Т.Цэнд-Аюуш: Компаниуд засаглалыг утгаар нь хэрэгжүүлвэл хямралыг зөв аргаар давж гарах боломжтой
СЭЗДС-ийн профессор, Компанийн засаглалын хөгжлийн төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Цэнд-Аюуш
2015.01.19

Т.Цэнд-Аюуш: Компаниуд засаглалыг утгаар нь хэрэгжүүлвэл хямралыг зөв аргаар давж гарах боломжтой

СЭЗДС-ийн профессор, Компанийн засаглалын хөгжлийн төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Цэнд-Аюуштай Монголын компани, аж ахуй нэгжүүд засаглалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.

-Компанийн засаглалыг хэрэгжүүлэх хөтөлбөр 2011 батлагдсанаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Энэхүү хөтөлбөр 2016 онд дуусна. Монголын аж ахуй нэгж, компаниуд, төрийн өмчит компаниудын засаглалын түвшин өнөөдөр ямар байна гэж дүгнэдэг вэ?

Компанийн тухай хуулинд шинэчлэлт орсоны дагуу компанийн удирдлагууд ТУЗ-ийн гишүүдийг сургалт мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж байна. Үүний үр дүнд ямар ч гэсэн эхний ээлжинд хувьцаат компаниуд ТУЗ-ийн есөн гишүүдийг томилж, хараат бус гишүүдийг сонгож, ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлын албан тушаалыг салгаж нэг хүн хашихыг больсон байна.

Мөн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын байр суурь, үүрэг ач холбогдлыг болон хурал протоколийг хөтлөх ёстойг ойлгож эхлээд байна.

-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь мэргэшсэн чадавхитай байх ёстой гэдэг. Энэ байдал хэр байгаа вэ?

Сүүлийн үеийн дэлхий нийт мэргэшсэн ТУЗ гэх чиг хандлага руу явж байна. ТУЗ гүйцэтгэх удирдлагыг хянадаг, чиглүүлдэг, чухал асуудлаа шийддэг байхын тулд хүчтэй байх ёстой. Хүчирхэг гэдэг нь өөртөө эрх мэдлийг төвлөрүүлээд, гүйцэтгэх удирдлага руу гүйж ороод байхдаа биш, ТУЗ-ийн гишүүд өөрсдөө мэргэшсэн байх ёстойг хэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хувийн компаниудын ТУЗ-ийг харахад төдийлөн мэргэшиж чадаагүй. Тухайлбал ор нэр төдий ТУЗ-ийг компаниуд байгуулчихдаг. Гол эзэн нь захирлаа хийчихээр бусад ТУЗ-ийн гишүүд нь юм хэлж чаддаггүй.

Эзнийхээ үгээр л яваад байдаг. Эсвэл ТУЗ нь өөрсдөө идэвхигүй, чадваргүй учраас гүйцэтгэх захирлынхаа аясаар явахаас өөр аргагүй болдог. Үүний үр дүнд гүйцэтгэх захирлын эрх мэдэл хязгааргүй өсч, хяналт, чиглүүлэлт алга болно.

Өнөөдөр хараат бус гишүүний үнэ цэнэ ойлгомжгүй байна гэдэг нь нэг талаараа үнэний хувьтай. Хараат бус гишүүн гэдэг нэг “нөхөр” ТУЗ-д ирж суучаад хамаг нууцыг нь сонсоод, бизнесийг нь мэдээд, чухал шийдвэрүүдийг гаргахад гол үүрэгтэй оролцоод явна гэдэг логикийг гайхаж, эсэргүүцдэг удирдлагууд, эздүүд олон байдаг. Хараат бус гишүүний үнэ цэнэ юунд оршдог вэ, түүнийг нь манай компани хэрхэн ашиглаж, өргөжин тэлж болох вэ гэдгийг эздүүд тэр бүр бүрэн утгаар ойлгож, хүлээн зөвшөөрч эхлээгүй байна.

Нөгөө талдаа эздүүдийн хүссэнийг өгөх чадвартай хараат бус гишүүд хаана байна вэ гэдэг асуудал бас бий. Ийм нөхцөлд өнөөдөр хараат бус гэхээсээ илүү итгэл найдвартай өөрийн хүнээ л ТУЗ-д оруулах хандлага хаалттай, нээлттэй, төрийн өмчит гээд бүхий л компаниуд дээр түгээмэл байна.

Хараат бус гишүүн өөрийн нэр алдар, харилцаа холбоо, мэргэжлийн ур чадвар, туршлагаараа хэрхэн компанид үнэлж баршгүй хувь нэмэр оруулж болохыг цаг хугацааны туршид аажмаар бий болох монголын компаниудын түүх харуулах биз дээ.

-Монголын компаниуд өнөөгийн эдийн засгийн хямралд эхнээсээ сөгдөж байгаа нь засаглал муутай байдал нь нөлөөлж байна гэж ойлгож болох уу. Эрсдлийн удирдлагын менежментгүй гэж харагдаж байгаа шүү дээ?

Нөлөөлөлгүй яах вэ. Ерөөсөө зөвхөн монголын компаниуд биш. Дэлхийн бусад компанийн кэйс /тохиолдол/-ыг харахад бараг хоёр сарын өмнө засаглалын мундаг шагнал авсан компани өнөөдөр хүнд байдалд орчихсон л явж байна.

Дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг дүр эсгэсэн засаглалтай компаниуд олон байдаг. Гаднаас нь харахад гоё ТУЗ-тай, гадаад дотоодын шилдэг гишүүдтэй, олон дүрэм журамтай, хурлаа цаг тухай бүрт нь хийдэг гэж харагддаг ч  яг үнэндээ энэ нь сайн засаглалын баталгаа болж байна уу гээд харахаар тэр бүр тийм байж чаддаггүй.

Гол хэмжүүр нь ил тод байдал.

 Тэнд хяналт байхгүй, хамтын шийдвэр байдаггүй. Хэрвээ засаглалыг жинхэнээсээ хэрэгжүүлсэн бол хямралд орлоо гэхэд амархан, зөв аргаар давж гарах боломжтой. Хямралын үед л компанийн засаглал ямар байсан бэ гэдэг нь илэрнэ дээ.

Бүх зүйл хэвийн байх үед жинхэнэ сайн засаглал байна уу эсвэл дүр эсгэсэн засаглал байна уу гэдгийг ялгахад хэцүү. Учир нь  сайн засаглалыг илтгэгч баримтууд, жинхэнэ шийдвэр гаргалтууд ямагт нууц, хэдхэн хүний хүрээнд явагдаж байдаг хязгаарлагдмал шинж чанартай.

-Компанийн засаглалын хамгийн чухал шинж нь мэдээллийн ил тод нээлттэй байдал гэдэг ч компаниуд мэдээллээ ил тод мэдээлдэггүй. Маркетинг, ПиАртайгаа хольж ойлгодог гэдэг?

Байх ёстой мэдээллүүд байхгүй байна гэдэг нь цаанаа асуудалтай л гэсэн үг. Сайн засаглал уу, үгүй юу гэдгийг мэдээллийн ил тод байдлаар нь л мэднэ. Гол хэмжүүр нь ил тод байдал. Өөрөөр бол хямралыг л хүлээнэ дээ.

-Төрийн өмчит компаниуд төрийн өмчит гэдэг утгаараа олон нийтэд ил тод мэдээлэл цацаж байх ёстой ч эсрэгээрээ хаалттай байдаг. Гэсэн хэрнээ компанийн засаглалыг хэрэгжүүлнэ гэдэг?

Тийм. ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүнийг буруутгахад хэцүү. Тэр хүн компанийн засаглалын мэргэжлийн эксперт биш. Төрийн албан хаагч. Тэгээд хүссэн хүсээгүй, мэдсэн мэдээгүй нэг ТӨК-ийн ТУЗ-д очдог. Мэргэжлийнхээ ажлыг хийгээд байгаа юм уу, юу хийгээд байгаа нь ойлгомжгүй.

Яг үнэндээ системээр нь өөрчилмөөр санагддаг. ТӨК-ийн үйл ажиллагааг сайжруулж, сайн засаглалтай болгож, бизнесийнх нь жинхэнэ утгаар нь ажиллуулахын тулд улс төрөөс хамаарах хамаарлыг хязгаарлах, хамаарал байх шаардлагатай бол түүнийг нь ил тод, ойлгомжтой болгох ёстой.

Гэтэл энэ нь их гүн асуудал учир зөвхөн засаглал бус, намын санхүүжилтын асуудал давхар яригдах болно. Асуудлын цаана төр байгаа учир их ярвигтай. Бид тээр доор нь үлгэр шиг юм яриад бүтэхгүй. Тиймээс эхлээд улс төрийн асуудлыг тодорхой болгож байж, ТӨК-ийн засаглал яригдана.

-Хувийн хэвшлийн компаниуд засаглалын талаарх мэдлэг мэдээлэл авч, сургалтад суухаас гадна танайхаас зөвлөгөө авдаг гэсэн. Ихэвчлэн ямар төрлийн зөвлөгөө авдаг вэ, монголын компаниудад ямар асууудал тулгарч байна?

Хувийн хэвшлийн хувьд ТӨК-ийг бодвол эздүүд нь компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэйг ойлгосон л бол хэрэгжүүлэхийн төлөө явж, идэвхитэй ажилладаг. ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүд бол зөвхөн сертификат авахын тулд л сургалтанд суудаг байх нь түгээмэл дээ.

Өрхийн аж ахуйн удирдлагаар явж ирсэн хувийн компаниуд зах зээл тэлэхийн хэрээр томрох шаардлагатай болж, өрхийн удирдлагыг хамтын удирдлага руу шилжүүлэх шаардлага тулгараад байна.

Эздүүд ч үүнийг мэдээд хэрхэн удирдлагын бүтцээ өөрчилж, өөрийг нь байсан байгаагүй хэвийн ажиллаж байх, өөрөөс нь уятай биш системийг бий болгох вэ гэдэг гарцыг хайж байна. Тэд эхлээд компанийн засаглал гэхээсээ илүүтэйгээр бүтэц зохион байгуулалтаа дахин хийх гэсэн эрэлт хэрэгцээтэй ирдэг.

Бизнесээ босгож, өдийг хүртэл авч ирсэн эздүүд өдгөө 50-60 настай болчихоор өөрсдийгөө чөлөөлөх шаардлагатай бий болж байна. Гэтэл компанийнх нь анх босгосон бүтэц нь өөр дээр нь овоорсон, өөрөөс нь гагцхүү шалтгаалсан байдалтай учраас өөрийгөө чөлөөлж чаддаггүй, бизнесээсээ холдож чаддаггүй.

Зарим эздүүд би хувийн компаниа хүүдээ өгчихнө, ийм нөхцөлд засаглал ямар ч хэрэггүй гэж ярьдаг. ТУЗ байгуулах ч хэрэгггүй гэдэг. Гэтэл засаглал бол ТУЗ байгуулах тухай асуудал биш.

Энэ нь өөрөөс чинь хамааралгүйгээр, өөрийгөө улам бүр боловсронгуй болгоод хөгжөөд явах бизнесийн бүтцийг бий болгох тухай асуудал юм.

Тиймээс та бизнесийг босгосон нэгдүгээр үеийн хүний хувьд, энтерприниор хүний хувьд бүтцээ зөв хийчихвэл дараа дараагийн үр ач нарын үед бизнес амжилттай явах нэгэн баталгаа болно гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Хамтарсан удирдлага яагаад зайлшгүй гэж?

Компани томрох, өргөжих нь тодорхой. Ийм нөхцөлд нэг хүн бүхнийг удирдан хянаад явах боломжгүй болно. Энэ үед та хүссэн хүсээгүй хүмүүт эрх мэдлээсээ хуваарилж, гүйцэтгэх захирлуудыг хөлсөөр ажиллуулах л болно. Нөгөө нэг шалтгаан бол таны үе дуусахад дараагийн үр хүүхдийн үе эхэлнэ.

Тэр үед компани гэр бүлийнхний мэдэлд шилжинэ. Ач нарын үе эхлэхэд бүр ч олон эзэмшигчид гарч ирнэ. Дээрх шгалтгаануудын улмаас хамтарсан удирдлагыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага гарч ирнэ.

Нөгөө талдаа хөрөнгө оруулалт татах, гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, олон нийтээс хувьцаа босгох зэрэг шалтгаанаар мөн л хамтарсан удирдлага руу явна.

Өөр гарц байхгүй. Дангаараа ганц хүнээр л удирдуулсан компани байна гэвэл компани томрохгүй, өргөжихгүй, өрхийн аж ахуйн хэмжээндээ үргэлж байна гэсэн хатуу зарчимтай л ажиллана гэсэн үг. Гэтэл ийм зүйлийг хүсдэг бизнесмэн бараг л байхгүй дээ.  

-Ярилцсанд баярлалаа.