Ховд аймгийн Манхан суманд ажиллалаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.03.03

Ховд аймгийн Манхан суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар нар сар шинийн өмнө Ховд нутгаас төрөн гарсан Улсын сайн малчдад шагнал гардуулсан. 

Мөн энэ үеэр зарим сумдаар орж иргэдтэй уулзалт хийсэн. Тухайлбал, Манхан сумын иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцаж, ЕБС-д хими, физикийн иж бүрэн лабораторийг гардуулан өгсөн юм.

 Цаг давчуу явж байгаа ч БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар Манхан сумын бага, дунд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад амжсан.  Эхний ээлжинд Манхан сумын “Шувуухай” цэцэрлэг дээр ажилласан.   Тус суманд ганцхан цэцэрлэг байдаг.  Эднийх 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 150 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байна. Сумын нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 400 хол давсан гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа.  Тиймээс жил болгон гэр цэцэрлэг ажиллуулдаг байна.  Гэхдээ гэр цэцэрлэгийн хувьд хүрэлцээ муу гэдгийг багш нар хэлж байсан юм.  Гэр цэцэрлэгийг анх 2002 оноос эхлүүлж ажиллуулсан байна.  Түүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэгдсэн ч хүрэлцээ муу байдаг байна. Ерөнхийдөө зундаа гурван гэр цэцэрлэг ажиллуулдаг гэдгийг хэллээ. Үүнд салбарын сайд анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэлсэн. 

  Түүнчлэн хүүхдийн анги дүүргэлт гол асуудал болж байгаа хэдий ч хүүхдийн тоглоомын асуудал бас тулгараад байгаа аж.  Эцэг, эхчүүдийн дэмжлэгээр хүүхдийн тоглоомыг жил болгон баяжуулдаг байна. Гэхдээ хүүхдийн тоглоом дутуу гээд цэцэрлэг нь хоосонгүй юм аа.  Чадварлаг багш нарын гараар бүтээсэн монгол ёс заншлыг харуулсан тоглоомууд илүүтэй харагдсан.  Багш нарын хэлж буйгаар “бид ардын уламжлалт тоглоомуудаа илүү баяжуулахыг хичээдэг” хэмээн онцолж байсан юм.  Үүнээс гадна тус цэцэрлэгийн 70 хүүхэд сумандаа өөрсдийн тоглолтыг хийсэн байна.  Ингэхдээ дэлхийн сонгодог аяуудыг чадварлаг тогложээ.  Удахгүй аймагтаа тоглолтоо хийхээр бэлдэж байгаа аж.  Гэвч  тоглолтыг хийхэд хөгжмийн зэмсэг дутагдалтай байгааг салбарын сайдад уламжиллаа.

Цэцэрлэгийн хоол ундны хувьд ямар ч асуудалгүй гэнэ.  Учир нь Манхан сум нь сүү цагаан идээ, чацаргана, мах махан бүтээгдэхүүний хангалт сайн байдаг байна.  Ховд аймгийн хэмжээнд нийт 28 цэцэрлэг байдгаас Манхан сумын цэцэрлэг үйл ажиллагаа, амжилт бүтээлээрээ эхний тавд ордог ажээ. Энэ үеэр Боловсролын дэд сайд “Бид хүний хөгжлөө илүүд үзэх нь чухал. Тиймээс сургуулийн өмнөх боловсролд илүү анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Газар дээр нь ажилласан сайдын хувьд тодорхой асуудлыг шийдэхээр хэллээ.

Үүний дараа сумын Соёлын төвд иргэдтэй уулзалт хийлээ.   Уулзалтын үеэр иргэд нэг л асуудлыг илүүтэй тавьж байлаа.  Тодруулбал, Монгол Улсын баруун хязгаар Ховд нутагт мал төллөлт бусад аймгуудаас арай эрт буюу гуравдугаар сарын эхээр эхэлдэг байна.  Харин ЕБС-ийн сурагчийн амралтыг гуравдугаар сарын сүүлээр олгодог нь хүндрэлтэй байдаг аж. 

Сурагчид хаврын амралтаараа мал төллүүлж гэрийхэндээ туславал сайн сан гэдгийг ихэнх малчид хэлж байгаа юм.  Тиймээс мал төллөлт, сурагчийн амралтыг хооронд нь уялдуулах талаар БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатараас тодруулж байсан юм.  Энэхүү асуултад сайд хариулахдаа “ЕБС-ийн сурагчийн амралтыг нэгдсэн журмаар баталсан.  Харин зарим аймгуудын мал төлөлттэй уялдахгүй байгааг ойлгож байна. 

Гэхдээ үүнийг аймгийн Засаг дарга шийдэж болно.  Гэхдээ хичээлийн агуулга хөтөлбөр алдагдуулахгүй зохицуулах ёстой.  Ер нь үүнд анхаарах хэрэгтэй.  Цааш уламжлъя” гэлээ.  Түүнчлэн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг сэргэх боломж байна уу гэж асууж байв.  Мөн “Самурай, “Чингис” бондын мөнгөнөөс хэд үлдсэн гэдгийг лавлах хүн цөөнгүй байлаа. Үүнээс гадна өндөр настнуудын тэтгэврийн зээлийг хүүг бууруулж өгөхийг ахмадууд хүсч байв.  Харин залуучууд сурагчийн хүүхдийн дүрэмт хувцас чанар мууг шүүмжилж байсан юм.