйгээ олж хамтарч ажиллахыг хичээдэг. Тэр дотроос амьдарлын явцад итгэлтэй найз нар тодорч үлдэнэ. Энэ бол цаг хугацааны асуудал.

-Та өөрийнхөө юугаар хамгийн их бахархдаг вэ?

-Ерөнхийдөө хүнд садаа болохгүй, хүнд тус болохыг хичээдэг.

-Юунаас хамгийн их айдаг вэ?

-Айдас байна. Өөртөө холбоотой гэхээс илүүтэй гэр бүл, нийгмийн тогтворгүй байдал, хэрэггүй зүйл нийгэмд газар авахаас айдаг.

-Та дэлхийн хэдэн оронд очиж үзсэн бэ?

-Тоолж байгаагүй юм байна. Ойролцоогоор 50 орчим улсад очсон байх аа.

-Эмэгтэй хүний ямар зан чанар таньд таалагддаг бол?

-Гэгээлэг тал.

-Таны гар утасны дэлгэцэн дээр ямар зураг байна вэ?

-Дэлгэцний зургаа өөрчлөх дуртай. Сайхан байгалийн зураг ихэвчлэн байдаг даа.

-Яг одоо “Баярлалаа” гэдэг үгийг та хэнд хэлмээр байна вэ?

-Хүнээс урмын үгийг харамлаж болохгүй. Мэдээж аав, ээж ,гэр бүлдээ хэлнэ. Тэрнээс гадна надтай өнөөг хүртэл хамтарч хүний болон өөрийн төлөө сэтгэл харамгүй хамтарч ажилласан хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Авлига хээл хахууль таны бодлоор?

-Албан тушаалаа урвуулан ашиглаж, шударга бусаар орлого олох. Нийтэд очих ёстой баялгаас хумслах гэх хуулийн ойлголт бий. Улс орон хөгжихийн хэрээр авлига багасах асуудал бий. Гэхдээ авлигатай гэгээлэг аргаар тэмцэх, урьдчилан сэргийлэх нь чухал.

-Та нийтийн тээвэрт хамгийн сүүлд хэзээ суусан бэ?

-Жилийн өмнө. Зуслангаас хот руу автобусанд сууж ирсэн.

-Хариуцлага гэдэг үгийн утга учир манай нийгэмд алдагдсан мэт санагддаг. Таны бодлоор?

-Цаг хугацааны эрхээр сайжрах биз ээ. Хөгжиж байна гэдэг нь нэг талдаа хариуцлага сайжирч байна гэж үзэж болно.

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та хэдэн онд очих уу?

-18-30 хүртэлх тэр ид насандаа очно.

-Таны муу зуршил юу вэ?

-Миний муу зуршил гэвэл тамхи татах юм байна.

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн аль нь чухал вэ?

-Одоо нь хамгийн чухал. Мэдээж үүний дараа ирээдүй. Гэхдээ түүхээ мэдэхгүй хүн алдсан түүхийг давтдаг гэдэг. Тийм учраас өнгөрснөө сайн мэдэж байх учиртай.

-Таны хамгийн ихээр харамсдаг зүйл?

-Би ер нь урагшаа сэтгэлтэй. Эргэж олдохгүйгээс хойш харамсаад яах вэ.

-Та монгол эх орноо ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Монголчууд, монголд ирсэн хүмүүс нь итгэл төгс байгаасай гэж хүсч байна.

-Таныг нэг өдөр үл үзэгдэгч хүн болговол та юу харахыг хүсч байна вэ?

-Бодож байгаагүй юм байна. Гэхдээ үнэхээр тийм бол Монгол Улсын хөгжилтэй шууд холбоотой улс орнууд бий. Тэдний хар хайрцагны бодлогыг харна.

-Та хэд наслахыг хүсч байна вэ?

-Цаанаас нь зурчихсан байдаг гээ биз дээ /инээв/.

-Мөнгө гэж таныхаар?

-Хүний бий болгодог баялаг. Гэхдээ чухал хэрэгцээтэй зүйл.

-Таны хэтэвчинд яг одоо хэдэн төгрөг байна вэ?

-200 мянган төгрөг байна.

-Хайр таныхаар?

-Итгэл.

-Тэгвэл амьдрал?

-Гэрт байх, ажил дээр байх үе ч амьдрал. Зовлон жаргалын нийлбэр гэж хэлнэ.

-Таныг эзгүй арал дээр хэсэг хугацаанд амьдруулахаар болж гурван зүйл авч яв гэвэл та юу авч явах вэ?

-Арал юм чинь мэдээж устай байх. Тийм учраас нэг сайхан дуран авна. Хоол хүнс идэх шаардлагатай учраас ан амьтан унагаах хэрэгсэл авах болов уу. Мөн гал, урагдахгүй биеийн тамирын хувцас.

-Та хүн болж энэ хорвоод төрөөгүй бол ямар амьтан байх байсан бол?

-Хариулж мэдэхгүй юм.

-Та одоогийн амьдралдаа сэтгэл ханамж хэдэн хувь байна вэ?

-Хувилж үзээгүй юм байна. Хүний зэрэгтэй сайхан амьдарч л байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?