УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойрогтоо ажиллалаа
Иргэд, Сонгогчид
2015.03.30

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойрогтоо ажиллалаа

УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацаа тун удахгүй дуусч, хаврын чуулган эхлэх гэж байна. Чуулган завсарласан хугацаанд гишүүд чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон хэлэлцэж буй хуулийн төслүүд, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл өгч, тойргийнхоо сонгогчидтой санал солилцох уулзалтуудыг зохион байгуулсаар байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тухайлбал, Налайх дүүргийн VII хороо, Баянзүрх дүүргийн 28 хорооны иргэдтэй хэсэгчилсэн уулзалтуудыг хийж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдээр 1-6, 14-28 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзсан юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг намрын чуулганаар баталсан хуулиудын талаар товч мэдээлэл өгч мөн тус дүүргийн хэмжээнд хийгдсэн болон хийх ажлынхаа талаар танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2014 онд тус дүүрэгт 201.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн байна.

Иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, нэг ангид хэтэрхий олон хүүхэд сурч байгаа тул сандал ширээ хангалтгүй, цалин тэтгэвэр нэмсэн нэртэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг зэрэг шүүмжлэлүүдийг хэлээд, энэ бүхэнд хяналт тавих цаг болсон байна хэмээн тойргийнхоо гишүүнд уламжилж байсан юм.

Мөн эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн нэгдлийн Хүлээн авахтай нэгтгэсэн нь иргэдийг хохироосон шийдвэр болсон, эрүүл мэндийн үйлчилгээ авах бус элдэв хэл ам хийсэн, согтуу хүмүүсийн дунд очдог болсон. Түүнчлэн  архинаас болж олон хүн амь насаа алдаж байгаа учир архины хяналтын хуулийг яаралтай баталж өгөхийг хүссэн юм.

Харин залуучуудын зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа залуусыг төрөөс бодлогоор  дэмжиж, бараа бүтээгдэхүүнээ экспортлох гарцыг нээж өгөх улмаар татвар, гаалийн хүнд суртлыг арилгах талаар арга хэмжээ авч ажиллахыг сануулав.

Мөн энэ үеэр дүүргийн удирдлагууд иргэдэд ажлаа танилцуулж тайлагнадаггүй учир УИХ-ын гишүүдээс хог, СӨХ, орон сууцны лифт, дээврийн засвар зэрэг жижиг зүйлүүдийг асууж цаг алдаж байна хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа.