“Байшин үйлдвэрлэх комбинат” жилд  200 мянган ам метр барилга барина
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр “Монгол элс”, “Гранд таур”, “Жи Эс Дорнын цас” компанийн барилгын материалын үйлдвэртэй танилцлаа.
2014.07.31

“Байшин үйлдвэрлэх комбинат” жилд 200 мянган ам метр барилга барина

Засгийн газраас орон сууцны үнийг бууруулах зорилгоор барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа.

Уг бодлогын дагуу барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид 160 тэрбум төгрөгийн зээлийг олгосон билээ. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр дээрх зээлийн зарцуулалт хэр үр дүнтэй байгаатай танилцахаар 22-ын товчоо орчимд байрлах барилгын материалын гурван үйлдвэртэй танилцлаа..

Эхний үйлдвэр нь угсармал байшингийн үйлдвэр буюу “Монгол Элс” компани байв. Энэ үйлдвэр өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 4000 ам.метр ханы хавтан үйлдвэрлэжээ.

Тус үйлдвэрийн онцлог нь жилийн дөрвөн улиралд суурин ажиллах боломжтойн дээр гурван давхар амины орон сууцны ханыг гурваас дөрвөн хоногийн дотор барьж дуусгах хүчин чадалтай юм байна.

“Тус үйлдвэр нийтдээ хоёр тэрбум төгрөгөөр боссон ба төмөр карказ болон угсарсан ханыг барилгын комланиудад нийлүүлэх боломжтой’’ хэмээн ажилчид нь ярьж байсан юм.

Ц.Баярсайхан сайд үйлдвэрийн захирлаас яг одоо тулгамдаж буй асуудлын талаар тодруулахад, “Европоос шинэ технологийн стандартыг нэвтрүүлэх хүсэлтэй” байна гэв. “Монгол Элс” компанийн захирал Я.Азжаргалбаяр “Бид нэг сарын дотор хүүхдийн цэцэрлэг ч барих боломжтой.

Хуурай технологиор хийдэг учир өвөл ажил зогсохгүй” хэмээв. Тус компани амины орон сууцны ханы хавтан олныг үйлдвэрлэж Жигжид, Яргайт гэх мэт газруудад гурваас дөрвөн давхар байшингуудыг захиалагчийн хүсэлтээр барьсан. Одоогоор 10 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ. Барилга, хот байгуулалтын сайдын танилцсан дараагийн үйлдвэр бол “Байшин үйлдвэрлэх комбинат” байлаа.

Тус үйлдвэр нь хана, шал, цонх, доторлогоо гэх мэт байшинд хэрэглэх гол материалуудыг үйлдвэрлэх ажээ. Үйлдвэрлэл хариуцсан ерөнхий захирал Н.Лхамсүрэн “Бид 100 хувь Германы тоног төхөөрөмжийг оруулж ирсэн.

Технологийг нь оруулж ирсэн Герман улсын “Weiter” барилгын компани нь барилгын бүхий л материалыг үйлдвэрлэдэг дэлхийд 32 салбартай байгууллага. Бид энэхүү тоног төхөөрөмжийг ашиглан 150 хүний ажлын байрыг бий болгох үйлдвэр барьж байна. Мөн энэ салбарын зах зээлийн 5-7 хувийг хангах боломжтой” гэв.

Тус компанийн зорилго нь ажлын байр бий болгох, барилгын үйлдвэрлэлийг аль ч улиралд явуулах юм. Үйлдвэрийн удирдлагууд энэ үеэр зээлийн хүүгийн бодлогоо эргэж харж өгөхийг хүссэн юм. Учир нь, үйлдвэрлэл эрхлэхэд зээлийн хүүгийн дарамтад орохоос сэргийлэх шаардлагатай байгаа гэсэн.

Мөн одоогийн байдлаар 75 хувийн явцтай байгаа тус үйлдвэр нэмж 10 орчим тэрбум төгрөгийг хөнгөлөлтэй зээлээр авах хүсэлтэй байгаагаа ч хэллээ. Үйлдвэрлэсэн байшингийнхаа нэг ам.метр талбайн үнийг аль болох зах зээлийн үнээс доогуур байлгахаар төлөвлөж байгаа ажээ.

Үйлдвэрийн ажил нь өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сард нээлтээ хийх юм байна.

Тэд үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилийн 200 мянган ам.метр талбайгаар төлөвлөжээ.

Хотоос нэлээн зайтай орших хөнгөн блокны үйлдвэр нь ашиглалтанд ороод удаагүй байгаа ч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.

“Дорнын Элс” компанийн захирал А.Амартогтох олон шат дамжлага бүхий урт барилгыг дотор талаас эхлэн танилцуулж эхлэв. Зуурах-хөөлгөх-жигнэх-хэвлэх-савлах гэсэн шат дамжлагын дагуу блокоо үйлдвэрлэдэг юм байна. “Хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвараар блокоо үйлдвэрлэдэг” гэдгээ онцолж байлаа. Энэ үйлдвэр одоо туршилтын үе дээрээ яваа гэхэд их хэмжээний блок үйлдвэрлэсэн байлаа.