Нэг гараараа зээл өгөөд, нөгөө гараар төслөө царцаасан
Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэн
2015.03.27

Нэг гараараа зээл өгөөд, нөгөө гараар төслөө царцаасан

Төрийн бодлогыг эсэргүүцэгч “Хурган дарга” нарт их учир байна   

Орон сууцны борлуулалтын уналт барилгын салбарын зах зээлийг хумихад хүргээд байгаа билээ. Гурван жилийн өмнөөс эрчимтэй хэрэгжсэн “Барилгын материалын үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 2013 онд 50 гаруй бетон зуурмагийн үйлдвэр шинээр ашиглалтад оруулж, төрөөс 140 тэрбумын хөрөнгийн зээлийг олгосон.

2014 онд мөн өдий хэмжээний зээлийг 32 компанид өгсөн ч тэдгээр компаниудын материалууд эзнээ хүлээн үйлдвэрийн хашаан дотор өрөөстэй байгаа ажээ. Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,  “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Танайх барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн үйлдвэртэй томоохон компани. Барилгын салбарын өнөөгийн байдал, зах зээлийг хэрхэн дүгнэж байна вэ. Барилгын материалын борлуулалт хэр байна?

Манай компани 2012-2013 онд 6,8 тэрбумаар тоологдох материалыг үйлдвэрлэж байсан бол 2014-2015 онд 3,2 тэрбум болтлоо хоёр дахин буурчихаад байна.

Өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд барилгын материал үйлдвэрлэлийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр төр засгийн бодлого хэрэгжиж, засгийн газрын тогтоол гарсан боловч Худалдан авах ажиллагааны газар болон бусад агентлаг, газруудыг бодлогыг хэрэгжүүлэхдээ “эсрэгээр” нь явуулсан.

"Ган хийц" ХХК-ийн барилгын материал үйлдвэрлэл

Үүнээс болоод барилгын материал үйлдвэрлэлийн салбарт алдаа их гарсан.

-Ямар алдаа гаргасан юм бэ?

Өнгөрсөн 2013 оноос монголын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж техник технологийн асуудлыг шийдэхээр 130 тэрбум төгрөгийг 32 компанид зээлээр өгчихсөн мөртлөө нөгөө гараараа 257 барилгын ажлыг зогсоож царцаасан.

Ингээд л барилгын ажил мөнгөгүй болчихоор материал нь борлогдохгүй болчихож байгаа юм. Тэгээд л төр нь өөрөө барилгынхаа компанийг унагаагаад байдаг байхгүй юу.

Түүнээс гадна дотоодын зах зээлээ хамгаалсан бодлого дутагдалтай байна.

Жишээлбэл гадаадаас авдаг байсан бүх төрлийн металл хийц, эрчим хүчний тулгуур, бүх төрлийн вакум цонх, сендвич хавтанг дотооддоо үйлдвэрлэж байхад Хятадаас оруулж ирэхийг нь болиулах, эсвэл монголд байгаа үнээр татвар ногдуулдаг болох хэрэгтэй.

Эцсийн дүндээ Монголчууд л хохироод үлддэг. Буух эзэнтэй буцах хаягтай дотоодйн үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнээ авах нь олон давуу талтай. Хэрвээ бүтээгдэхүүн чанаргүй байгаад асуудал үүсвэл хариуцлага тооцох боломжтой. Гэтэл хараад байхад Эрээнээс хямдхан сендвичэн хавтан авч өөрсдөө барилга барьчихаад шатсаны дараа нь харамсч суудаг дүр зураг их дэлгэрээд байгаа.

Энэ бол хямдханаар юм хийх гэсэн хүмүүсийн алдаа.

-Төрөөс авсан зээлээ хэрхэн төлж байна вэ. Материал үйлдвэрлэгчдийн ямар бүтээгдэхүүн нь борлогдохгүй байна?

Бүсээ чангал гэсэн болохоор чангалаад л төлж байгаа. Гэхдээ манайх гэхэд 33 жил үйл ажиллагаа явуулсан тулдаа тогтвортой ажиллаж чадаж байна. Бусад нь яаж байгааг сайн мэдэхгүй.

Хэрвээ Монголын төр ухаалаг юм бол хийсэн алдаагаа засах хэрэгтэй. Барилгын материал үйлдвэрлэл борлогдохгүй байгаа юм чинь яах юм бэ. Аж ахуй нэгжийн гадаа борлогдоогүй материалууд өрөөстэй л хэвтэж байна.

Барилга барих хөрөнгө оруулагч нар ч багасчихсан, эдийн засаг хүнд үед орон сууцны үнэ өдрөөс өдөрт унаж байгаа.

Яг ний нуугүй хэлэхэд барилгын салбарт хөрөнгө оруулья гэсэн компани байхгүй. Өнгөрсөн жил ашиглалтад орсон Хөтлийн цемент шохойны үйлдвэр 1 тонн цементээ 143 мянган худалдана гэж байхад Хятадууд нэг тонныг нь 118 мянгаар зарна гээд Эрээнд зарлал тавьчихсан.

Бетонон шон

Импортын цементүүдийг оруулахгүй байх тал дээр анхаарахгүй бол Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн цемент хэнд ч хэрэггүй болно. Үйлдвэр байгуулж, 17 тэрбум төгрөгийг улсаас авсаны хэрэг гарахгүй. Дотоодын зах зээлээ хамгаалах бодлогыг явуулах хэрэгтэй.

Бүр хориглодоггүй юм аа гэхэд монголын зах зээлд байгаа үнээр нь НӨАТ татварыг нь авах хэрэгтэй.

-Энэ үеийг танай компани ямар бодлого баримталж байна вэ?

Өөрийн бодлогоор явж байгаа. Ямартай ч ажилчаа ажлын байрнаас салгалгүйгээр зохицуулахыг хичээж байна. Үйлдвэрлэсэн материалын хувьд үнийн хямдрал зохион байгуулна.

Ган хийц компани зураг төслөө боловсруулахаас эхлээд хаалга цонхоо өөрсдөө үйлдвэрлэж өөрдөө барилгаа барьдаг. Бүх шат дамжлагыг эхнээс нь дуустал нь өөрсдөө хариуцаж үйлдвэрлэдэг. Барилгын салбарт 33 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жил ойгоо тэмдэглэнэ.

33 жилийн өмнө байгуулагдсан үйлдвэрийнхээ техник технологио шинэчилж, ахуй орчноо сайжруулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилготой ажиллаж байна.

-Танай барилгын материал үйлдвэрт борлогдохгүй байгаа ямар бүтээгдэхүүн байна?

Эрчим хүчний тулгуур. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь “Өдрийн сонин” дээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 11 метрийн урттай 340 гуалин модыг байгалиа сүйдэл гэж тендер зарласан байна лээ. Гэтэл манайд эрчим хүчний 9 метрийн урттай 200 ширхэг бетонон тулгуур байна шүү дээ.

Доод албан тушаалын дарга нар “Хятад” нь хямд гээд авчихдаг.

Гэтэл байгалиа сүйдлээ гээд мод тайрах тендер зарлаж байдаг. Төр ийм тэнэг зүйл хийж болохгүй.

-Төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгч нараас авахуулах тогтоол гарсан байдаг шүү дээ?

Дээд дарга нар ингэж хэлдэг мөртлөө доод, дунд дарга нар нь гаднаас авчихдаг байхгүй юу. Ерөнхий сайдын 93-р захирамжийн дагуу бол дотоодын бтээгдэхүүнд давуу эрх олго гэсэн байдаг ч хэзээ ч хэрэгждэггүй.

Доод албан тушаалын дарга нар “Хятад” нь хямд гээд авчихдаг. Доод тушаалын гүйцэтгэх засаглал дээр байгаа дарга нарт маш их буруу байгаа.

-Ярилцсанд баярлалаа.