Эдийн засгийн өршөөлийн хуулиар асуулга хүргүүлэв
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.03.23

Эдийн засгийн өршөөлийн хуулиар асуулга хүргүүлэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт асуулга хүргүүлжээ.

Тэрээр уг хуулийн төсөл шударгаар тайлангаа мэдүүлж, хяналт шалгалтад орсон аж ахуйн нэгжүүдэд огт хүртээлгүй харин татвараа нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн этгээдүүдэд хамааралтай хууль болохоор байгааг шүүмжилжээ. Тодруулбал, уг хуулийн төслийн зарим заалт татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөх агуулгатай байгааг онцолсон байна.

Харин үүний оронд бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж, хяналт шалгалтад хамрагдаж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан, хэрэг үүсгэгдсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэхийг шаарджээ. Мөн тэрээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн эдийн засгийн өршөөлийн хуулиар нийт хэчнээн иргэн, аж ахуйн нэгжид өршөөл үзүүлэхээр байгааг нэрсийн жагсаалтын хамт гаргах, 2012-2014 онд хийгдсэн нийт татварын шалгалтын тайлан мэдээ, торгууль, тавигдсан актын дэлгэрэнгүй мэдээлэл, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргах, НӨАТ-ын хуурамч падаантай холбоотой актын мэдээлэл, түүнийг төлж барагдуулсан байдлын тухай холбогдох баримтуудыг нэгтгэн УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүссэн аж.

Түүнчлэн эрүүгийн хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг өршөөлд хамруулж байгаа атлаа захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй байхаар хуульчилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ нь цаашлаад аливаа төрлийн бүртгэл, тайлан мэдээг үнэн зөвөөр гаргахаас зайлсхийсэн хууль бус үйлдлийг өөгшүүлэх нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүйг сануулжээ.