Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэр гарлаа
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Багануур дүүргийн удирдлагуудын хамт
2015.04.06

Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэр гарлаа

Нийслэлийн ИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан тав хоног завсарласны эцэст Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг баасан гарагт хэлэлцэж баталлаа.

Э.Бат-Үүл: Иргэд өөрсдийгөө удирдах хүмүүсийг өөрсдөө сонгох эрхтэй болж байна

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дагуул хот байгуулах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “УИХ- аас нийслэл дагуул хоттой байж §олно гэдэг шийдвэр гаргачихсан. Тэгвэл өөрийнхөө эрхийн асуудлыг ИТХ нь шийддэг хууль бий. Гэхдээ үүнийг Үндсэн хуульд нийцүүлэн шийднэ. Тиймээс бид ИТХ-ынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлэх байдлаар асуудал дэвшүүлж байгаа юм.

Ер нь Багануур, Налайх дүүргийн иргэд хот байгуулъя гэж байгаа нь өөрсдөдөө үйлчилдэг даргатай болохыг хэлж байгаа юм. Өөрийнхөө төлөө явдаг удирдлагатай болъё гэсэн санаа. Улмаар дээд шатны Засаг даргад үйлчлээд иргэддээ үйлчилдэггүй удирдлагыг болих хэрэгтэй гэсэн санааг давхар гаргаж байгаа юм. Харин хот байгуулснаар тэдэнд энэ эрхийг нь өгч байна. Тэгэхээр иргэд өөрсдийгөө удирдах хүмүүсийг өөрсдөө сонгох эрхтэй болж байна.

Энэ утгаараа хот байгуулах шийдвэр нь түүхэн үйл явдал. Мөн дагуул хот байгуулагдсанаар улс төрийн биш аж ахуйн шинжтэй хог хаягдал, нийтийн аж ахуй, хот төлөвлөлт зэрэг үйл ажиллагаа хот руу шилжинэ. Ер нь бол 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, 1994 онд энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол гарсан ч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй 21 жил болсон. Багануурчууд дээд шат- ны дарга нартаа үйлчилдэг биш иргэддээ үйлчилдэг даргаа өөрсдөө сонгодог болохыг 11 жил хүлээсэн” гэсэн юм.

Ийнхүү нийслэл Улаанбаатар хот анх удаа албан ёсоор дагуул хотуудтай болж байна.Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах талаар урьдчилсан ажлууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн  иргэдээс “Хот байгуулах асуудал”-аар санал хураалт явуулсан билээ.

Багануур дүүрэгт энэ оны нэгдүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-ны өдөр санал хураалт явуулж, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргалаа.