З.Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна.
2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр. Ням гараг
УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзав.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток уулзалтын эхэнд, Эрхэмсэг ноён З.Энхболд та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байна. Манай хоёр орны харилцаа бүхий л салбарт хөгжиж байна. Өнөөдөр Ханновер хотноо нээлтээ хийх гэж “CEBIT” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажлыг хариуцахын зэрэгцээ цаашид цар хүрээг улам өргөжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Дэлхий даяар алдартай үзэсгэлэн яармагт тооцогддог “CEBIT” үзэсгэлэнд энэ жил 70 гаруй орны 3300 компани оролцоно. Энэхүү үзэсгэлэн нь соёл боловсрол гээд бүх салбарт ач холбогдолтой арга хэмжээ хэмээн онцлов. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, ХБНГУ-ын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотоос айлчлалаа эхлүүлж байгаадаа баяртай байна. ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш орны нэг. “Себит” Олон улсын мэдээллийн технологийн томоохон үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно. Олон улсын болон дотоодын олон арван үзэсгэлэнг зохион байгуулдаг гол төвийн нэг болох Ханновер хотод зочилж буйдаа баяртай байна. Монгол Улс саяхан Берлин хотод болсон “ИТБ-2015” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцсон гээд, цаашид хоёр орны олон талт харилцаа тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо их буйг онцлон тэмдэглэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Штефан Вайл: Ардчиллыг хөгжүүлэх амаргүй давааг тэмүүлэлтэй зорилгоороо даван туулсан Монголын ард түмэнд баяр хүргэх нь зүйтэй
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайлтай уулзалт хийв.
Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайл уулзалтын эхэнд, “СЕВIT” мэдээлэл технологийн үзэсгэлэнг ХБНГУ зохион байгуулснаар манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэгийг хэлэх нь зүйтэй. Доод Саксон муж нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ ХБНГУ-д нэгд, харин газар нутгийн хэмжээгээрээ хоёрт, хүн амаараа дөрөвт ордог. Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэхэд гаргасан ололт амжилтыг ХБНГУ өндрөөр үнэлдэг гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
Тогтвортой ардчилсан нийгмийг эх орондоо цогцлуулна гэдэг бол амаргүй даваа. Энэхүү хэцүү давааг тэмүүлэлтэй зорилгынхоо ачаар даван туулж чадсан та бүхэнд баяр хүргэмээр байна. Мөн УИХ-ын дарга таны айлчлалын бүрэлдэхүүнд орсон гишүүд бүх намын төлөөллөөс бүрдсэн нь үнэхээр ардчилсан ёсонд нийцсэн бөгөөд манай улсын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийвэл бид энэхүү тэнцвэртэй зарчмыг баримтлах болно гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Европ дахь манай улсын гол түнш бөгөөд иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй Монгол, Германы харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж байна. Бид ХБНГУ-тай зөвхөн ардчилсан нийгэмд шилжсэн хугацаанд бус харин түүнээс өмнө манай хоёр улс идэвхтэй харилцаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн түүх бий. Түүхээс харвал, 1920 оноос эхлэн ХБНГУ-д олон залуусыг сургаж дээд боловсрол эзэмшүүлж байсан гэдгийг онцлов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов.
Дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток үг хэллээ.
Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр. Даваа гараг
УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземанн Монгол Улсын Их Хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Доод Саксон муж улсын Парламентын байрыг танилцуулав. Доод Саксон мужийн парламент 137 гишүүнтэй болохыг танилцуулан, Доод Саксон мужийн парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг хүссэн юм.
Мөн тэрээр, УИХ-ын дарга З.Энхболд Доод Саксон муж улсын Ерөнхий Сайд Штефан Майлтай уулзах үеэрээ зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбар тэр дундаа хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга “CeBIT-2015” үзэсгэлэн болон "Фольксваген" машины үйлдвэртэй танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнд тавигдсан мэдээллийн технологийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцав. “Германы үзэсгэлэн яармаг” ХК-ийн ТУЗ-ын гишүүн А.Грүхов Улсын Их Хурлын даргыг угтан авч үзэсгэлэнг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “CeBIT-2015” үзэсгэлэнгийн үеэр шинэ технологийн шийдлийг танилцуулж буй E-Government хамгийн орчин үеийн технологийн шинэ санаа, Full ID Governance цахим үнэмлэхний хамгийн сүүлийн үеийн ухаалаг хувилбар, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудад санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Datev public service-ийн үйл ажиллагаа, “Fraunhofer” компанийн “Smart rural areas” төсөл, ХБНГУ-ын хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн салбарын машин, механизм үйлдвэрлэгч CLAAS брендийн олон үйлдэлт трактор /мэдрэгчийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулдаг/ болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдтэй тус тус танилцав.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга Германы машин үйлдвэрлэгч Фольксвагены үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр өдөрт 750 ширхэг Фольксваген T-5 загварын микроавтобусыг үйлдвэрлэдэг бөгөөд тус машиныг хэрхэн үйлдвэрлэдэг тухай процессыг шат дамжлаг бүрээр танилцууллаа. Энэхүү Фольксвагены микроавтобусыг нэг жилд ажлын 220 хоногт тасралтгүй үйлдвэрлэдэг байна.
2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр. Мягмар гараг
Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхав
Монгол Улсын Их Хурлын даргад ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхав.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел уулзалтын эхэнд "Хоёр орны хамтын ажиллагаа бүх салбарт хөгжиж байна. Монгол-Германы хамтарсан Технологийн Их сургууль танай улсад байгуулагдсан байна. Ашигт малтмалын салбарт хамтарч байгаа хоёр орны харилцаанд аль аль талын ашиг сонирхлыг харгалзсан хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Таны туйлын шахуу хөтөлбөрийн нэг бага хэсэг нь миний уулзалт болж байгаа бөгөөд танай улстай хамтран ажиллах, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх чин хүсэлтэй байдгаа илэрхийлье" гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Монгол Улсын гадаад бодлогод ХБНГУ онцгой байр суурийг эзэлдэг. Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Герман улс тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Ашигт малтмалын хэлэлцээрийн дагуу байгуулсан ажлын хэсэг, эдийн засгийн хороо зэрэг механизмууд нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахад чухал юм. Таны хэлсэнчлэн ашигт малтмалыг боловсруулж гаргах нь манай Засгийн газрын гол зорилт байгаа" гэлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийлээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт хэлэхдээ, таны айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэх, нэгэнт тогтсон хамтын ажиллагааг дүгнэх боломж олгож байна. ХБНГУ-д болсон “IBT” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон нь ач холбогдолтой байлаа. Миний бие Монгол Улсад 10 гаруй жилийн өмнө айлчилж байсан. Манай хоёр орны парламентын түвшний айлчлал их байдаг нь хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлсээр байна гэдгийг онцлов. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд уулзалтын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байна. Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархлаа илэрхийллээ.
Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд бараалхав.
Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд УИХ-ын даргыг Райхстагийн ордонд угтан авч, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа.
УИХ-ын дарга З.Энхболд Конрад- Аденауэрын санд зочлон, Ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдэвт бага хуралд оролцов. УИХ-ын даргыг Конрад- Аденауэрын санд хүрэлцэн ирэхэд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс угтан авлаа. Мөн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга М.Грунд үг хэлж арга хэмжээг албан ёсоор нээсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд Конрад- Аденауэрын санд илтгэл тавьсны дараа ХБНГУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр. Лхагва гараг
УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхав
УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхав.
Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн, УИХ-ын даргын айлчлал амжилттай үргэлжилж буйд баяр хүргээд уулзах боломж гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд, "Саяхан ХБНГУ-д зохион байгуулагдсан “ITB-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон нь ихээхэн ач холбогдолтой байв. Хоёр орны хоорондын өндөр дээд түвшний улс төрийн харилцаанаас үүдэлтэйгээр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн агуулгатайгаар хөгжүүлэх шаардлага байна. Хоёр улсын иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын зорчих тэр дундаа визний асуудал чухалд тооцогддог. Өнөөдрийн байдлаар дипломат паспорттай иргэд ХБНГУ руу визгүй зорчиж байгаа. Цаашид албан паспортоор ХБНГУ руу визгүй зорчих асуудлыг шийдвэрлэж, энэхүү ажлыг одоо ажил хэрэг болгох хэрэгтэй байна" гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав
ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген уулзалтын үеэр, хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдгаа илэрхийлсэн.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод, тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестагийн гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.