Д.Батбилэг: 2015 онд байгальд ээлтэй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ
Хан-Уул дүүргийн дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2015.04.03

Д.Батбилэг: 2015 онд байгальд ээлтэй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ

Cүүлийн жилүүдэд дүүргүүдэд бүтээн байгуулалтын ажлууд нилээдгүй өрнөж байна. Тэр дундаа иргэд амьдрахад хамгийн таатай дүүрэг гэгдэх болсон Хан-Уул дүүргийн 2015 онд хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлын  талаар дүүргийн ИТХ-ын даргатай ярилцлаа.

-Сайн байна уу, Таниас өнөөдөр өглөө ажлаа юунаас эхэлсэн бэ гэж юун түрүүнд асуумаар санагдлаа?

Сайн байна уу. Цаг агаар ч сайхан, өнөөдрийн ажил ч маш таатай эхэлсэн.  Удахгүй намын зөвлөлийн зөвлөлдөх хуралдаан болно. Энэ талаар ажлаа ярьж  эхэлсэн дээ. Өнөөдөр ч ажил цуварч байна даа. /инээв/

- 2015 онд хийгдэх  бүтээн байгуулалтын ажлын талаарх төлөвлөгөө аль хэдийн гарсан байгаа байх. Энэ талаараа танилцуулаач.

2014 он манай  дүүргийн хувьд бүтээн байгуулалт нэлээдгүй хийгдсэн гэж боддог. Мөн зам засварын ажлууд ч сайн хийгдлээ. Харин 2015 оны хувьд олон ажил хийгдэхээр төлөвлөгдөж, яригдаж зарим ажил  ч эхлэх шатандаа явж байна.

Хамгийн эхэнд Яармагийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. 

“Шинэ яармаг” орон сууцны жишиг хороололтой болно. 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Орон сууцны суурьшлын  шинэ бүс бий болгох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 368.000 ам.метр талбай бүхий орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

 Одоо уг төслийг  хэрэгжүүлэхэд  шаардагдах 50 хүртэлх  сая ам.доллартай тэнцэх хэмжээний  санхүүжилтыг  “ТОСК” ТӨҮГ-аар дамжуулан  үе шаттайгаар санхүүжүүлэхээр болж байна. Энэ бол маш том ажил гэдгийг хэлмээр байна.

Мөн зам засварын ажлын хувьд энэ намар гэхэд бүрэн дуусна.  Шувуун фабрик хүртэл 20 км зам байгаа. Энэ нь урагшаагаа 14 дүгээр хорооноос Өлзийт хүртэл БНХАУ-ын тусламжаар баригдах шинэ замууд бүгд холбогдоно гэж тооцоолж байгаа.

Танай дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил оны өмнө нилээн яригдаж байсан. Одоо ямар түвшнд явж байна?

Дүүргийн 2, 3 дугаар хороонд  дахин төлөвлөлтийн ажил яригдаж эхэлж байна. Ерөнхийдөө төлөвлөлтөнд орох байруудын талаар иргэдтэй ярилцаж, тохиролцоонд хүрэх ажил хийгдэж  байгаа.  Дахин төлөвлөх байрны үнэлгээ гарсан, ажлыг гүйцэтгэх компани ч  тодорсон. Энэ бол нийслэлийн болон дүүргийн хэмжээний том ажил болох юм. Нөгөө талаас барилга барина гэдэг чинь  иргэд 100 хувь зөвшөөрч байж урагшаа явна гэхээс биш нэг иргэн зөвшөөрөхгүй байх нь өөрөө хүний эрх, эрх чөлөө, өрхийн эрх яригдах учир бид илүү их анхаарал хандуулж, нэг хүний ч саналыг хүндэтгэн хүлээн авч ажиллаж байна.

-Танай дүүргийн хувьд бүтээн байгуулалтын чиглэлд олон ажлыг хийдэг онцлогтой шүү дээ.  Тэгвэл бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудал байна уу?

Энэ 4 дүгээр сар дахин төлөвлөлтийн эхлэлийн сар болно гэж би хэлмээр байна.  Манайхаас 60-аад оны 20 барилга дахин төлөвлөлтөнд орохоор болсон. Энэ ажлын хүрээнд иргэдийн хувьд тулгамдаж буй асуудлууд мэдээж гарч ирнэ. Тодруулбал, иргэдийг түрээсийн байранд оруулах тохиролцоо явагдаж байгаа ч  түрээсийн байранд орохтой холбоотойгоор түрээсийн төлбөрийн  асуудал гарч ирж байна.

Гэхдээ бид иргэдийн санал болгож байгаа шиг сард 200-400 мянган төгрөгийн төлбөртэй байр өгнө гэдэг хүндрэлтэй. Учир нь зах зээлийн үнийг бас харгалзан үзэхгүй бол шууд тийм байр олж өгнө гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Харин дахин төлөвлөх  компаний хувьд иргэдтэй тохиролцоонд хүр гэсэн л шаардлага тавьж байгаа. Дээрээс нь иргэдийг ийм байртай болгоно гэсэн итгэлийг нь төрүүл. Тэгэж байж  ажил чинь урагшаа явах болно гэдгийг сануулж байгаа.

 Нөгөө талаас барилга барих компани хурдан  чанартай барих гэх мэтчилэн асуудлууд байна. Бидний тооцоолсноор  энэ хавар, зун, намар  ажил идэвхтэй явагдах болно.

-Дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэдийн зөвлөл байгуулна гэсэн. Тус зөвлөл нь яг ямар ажил хийх вэ?

Дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэд дундаа зөвлөл байгуулна. Тус зөвлөл нь тухайн иргэд, оршин суугчид байрнаас гарахаас эхлээд буцаж орох хүртэлх бүх үйл явцыг хянана гэсэн үг. Энэ бол иргэдэд олгож байгаа боломж, нөгөө талаас иргэдийн саналыг 100 хувь сонсож байгаа явдал юм.

Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын хувьд дахин төлөвлөлтийн зураг төсөл хийж дууссан гэсэн.  Дахин төлөвлөлтийн хувьд бүрэн цогцолбор бий болгох зорилттой. Тухайлбал, нэг шар байрны оронд цэцэрлэг барьж  нөгөө  шар байрны оронд хоёр орон сууцаа шингэж өгөх онцлогтой болж байна.

-Яармагийн дахин төлөвлөлтийн ажлын онцлог юу вэ?

Яармагийн дахин төлөвлөлтийн ажил эхлэх гэж байгаа ба Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллах саналын дагуу Швейцарын“ANUNAKI MINERALS GROUP”-тай хамтран ажиллахаар болсон. Гол нь Нисэх, Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүчний талаар харилцан санал солилцож, дараагийн уулзалтанд төслийн эхний танилцуулга хийхээр тохиролцоонд хүрсэн.

Тус компани нь Яармаг орчмын 500 иргэдийн дунд мэдээлэл өгөх сургалт зохион байгуулсан. Тус сургалт нь маш үр дүнтэй болсон ба яармагт баригдах байр нь цоголбор хэлбэрээр ашиглалтанд орно. Яармагийн 4 дүгээр хорооны тал хувь нь гэр хороолол учир энэ чиглэлийг сонгосон юм.

-ХУД-т байгальд ээлтэй дахин төлөвлөлт явагданагэж сонссон. Тэгэхээр  байгальд ээлтэй  дахин төлөвлөлт гэж  яг юуг хэлж байна вэ?

Хуучин бол дахин төлөвлөлт гэхээр байшин барилгыг буулгаж, газар ухаж барилга барина гэсэн ойлголттой байсан. Харин одоо тийм биш, дахин төлөвлөлт ч байгальд ээлтэй хийгдэх хэрэгтэй юм байна гэдгийг бүгд ойлгосон. 

Ялангуяа 2015 оны дахин төлөвлөлтийг  байгальд ээлтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний нэг тод жишээ бол Яармагт цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэсэн санал гаргаж, төлөвлөлтөнд оруулаад явж байна. Одоо зураг дизайныг нь гаргаж, хашаа барих ажлууд хийгдэнэ.

Мөн дүүргийн 4-16 дугаар хороо хүртэл Туул голын эрэг дээр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөлтөнд хамруулах гэж байна. Үүнийг л  бид байгальд ээлтэй дахин төлөвлөлт гэж байгаа юм.

Урьд нь Туул голдоо хогоо хаядаг байсан бол одоо тийм асуудал гарахгүй. Жишээ нь 30-40 км буюу  Маршалын гүүрнээс Алтанбулаг хүртэл Туул гол маань урсдаг ба үүний дагуу  тохижилт явагдана гэсэн үг. Энэ ажилтай холбоотойгоор Туул голыг аврах байгууллагуудтай хамтарч ажиллахаар 2015 оны төлөвлөлтөнд оруулсан. Усны урсгалыг нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр мөн БОНХЯ-тай хамтран ажиллана.  Бид  өөрсдөө иргэдийг  хөдөлгөж дэмжиж санал санаачлагтай ажиллах хэрэгтэй байна.

Байгальд ээлтэй ажил өрнүүлэхийг холбогдох байгууллага, хамт олон хэр дэмжиж байгаа вэ?

Иргэдээс гадна дүүрэг, нийслэлийн хэмжээнд томоохон компаниудад уриалга гаргаснаар Байгальд ээлтэй ажилд оролцьё, төсөл хөтөлбөрүүдийг дэмжье гэсэн олон санал ирж байна.

Байгальд ээлтэй гэхээр дан ганц  БОНХЯ-ны хийх ажил биш шүү дээ. Тиймээс манай дүүргээс санаачлан НБОГазар болон БОНХЯ-тай хамтран ажиллахаар болсон.

Харин орон нутгийн сангийн хөрөнгийн зарим хэсгийг  байгальд ээлтэй дахин төлөвлөтөнд  зарцуулах хэрэгтэй  гэж бодож байгаа.

-Дахин төлөвлөлтийн ажил хугацаа шаарддагучраас барих явцад зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад анх төсөвлөсөн хөрөнгө хүрэхгүй байх тохиолдол бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Эхлээд иргэдийн санал, санаачлагыг дэмжиж ажиллах нь чухал. Иргэд өөрсдийнхөө төлөө хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Дараа нь бидний зүгээс санхүү, мөнгө болон төлөвлөсөн хугацаанд баригдаж дуусах аргачлалаа  тодорхойлох дээр асуудал гараад байхгүй байх. Хөрөнгө мөнгөний асуудал гаргахгүйн тулд Эдийн засгийн төлөвлөлтийн хэлтэс маань төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Мөн ИТХ,  ИНХ болон 16 хорооны иргэний танхим идэвхтэй ажиллаж байгаа.

Хамгийн том алхам бол иргэдээ сэрээх хэрэгтэй. Байгальд ээлтэй дахин төлөвлөлтийн асуудал бол улс төржих асуудал ерөөсөө биш. Иргэдтэй тохиролцож,  аль гудамжийг яамаар байна гэсэн саналыг л авч байна.  Энэ дагуу ажил хугацаандаа явагдах болно.

Иргэдийн идэвхи хэр байна?

Дахин төлөвлөлтэй холбоотойгоор 16 хорооны иргэний  танхимуудад хэлэлцүүлгүүд хийгдэж байна.  Урьд нь иргэд цугалж өгдөггүй байсан  бол одоо доод тал нь 200-300 хүн хэлэлцүүлэгт ордог болсон байна.

Манай дүүрэгт хэлэлцүүлэг хийхэд аливаа төвөг багатай болсон. Бид юу хүсч байгаа талаараа хэлэлцүүлээд дэмжих бол хэлэлцээд явна дэмжихгүй бол тэр асуудлаа дахин ярьж цаг авахгүй гэдгээ ойлгосон.

-Иргэдээс санал авч байгаа гэж байна. Голчлон ямар санал санаачлагууд ирж байна вэ?

Богд уулын арын замыг аялал жуулчлалын төв болгох хэрэгтэй гэж иргэд саналаа  хэлж байгаа. Мөн дүүргийн хэмжээнд илүү  хөшөө дурсгал барьж тохижуулах хэрэгтэй гэж байна. Дүүргийн хэмжээнд байгальд ээлтэй 3 нийгэмлэг байна. Тэд бүгд хамтран ажиллах гэж байна. Бүх асуудалд оролцоод явахаар болсон.

Миний хувьд ирээдүйгээ арай сайхнаар төсөөлж байна. Яармаг маань сайхан ой модтой,  тэр ой модонд иргэд маань машинтай, нийтийн унаагаар ирээд сайхан суугаад чөлөөт цагаа өнгөрүүлэх, байгалиа  харж байсах  тэр цаг хугацаа удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.