Таван жилд бичил уурхайд 50 гаруй хүн амь насаа алджээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2015.04.14

Таван жилд бичил уурхайд 50 гаруй хүн амь насаа алджээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөв.

Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, тус салбарт ажиллагсдын дунд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин буурахгүй, харин ч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх, амь насаа алдах зэрэг илүү ноцтой хэлбэрүүд бүртгэгдсээр байгаа нь уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй байгааг харуулж байна. 

Иймээс тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, салбарын онцлог болон улмаар олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээсОлон улсын хөдөлмөрийн байгууллагын 82 дугаар бага хурлаар баталсан “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох асуудлыг санаачлан холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байна гэлээ.

Уг конвенц нь 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 2013 оны байдлаар АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг нийт 26 орон нэгдээд байгаа аж. Энэ конвенцид газрын тос, байгалийн хий олборлохоос бусад төрлийн ил болон далд уурхайн үйл ажиллагаа хамаардаг агаад уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож, төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой заасан байна. 

Конвенцийг батлан хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс мэдлэг, мэдээлэл дамжуулах, үндэсний хэмжээний чадавхийг бэхжүүлэх зэргээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой аж.

Уул уурхайн сайд Р.Жигжид гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс энэ конвенцид нэгдэж орсноор эдийн засгийн болон хууль эрх зүйн ямар нэг хариуцлага хүлээхгүй. Мөн ямар нэг төлбөр хураамж төлөхгүй.

Харин конвенцийн хэрэгжилтийн талаар конвенцид нэгдэн орсны дараах 1 жил, цаашдаа 5 жил тутамд нэг удаа тайлагнах үүргийг Засгийн газар хүлээх юм гэлээ. Түүнчлэн манай улсын уул уурхайн салбарын хувьд ил, далд уурхайн аль алинд нь эрсдэлтэй, тэр дундаа алт, жонш, нүүрсний уурхайд эрсдэл илүү өндөр байгаа.

Сүүлийн таван жилд бичил уурхайд 50 гаруй хүн амь насаа алдсаны гол хувийг Налайхын уурхай эзэлж байна. Одоогоор энэ уурхайг ашиглахгүй байгаа ч тусгай зөвшөөрөлтэй талбай тэнд бий. Тус яамны зүгээс Налайхын уурхайг цаашдаа орчин үеийн техник технологид түшиглэн далд уурхайн чиглэлээр ашиглах бодлого барьж, зарим арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.

Ингээд конвенцид нэгдэн орсныг зөвшилцөж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгох талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь буюу 75 хувь нь дэмжив.