Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2015.03.11/ Төрийн ордын Б танхимд эхэллээ.
Улсын Их Хурал ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Засгийн Газраас өргөн барьсан уг төслийг боловсруулах хүрээнд хийж буй дөрөв дэх хэлэлцүүлгийг энэ удаа Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэлцүүлгийг нээсэн. Тэрбээр, Засгийн газраас 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар, нэгдүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн хэмээгээд Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.
Түүний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн захирал Б.Болдбаатар үг хэлсэн. Б.Болдбаатар, тус хуулийн төслийг боловсруулахад Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013 оноос хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэг өндөр хувь нэмрээ оруулж буйг онцлоод төслийн талаар товч танилцуулсан. “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төсөл нь Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг тэрбээр тодруулж хэлсэн.
Тус төслийн зүгээс хуулийн төслийг боловсруулж эхлэхээс нь дэмжиж, зөвлөх баг, судалгаагаар хангах, олон нийтийн оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулсаар иржээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн захирал Б.Болдбаатар, хуулийн төслийг судалгаа, шинжилгээнд тулгуурлан боловсруулах, иргэд олон нийт, мэргэжлийн болон сонирхлын бүлгүүдээр хэлэлцүүлэх, зөвшилцөх нь хууль амьдралд хэрэгжих, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, бодитой үр нөлөө гарах боломжийг бий болгодог гээд өнөөдрийн хэлэлцүүлгээр эдгээр ажлыг журамлан зохицуулах асуудлыг хөндөж байгаагаараа Монгол Улсад цааш цаашдаа батлагдан гарах, биднийг хөгжил дэвшилд хөтлөх үүрэгтэй хууль тогтоомжийг чанартай, үр нөлөөтэй болгоход чухал ач холбогдолтой юм хэмээлээ.
Дараа нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгын талаар мэдээлэл хийсний дараа үндсэн хэлэлцүүлэг эхэлсэн юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, судлаач эрдэмтэд, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байгаа бөгөөд “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль батлах процесс”, “Хуулийн төслийн магадлан шалгалт”, “Хуулийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоо”, “Хуулийн төсөл боловсруулах техникийн шаардлагууд”, “Хуулийн хэрэгжүүлэлт, хэвлэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ” сэдвээр илтгэлүүд тавьж, оролцогчид асуулт асуун, саналаа хэлсэн. Мөн хуулийн төслийн талаар Монголын хуульчдын холбоо, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэлцүүлгийн төгсгөлд байр сууриа илэрхийлэх юм