Их хүлээлттэй хаврын чуулган нээлтээ хийв
Хаврын чуулган
2015.04.07

Их хүлээлттэй хаврын чуулган нээлтээ хийв

Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Учир нь өчигдөр УИХ- ын хаврын чуулган нээлтээ хийсэн юм.

Морин цагт зарласан чуулганы танхимд гишүүд ирсээр. 11:55 цаг гэхэд ирц хангалттай хэмээж УИХ- ын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр олны анхаарлын төвд орсон Өмнөговь аймагт ажилласан тухайгаа нээлтийн өмнө онцлож "Дэлхийн хамгийн том, тэргүүний таван үйлдвэрийн нэг байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна. Тэнд 3000 хүн ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол, Энэ цагийн сайхан мэдээ шүү” хэмээв.

Түүнчлэн, Таван олгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил эрчимтэй явагдаж буй талаар дуулгав. Мөн Монгол Улсын Их Хурал Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэж баталсан. Япон улсын аж үйлдвэрийн глобал сүлжээнд нэгдэн орж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгох талаар онцлов.

Энэ хаврын чуулган бусад чуулганаас онцлогтой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн ч Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргасан мэдэгдэлд тийм ч дуртай биш байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ‘‘Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөхөөр боллоо” хэмээн мэдэгдсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн хариуд “Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна.

Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор  баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна  хэмээн хатуухан хэлээд амжив. Мөн энэ гэрээнд хэд хэдэн зөрчил илэрсэн тухай дуулгаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтыг танилцуулсан юм.

Энэ хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Улс төрийн намуудын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай, Сонгуулийн тухай, Намуудын санхүүжилтийн тухай гэх мэт чухал хуулийг  хэлэлцэж батлах юм. Энэ үеэр гишүүдийн байр суурийг сонирхсон юм.

УИХ-ын даргын босгыг давж чадахгүй байна

“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн .З.Баянсэлэнгэ

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд тогтоосон. Үүнд танай намын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл багтсан уу?

Хаврын чуулганаар 36 асуудал хэлэлцэн батлахаар жагсаасан байна. “Шударга ёс” эвслийн бүлгээс санаачилсан хууль, тогтоолын төсөл хангалттай орсонгүй. Намрын чуулганы хаалтын үеэр эвслийн бүлгийн санаачилсан хууль, тогтоолын төслийг оруулж өгнө үү гэсэн. Сонгуулийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль багтсан.

Энэ хуулиудад өөрчлөлт оруулах эсэхэд нам, эвслийн бүлэг зөвшилцөлд хүрсний эцэст оруулж ирнэ гэсэн зүйл яригдаж байгаа. Магадгүй 2016 оны сонгуулийн өмнө хэлэлцэгдэж амжих уу гэдэг нь санаа зовоосон асуудлын нэг болж байна. Эвслийн бүлгээс 20 гаруй хуулийн төслийг боловсруулж, заримыг нь өргөн барьсан байгаа. Гэвч УИХ-ын даргын босгыг давж чадахгүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хуулийн төслийн дарааллыг оруулдаг учраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцэгдэх эсэх нь эргэлзээтэй байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэх ямар бодолтой байна вэ?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг эвслийн бүлэг ярьж байгаа. Өнөөдрийн УИХ-ын түвшинд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх чадах уу, чадамж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Энэ талаар намын гүйцэтгэх товчоон дээр ярилцана.

-Сонгуулийн тухай хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Өнөөдрийн баримталж байгаа хуулиар холимог тогтолцоогоор явуулах нь зөв үү, үгүй юу гэдэгт ард иргэдээс санал, асуулга авч байгаа. Иргэдийн дийлэнх нь мажоритар системээр явуулах нь зөв гэж байна. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн хуульд ийм санал оруулъя гэсэн шийдвэрийг бүлгийн зүгээс гаргаагүй байна. Гэхдээ ард иргэдийн итгэлийг олж авах гэж нам, эвслүүд луйвар, булхайтай үйлдэл гаргахгүй байх нь чухал.

Үүнээс дор үр дүн гарахыг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

-Энэ хаврын чуулганы өнгийг иргэд сайхнаар төсөөлж байна. Учир нь энэ чуулганы хугацаанд хэд хэдэн томоохон хуулийн төслийг хэлэлцэнэ. Таны бодлоор энэ/ удаагийн чуулган хэр үр дүнтэй ажиллах бол?

Их хурлын даргын хэлсэн саналтай байр суурь нэг байна. Таван толгойн хэлэлцээр Оюутолгой гэрээтэй ижил, магадгүй түүнээс өөр үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс УИХ-аарасуудлыг оруулж ирэх ёстой. Мөн Оюутолгойн гэрээнд засч сайжруулах олон зүйл бий. Тиймээс чуулган эхэлснээс дуусах хүртэлх хугацаанд гишүүд анхааралтай ажиллах хэрэгтэй.

Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулж ирэх нь зөв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ- ын гишүүн С.Бямбацогт

-Чуулган эхэллээ. МАН-ын бүлгийн зүгээс нэн тэргүүнд ямар асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна вэ?

УИХ дахь МАН-ын бүлэг чуулган завсарласан хугацаанд цаашид ажиллах зарчмаа тодорхойлох зорилгоор орон нутагт ажилласан. УИХ-ын дарга энэ хаврын чуулганаар нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг хөндсөн, сэргээх магадлалтай

хуулийн төслийг хэлэлцэж батлах тухай өгүүллээ. Төрийн албаны тухай хуулиас эхлээд Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Сонгуулийн, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэхчлэн хэлэлцэнэ.Ялангуяа Сонгуулийн тухай хуульд холбогдуулж бүлгийн зүгээс орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонслоо. Намын бүлгийн зүгээс тодорхой зарчмын байр суурь илэрхийлнэ.

-УИХ-ын дарга Таван толгойн гэрээнд хатуу байр суурь илэрхийлж байна. Танай намын бүлгээс энэ ордыг ашиглах тухай гэрээнд яаж хандаж байна вэ?

Бидэнд энэ төрлийн мэдээлэлтэй материал ирээгүй байна. Их хурлын дарга энэ ордын гэрээний явцын талаар мэдээлэл өглөө. Өмнө нь намын бүлгийн зүгээс Таван толгойн гэрээг үндэсний эрх ашигг нийцсэн байдлаар хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хүний хөгжилд зарцуулах 1072 ширхэг хувьцааг амь оруулах гэхчлэн байр сууриа илэрхийлж байсан. Энэ байр суурь хэвээр байгаа.

-Таван толгойн асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой гэдэг ямар бодолтой байна вэ?

Стратегийн орд газар учраас УИХ-ын хараа хяналтад батлагдсан хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэг үүднээс оруулж ирэх нь зөв.