Ерөнхийлөгчид зориулсан Үндсэн хууль
Гуравдугаар сарын 29 нд Узбекистаны ерөнхийлөгчийн сонгууль болно. Саяхан сөрөг хүчин сонгуулийн санал хураалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах санаачлага дэвшүүлэв. Тэдэнд үүнээс өөр сонголт байхгүй. Яагаад гэвэл одоогийн ерөнхийлөгч Ислам Каримов амьд байгаа цагт сонгуульд жинхэнэ утгаар өрсөлдөх боломж тэдэнд олдохгүй. Сонгуульд оролцлоо ч ялагч тэртэй тэргүй тодорхой. Нөгөө л Каримов.
Каримов Узбекистаны ерөнхийлөгч болоод 25 жил болж байна. Энэ удаа дахин сонгогдсоноор 30 жил болно. Анх 1991 онд ерөнхийлөгч болж 2000, 2007 онд дахин сонгогдсон. Энэ удаа тэр дөрөв дэх удаагаа нэр дэвших бодолтой байна. Гэтэл Узбекистаны Үндсэн хуулиар зөвхөн хоёроос илүүгүй удаа дараалан сонгогдох ёстой. Чухам ямар аргаар Каримов эцэг хуулийн дээр гараад суучихав гэдэг их сонирхолтой.
Каримовын анхны бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн бүх ард түмний санал хураалт явагдаж түүний бүрэн эрхийг 2000 он хүртэл сунгасан байна. Харин санал хураалтын дараахан Каримов сонгуульд ялж дахин таван жилээр сонгогджээ. Гэвч хоёр жилийн дараа дахин санал хураалт явагдаж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоо болгов. Ингэснээр онолын хувьд Каримов долоон жилийн хугацаатай хоёр удаа сонгогдох боломжтой болов. Тиймдээ ч 2007 онд Каримов дахин ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Эцэст нь 2011 онд Үндсэн хуулиндаа дахин өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн бүрэн эрхийг буцаагаад таван жил болгов. Ингэснээр Каримов нэг ёсондоо ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдээ тэглэж, дараагийн Үндсэн хуулийн өөрчлөлт болтол шинэ ерөнхийлөгчийн хувиар багаар бодоход дахин хоёр удаа сонгогдох нөхцөл бүрдэв. Үлдсэн таван жил 77 настай түүний хувьд сүүлчийнх болж магадгүй ч Үндсэн хуулиасаа ч илүү томорсон Каримов өөр бодолтой байна.
Узбекистан улс өөрийгөө дэлхий дахинд олон ургальч үзэлтэй ардчилсан орон гэж сурталчилдаг. Тиймээс сонгууль болгонд ямар нэгэн өрсөлдөгч олох хэрэгтэй. Каримовтай жинхэнэ утгаараа өрсөлдөж чадсан хүн бол 1991 онд ерөнхийлөгчид нэр дэвшсэн, эдүгээ гадаадад дүрвэн гарсан, улс төр нийгмийн зүтгэлтэн Мухаммад Салих юм. Салих тэр үед 12 хувийн санал авч, харин Каримов 86 хувийн санал авч байв. Түүнээс хойш Каримовд өрсөлдөгч байгаагүй гэж болно. Энэ удаа ч гарч ирэхгүй.
Узбекистаны хуулийн дагуу сонгуульд өрсөлдөх хүн нийт хүн амын таваас доошгүй хувиас гарын үсэг авах ёстой. Тиймээс сонгуулийн өмнө Каримов өөртөө өрсөлдөгч олохын тулд өрсөлдөгчдөө гарын үсэг цуглуулахад нь туслах жишээтэй. Каримов өрсөлдөгчөөр олонд танигдаагүй хэн нэгнийг сонгодог.
Гуравдугаар сарын сонгуулиар Каримов дахин ерөнхийлөгч болох нь мэдээж. Гэхдээ сонгуулийн дарааа Узбекистанд Төв Азийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц улс төрийн процесс өрнөж магадгүй гэж зарим экспертүүд үзэж байна. Хэрэв Каримовын эсрэг зогсож чадах хүчин гараад ирвэл Үндсэн хуулийг дахин өөрчилж, гучаас илүү жил ерөнхийлөгчөөр ажиллахад нь саад болж магадгүй.