Д.Төмөртогоо: Монгол судлал бол гадаад бодлогын нэг хэсэг
Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоотой ярилцлаа.
- Өнөөдөр монгол судлал дотоодод болон гадаадад ямар түвшинд байна вэ?
Монгол судлал бол Дорно дахин судлалын нэгэн бүрэлдэхүүн хэсэг. Монголыг шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй судалж эхэлснээс хойш 150 гаруй жил болж байна. Дэлхийн 20 орчим оронд монгол судлал идэвхтэй хөгжиж байна. Түүний дотроос Япон, Орос, АНУ, Унгар, Хятад зэрэг улсад түлхүү хөгжсөн, монгол судлалын төвүүд ажилладаг. Монгол судлал яг ямар түвшинд байгааг хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл Монголыг түүх, хэл шинжлэл, угсаатны зүйл гээд олон талаас нь судалдаг учраас тухайн салбараас нь хамааруулж ярьж болно.
Дотоодын монгол судлал 1920-иод оноос хөгжиж ирсэн. 1959 оноос эхэлж олон улсын монголч эрдэмтдийн хурлыг 10 удаа зохион байгуулаад байна. Энэ нь монголыг судалдаг эрдэмтдийг уулзуулж туршлага, мэдээлэл солилцоход том алхам болсон. Олон улсын монгол судлалын холбоо маань Олон улсын монгол судлалын байнгын хороо нэртэй анх байгуулагдаад 10-аад жил болсны дараа 1985 оноос өнөөгийн бүтэцтэй болсон. Уг холбоо монголч эрдэмтэд болон дэлхий дээрх монгол судлалын төвүүдийг холбох, мэдээлэл солилцох, сэтгүүл, судалгааны материал хэвлүүлэх ажлыг хийдэг. Хамгийн чухал ажил нь таван жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн монголч эрдэмтдийн хурал. Гадаадаас 350-450, дотоодоос 70-80 эрдэмтэд оролцдог. 1300 гаруй илтгэл сонсдог.
- Дотоодод монгол судлалын чиглэлээр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хэдий хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж байна вэ?
Төр засгаас монгол судлалыг хөгжүүлэхэд эрх зүйн хувьд асуудлуудыг шийдэж өгсөн. 2012 онд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталсан. Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай Ерөнхийлөгчийн санаачилгыг УИХ, Засгийн газар дэмжиж 2014 онд байгуулсан. Монгол судлалын үйл ажиллагааг зохион байгуулах, сангийн хөрөнгийг захиран зарцуулах үүрэгтэй Монгол судлалын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулсан.
Гэтэл санхүүжилтын хувьд маш хангалтгүй байна. Хөтөлбөр батлагдсан жил 300 сая төгрөг төсөвлөсөн. 2014 онд санд зориулж 700 сая төгрөг өгсөн ч хувиарлалт нь оновчтой болж чадаагүй. Түүнээс гадна сая оны өмнөхөн 400 орчим сая төгрөгийг нь буцаагаад татчихсан. Үлдсэн мөнгөөр далайцтай ажил хийх ямар ч боломжгүй. Сан байгуулагдсаны дараа өмнө нь бидний санхүүжилт авдаг байсан Шинжлэх ухаан технологийн сангаас мөнгө өгөхөө больсон. 2014 онд Ерөнхий сайдын багцаас нэг ч төгрөг өгөөгүй. 2015 онд манай холбоонд төсөвлөсөн 50 сая төгрөгийг танана гэж байна лээ. Ингэвэл энэ онд манай ажил зогсоход хүрнэ. Хэрэв бид өнөөдөр ажлаа зогсоох юм бол маргааш нь Хөх хот, эсвэл Бээжинд төвтэй монгол судлалын холбоо тэр дороо байгуулагдана. Монголын нэр хүнд унахад хүрнэ. Монголд төдийгүй дэлхийд монгол судлалыг тэргүүлж авч явах ёстой байгууллага иймэрхүү байдалтай л байна.
Би яамны сайдад хэд хэдэн удаа захидал бичсэн ч хариу байхгүй. Саяхан Ерөнхийлөгчид захиа бичлээ. Хоёр жилийн өмнө бид өөрсдийн зардлаар гадаадад явж монгол судлалыг хөгжүүлж байсан тэр байдал түр зуурын байсанд харамсаж байна.
- Хорьдугаар зуунд монгол судлалын салбар эрчимтэй хөгжсөн. Харин өнөөдөр дэлхийн хэмжээнд монгол судлалаар хийгдэж буй даацтай судалгаанууд байна уу?
Монголч эрдэмтдийн нэгэн үе өнгөрсөн ч дараагийн үе хараахан гарч ирээгүй байна. 60-80 онд дэлхийн хэмжээний монголч эрдэмтэд цөөнгүй байсан. Тэдэнтэй тэнцэх хүмүүс одоохондоо алга. Мөнгө санхүүгийн асуудлаас болж Европ, Америк дахь монгол судлалын олон жижиг төвүүд хаагдсан. АНУ-д бараг 10 орчим албан, албан бус төвүүд байсан бол одоо ганцхан Индианы их сургуулийн монгол судлалын төв үлдсэн. Бас л хүнд байдалтай. Германы Берлины их сургууль, Гумбольдтын их сургуулийн монгол судлалын төвүүд хаагдсан. Харин Боннын их сургуулийн төвийг ганц, хоёр профессорын түвшинд авч үлдэхээр болсон. Ийм маягаар барууны орнууд дахь монгол судлал уналтад орсон нөхцөлд ядаж дотооддоо монгол судлалаа олигтойхон дэмжмээр байна. Өмнө нь бид гадаадын монгол судлалыг харж судалгааных нь материалыг ашигладаг байсан бол одоо гадныхан биднээс юу гарах бол гэж хардаг болчихож.
Ази тивийн хувьд Хятад гэсэн монгол судлалын том төв байна. Судлаачдын тоогоороо ч илүү. Харин онол, арга зүйн хувьд бид тэднээс давуу талтай. Зөвлөлтөөс үлдсэн нэг сайн зүйл нь судалгааны арга зүй. Японд ч бас монгол судлал хүчтэй. 100 гаруй жилийн уламжлалтай. Дөрвөн их сургуульд монгол судлалын төв бий.
Ер нь аль ч улс орон өөрийн хэл соёлыг сурталчлахад гар татдаггүй.
Харин ОХУ-ыг монгол судлалын өлгий нутаг гэж болно. Анх 180 жилийн өмнө Казанийн их сургуульд монгол судлалын анги нээгдсэн. Дараа нь Санкт-Петербургийн их сургуульд, нэлээн хожуу Москвагийн их сургуульд, Зөвлөлтийн үед Халимагийн Элстэй, Буриадын Улаан-Үүд, Новосибирск, Эрхүү хотуудад монгол судлалын төвүүд нээгдсэн. Өнөөдөр Оросын монгол судлалын эрчим бага зэрэг буурсан.
Ер нь аль ч улс орон өөрийн хэл соёлыг сурталчлахад гар татдаггүй. Германы Гетегийн институт, Хятадын Кунзын институт гээд манайд байдаг биз дээ? Кунзын институт Африкийн орнуудад хүртэл бий. Мөн чанартаа монгол судлал бол гадаад бодлогын нэг хэсэг.
- Сүүлийн үед гадны эрдэмтэд Монголоос чухам юуг нь сонирхон судалж байна вэ?
Дэлхийн эрдэмтэд Монголыг 19 дүгээр зууны дунд үеэс сонирхож эхэлсэн. Гадаад ертөнцөөс тусгай байсан улс үндэстэн үргэлж сонирхолтой байдаг. Гадны эрдэмтдийн голлон судалдаг зүйл бол нүүдлийн аж ахуй. Хоёрдугаарт дэлхийг эзэгнэж байсан Эзэнт гүрний түүх. Түүнчлэн гэнэтхэн феодализмаас коммунизд шилжиж 70-аадхан жил болоод ардчилсан улс болсон нь бас сонирхол татдаг. Ийм нөхцөлд бид өөрсдөө гадаад нэр хүндээ өсгөхийн тулд байгаа боломжоо ашиглах хэрэгтэй байна.
Гэвч өнөөдрийн байдлаар Монголыг сонирхох байдал буурч байна. Монгол улс сүүлийн жилүүдэд нээлттэй болсонтой ч холбоотой байх. Нууцхан юм гэдэг үргэлж сонирхолтой байдаг. Эдүгээ Төвд хаалттай учраас эрдэмтэд их сонирхож байна. Сүүлийн үед хэрхэн Чингис хаан морин цэргээр Европ хүрсэн ололт амжилтыг сонирхон судлах болсон.