Уул уурхайн сайд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллав
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хөдөө орон нутагт хийх ажлын анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэллээ. Уул уурхайн сайдын томилолтын багт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй болон албаны бусад хүн багтсан юм. Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайг монголын хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлсон. Тиймдээ ч энэхүү салбарт Засгийн газар ихээхэн анхаарал хандуулан ажиллаж буй. Уул уурхайд нэгд, аюулгүй байдал, хоёрт байгаль орчинд ээлтэй, гуравт харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажилладаг.
Томилолтын маршрут Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, Катодын зэсийн “Эрдмин” ХХК, “Хөх ган” компани болоод Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн үйл ажиллагаатай танилцах байв.
Д.Ганхуяг сайдын эхний очсон газар Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” ХХК байлаа. Тус үйлдвэр нь дэлхийн зах зээлийн зэсийн баяжмалын гурван хувийг, молибденийн баяжмалын нэг хувийг дангаараа үйлдвэрлэдэг. “Эрдэнэт” үйлдвэр 2011 онд 1,2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, үйлдвэрийн цэвэр ашиг 294,6 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн жилд улсын болон орон нутгийн төсөвт 555,5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Тус үйлдвэрийн дарга Ч.Ганзориг “Үйлдвэрийнхээ техник технологийн 85-90 хувийг шинэчилсэн. Тиймээс гол асуудлаа шийдсэн гэж хэлж болно. “Эрдэнэт” үйлдвэрийн насжилт 25-27 жил байна. Тиймээс үйлдвэрийнхээ насжилт, нөөц баялгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлээр хайгуул хийж жилдээ 2-4 сая ам.доллар зарцуулж байгаа. Манай үйлдвэрийн ойр орчимд өмнө нь хайгуул хийгдэж байсан ч өнөөг хүртэл ашиглаагүй байгаа ордууд бий. Энэ орд газрын лиценз хувь хүмүүс болоод компаниудын нэр дээр байдаг юм билээ. Манай үйлдвэр дээрх ордыг ашиглаад эхэлбэл үйлдвэрийн насжилт нэмэгдэнэ гэж бид үзэж байгаа” гэлээ.
Уул уурхай сайд Д.Ганхуяг ”Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын хөгжилд чухал байр суурь эзэлж байгаа. Хойшид ч гэсэн ийм байх болно. Үйлдвэрт тулгамдаж байгаа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө хамтарч ажиллах болно. “Эрдэнэт” үйлдвэр текнологийн шинэчлэлийг сайн хийсэн гэдэг нь харагдлаа. Хүдрийн агууламж багассан энэ үед сайн технологи нэвтрүүлэх нь маш чухал” гэлээ. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдмэн” компанийг зорилоо. Энэ үйлдвэрийн хувьд зэсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. Үйлдвэрийн тухайд жилдээ 2500 тн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч одоогоор нийт хүчин чадлынхаа дөнгөж 30 хувийг л ашиглаж байгаа аж. Учир нь урд хөршөөс оруулж ирсэн зэс кабелийн утсыг барилгын компаниуд түлхүү хэрэглэдэг байна. Тиймээс үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт муу байдаг талаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Ж.Баатар танилцууллаа. Уул уурхайн сайд “Хөх ган” компанийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Төв аймгийн Заамар сумыг зорьсон. Швейцарийн Тогтвортой хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа алтны бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай энэ үеэр танилцлаа. Төв аймгийн Заамар суманд гар аргаар алт олборлодог 600 орчим иргэн байдаг талаар тус сумын Засаг дарга танилцууллаа. Нинжа гэсэн нэр зүүсэн гар аргаар алт олборлогчдыг цэгцлэх үүднээс “Тогтвортой бичил уурхай” төслийг 2005 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийн хүрээнд гар аргаар алт олборлогчид нэгдэж “Энхмөнх Эргэх холбоо” нөхөрлөлийг 120 гишүүнтэйгээр байгуулжээ. Дээрх нөхөрлөлийн 50 орчим хүнийг “Мондулаан” компани олборлолт хийгээд текних хүрэх боломжгүй болсон газартаа гэрээгээр ажиллуулж байна. Ингэж гар аргаар алт олборлогчид нэгдэж нэг зохион байгуулалтад орсноор тэдний орлого тогтвортой болж, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдсэн хэмээн компанийнхан ярилаа. Бичил уурхай эрхлэгчдийг зохион байгуулагч н.Баярмаа “Биднийг одоо “нинжа” гэж дуудахаа больж “бичил уурхайчид” гэдэг нэртэй болсон талаараа сонирхуулан ярив.
Бичил уурхай эрхлэгчид, Заамар сумын удирдлага, төсөл санаачлагчид, алт олборлогч аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамтарч ажиллаж байгаа нь маш зөв нүдээ олсон шийдэл гэж хэлж болно. Түүнчлэн “Мондулаан” компани нь олборлолт явуулж дууссан даруйдаа нөхөн сэргээлтээ хийдэг талаараа танилцуулж байлаа. Д.Ганхуяг сайд хэлэхдээ “Бичил уурхайчид ингэж зохион байгуулалтад орсон нь бусад газруудад жишиг болохоор зүйл болж. “Мондулаан” компани нөхөн сэргээлтийг цаг тухай бүрт нь хийгээд явж байгааг нь харахад сайхан байна. Энэ туршлагыг бусад аймгуудад ч нэвтрүүлэх боломжтой юм байна гэсэн бодол төрж байна” гэлээ. Ийнхүү “Мондулаан” компани болон нөхөрлөл болон тэнд ажиллаж байгаа гар аргаар алт олборлогчид салбарын сайдаас “онц” дүн авлаа.