Говьд баахан ёслол хийж шороо хөдөлгөж, дүр эсгэсэн төмөр замын ажлын үр дүн алга
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.04.17

Говьд баахан ёслол хийж шороо хөдөлгөж, дүр эсгэсэн төмөр замын ажлын үр дүн алга

МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг “Эх сурвалж ” нэвтрүүлгээрээ Төрөөс баримтлах төмөр замын бодлого бодит байдал дээрээ хэрхэн дампуурсныг эрэн сурвалжилж хариуцлага хүлээх эздийг тодруулжээ.

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдийн гараар бий болгохоор таван жилийн өмнө ханцуй шамлан орцгоосон. Төмөр замын бодлогод туссан нэгдүгээр чиглэлийн замаа бид өөрсдөө барьж эхэлсэн ч овоолсон шорооноос илүү гарч чадахгүй, мухардалд орчихоод байна. Аливаа ажлыг гадна, дотны хэн хийх нь хамаагуй. Гагцхүү баримтлах зарчимтай, тооцоо судалгаа, төлөвлөгөөтэйгөөр ажлаа явуулж, ур дунд хүрэх нь чухал. Гэтэл бидний ярьсаар байгаа Монголын төмөр зам, Солонгосын “Самсунг ” корпорацитай хийсэн гэрээний гүйцэтгэл гуравны хоёртоо хүрээд зогсчихлоо. Энэ сэдвээр Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал С.Билгүүн болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцсан юм.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Төрийн бодлогын хүрээнд хийж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлэх төдий өвдөг сөхрөхдөө тулаад байгаагийн учир юунд байна вэ?

2010 онд “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого” гэж бодлогын т&м баримт бичиг гаргасан. Үүнд үндсэн дотоодынхоо төмөр замын сүлжээг эхний ээлжинд өргөтгөх, мөн зарим бизнесийн шинж чанартай, өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн экспортлох, гадагш нь гаргах чиглэлээр төмөр зам байх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр тэрхүү төслийн баримт бичигтээ тусгасан. Ийнхүү яамнаас маш том төсөл оруулж ирсэн.

Өөрөөр хэлбэл, Тавантолгой, Сайншанд, зүүн тийшээ Сүхбаатар, Дорнод руу чиглэсэн мянга гаруй километр үргэлжлэх төмөр замыг хоёр жилийн хугацаанд барих, ашиглах гэрээтэй нь хамтад нь оруулж ирсэн. 2012 онд ашиглалтад оруулна гэсэн график, төлөвлөгөөтэй. Байнгын хороон дээр энэ асуудлыг яаралтай шийдэж өгвөл бүх юм бэлэн байна гэсэн. Одоо надад хавтсан дотор баримт бичиг, материалууд нь байгаа. Тухайн үед би бас анхааруулж л байсан. “За, та нар хаанаас санхүүжүүлэх мөнгө, төгрөг нь ч бэлэн болоогүй гэж яриад байх юм. Тэгээд энэ график, төлөвлөгөө, ПОС (план организаций работы) зэрэг чинь гарчихсан юм байна.

Наадахаа л яг хийж гүйцээгээрэй дээ” гэтэл “Өө, тэгэлгүй яах вэ” гэсэн. Үүнийхээ дараа энд тэнд жаахан ажил эхлүүлсэн. Төмөр замын үндсэн зарим тоног төхөөрөмжүүдийг авч, ажил эхэлж байна гэж говьд баахан ёслол хийж, шороо хөдөлгөж, дүр эсгэсэн. Үүндээ чамгүй их мөнгө зарцуулсан шиг байгаа юм. Гэтэл өнөөдөр үр дүн алга. Төмөр зам ч байхгүй. Бүр сураг нь алдарсан. Ашиглалтад орох хугацаа 2012 он. Өнөөдөр 2015он болчихсон байна. Миний ойлгож байгаагаар нэг их эх орныхоо төлөө, Монгол орны эрх ашгийн төлөө гэж санаа зовж, дүр эсгэсэн хүмүүс камерын өмнө гоё зүйл ярьдаг юм шиг байгаа юм.

-Уг нь бид улс эх орныхоо хөгжлийн бодлогыг ямар ч үед нэг нүдээр харж, нэг зүгт хөдөлж байж эцсийн үр дүнг нь амсах учиртай даа?

Зарим компани өөрсдөө оролцоно гээд хөрөнгө мөнгө гаргасан ч гэж байх шиг. Хэрэв мөнгө зарсан байдаг юм бол мөнгө нь ч байхгүй. Тэр олон компани оролцсон байдаг юм бол тэдэнд өр ширтэй үлдэж байгаа байх. Эцэст нь төмөр зам ч байхгүй. Та сая ярилаа. Ийм их хэмжээний мөнгө зарцуулчихаад, салхинд хийсгэчихээд зүгээр орхиж болохгүй л дээ. Сонгууль болоод дараагийн Засгийн газар гарсан ч төрийн ажил бол залгамж шинж чанартай байх ёстой. Ингэж эзэнгүй орхигдуулж болохгүй.

Царигийн хувьд өргөн, нарийн гэж хоёрын хооронд асуудал ярих юм. Техникийн л нөхцөл шүү дээ. Тиймээс үндсэн бүтцээ, төмөр замаа өргөнөөр нь барья. Төр уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох, импортлох хэмжээнд бол богино, нарийн төмөр зам байж болох юм гэж тухайн үедээ бодлого дээрээ ярилцаж байсан шүү дээ. Шийдчихсэн зүйлийг дахин ярьж, ард түмнийг буруу зөрүү ойлголтоор цэнэглээд, талцал хуваагдал бий болгоод, улмаар үндэсний аюулгүй байдал, хоёр хөршийнхөө харилцаанд сэв суулгахаар олон Зүйл яриад байгаа нь тохиромжтой биш. Эдийн засгийн амин хууль бол цаг хугацаан дээр тулгуурладаг. Тэгэхээр бид энэ хөгжил дэвшил рүү яармаар байна. Бид өөрсдөө хийхгүй юм бол хэн бүтээн байгуулах юм бэ.

Энэ асуудлыг судалж, материал цуглуулж, нэвтрүүлэг бэлтгэж байх зуур сэтгүүлч надад олон зүйлийн мөн чанар танигдах шиг. Чухамдаа юу гэвэл, сайд, дарга, эрх мэдэлтнүүдийн бууж, солигдох нь тоогоо алдаж залгамж чанар гэж алга. Бодлого гээч зүйлийг хэн ч, хаана ч баримталдаггүй. Ажлын уялдаа холбооны тухай ярих ч юм биш. Албан тоот, гэрээ гээд бичиг баримтад хандаж байгаа байдал нь хариуцлагагүй. Буух эзэн, буцах хаяггүй, хариуцлага тооцдог механизм ч, хүн ч алга. Зөвхөн өөр өөрсдийн ажил, албан тушаалдаа хийрхэж, хэний хийсэн, ямар бодлого, ажил байх нь падлийгүй. 

Тухайн цаг үед өөрт нь хэрэгтэй, ашигтай бол түүгээрээ л хийчихнэ. Тэглээ гээд хариуцлага үүрэх юм биш гэсэн үнэн хийгээд бодит амьдрал тэднийг бүр өөгшүүлж орхиж. Энд нэг жишээ татья. Сүүлийн 6-7 жилийн дотор Зам тээврийн чиглэлийн сайд таван удаа, “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяагаас эхлээд П.Батсайхан хүртэл зургаан удаа солигдсон байх юм. Сонирхолтой ч амьдрал юм шиг. Хошин шогийн сэдэв ч хаа сайгүй болж дээ гэж дотооддоо шоглож болох ч гадаад ертөнцөд даравч дардайж, булавч бултайж байгааг яалтай билээ.