Солонгосын компаниуд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчаар оролцож болно
УИХ-ын дэд дарга М.Энхболд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ ёл тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Жу Тэ ёл УИХ-ын дэд даргыг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү уулзалт чухал хэмээн онцлов. М.Энхболд дарга Монгол Улсад айлчилж, хамтарсан хорооны анхдугаар хуралдаанаа хийж буйд баяртай байна гээд Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн төвшинд бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.
Мөн БНСУ-ын томоохон компаниуд Монголд бүтээн байгуулалтын төслүүдэд оролцож байгааг цохон тэмдэглэж, цаашид Өмнөд Солонгосын компаниуд гүйцэтгэгчээр бус хөрөнгө оруулагчаар оролцох нь харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа болно гэдгийг онцлов. Монголын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой алхмууд хийж буй.
Засгийн газраас эдийн засаг болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг УИХ чуулганы хуралдаанаар хэлэлцэж шуурхай баталж байгааг гаднын төлөөлөгчид анхааран ажиглаж байгаа аж. Түүнчлэн хоёр орны хооронд Монгол Улсын иргэний агаарын тээврийн МИАТ ХК, БНСУ-ын агаарын тээврийн “Корэйн эйр" компани нислэг хийж байгаа. Цаашид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар-Бээжин- Жэжү чиглэлийн нислэг үйлдэх саналтай байгаа аж.
Үүнийг Өмнөд Солонгос улсын талаас судлан үзэж, дэмжиж ажиллахыг манайхаас хүслээ. БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсныг онцлоод цаашид дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, хот төлөвлөлт зэрэг салбар чиглэлд тодорхой, үр өгөөжтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болохыг тэмдэглэв.
Тиймээс БНСУ-ын зүгээс монгол иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах талаар цаашид ч анхаарч дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг тодрууллаа. Уулзалтад Өмнөд Солонгосоос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро, Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Жон Бён Гвон болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.